sonin.mn
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтын нээлтээс өмнө эмэгтэй парламентчдын хуралдаан болсон юм. Ийнхүү чуулганыг эмэгтэй парламентчдын хуралдаанаар эхэлсэн нь Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы дүрэмд өөрчлөлт оруулахаар Японы парламентчдаас дэвшүүлсэн 5 саналын нэг байв.
Тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа оролцлоо. Хуралдаанаар эмэгтэй парламентчдын нийтлэг ашиг сонирхлыг дэмжих замаар бүс нутагтаа жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг санхүүгийн зохистой эх үүсвэрээр дэмжих, боловсрол, мэргэжил, чадвар олгохыг эн тэргүүнд эрмэлзэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 17 хувьд хүрч, тэдгээр гишүүд эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэх, боловсорч хөгжих боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр тууштай бодлого, үйл ажиллагаа өрнүүлж байна хэмээн мэдээллээ. Тэрбээр Монголын эмэгтэй парламентчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалт, гишүүн орнуудын эмэгтэй парламентчдын хамтаар тогтвортой хөгжлийн нэг үндсэн тулгуур болсон жендерийн тэгш байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хүсэл зорилгоо нэгтгэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.