sonin.mn
-“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол дахь төлөөлөгчийн газрын нээлтэд оролцохоор ирж байгаа ч тэрбээр нэг бус үүрэг, зорилго өвөрлөж ирсэн болов уу. Тэрбээр Оюутолгой төслийн хэлэлцээрт хамгийн нөлөө бүхий оролцогч байсан төдийгүй монголчуудын сайн, мууг маш сайн мэддэг нэгэн гэгддэг
Дэлхийн хэмжээний төсөл гэгддэг Оюутолгойн уурхайн төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэгч, уг ордын 66 хувийг эзэмшигч "Рио Тинто" Улаанбаатарт албан ёсны төлөөлөгчийн газраа өнөөдөр нээж байна.
"Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол дахь төлөөлөгчийн газрын нээлтэд оролцохоор ирж байгаа ч тэрбээр нэг бус үүрэг, зорилго өвөрлөж ирсэн болов уу. Тэрбээр Оюутолгой төслийн хэлэлцээрт хамгийн нөлөө бүхий оролцогч байсан төдийгүй монголчуудын сайн, мууг маш сайн мэддэг нэгэн гэгддэг.
Хэдийгээр Монголын Засгийн газар, “Рио Тинто” компани нэг завинд суусан хамтрагчид боловч уурхайн төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш бүрэн дүүрэн ойлголцол дунд байсан гэвэл худлаа болно. Улстөрийн богино мөчлөг дагаж, үргэлж л ямарваа асуудлаар яриа хэлэлцээ хийх шаардлагатай тулгарч байсан. Энэ удаад ч мөн адил УИХ-ын ээлжит сонгуулиас хойш хоёр дахь Засгийн газар “Рио”-гийн гүйцэтгэх захирлыг угтаж байна.
Танхимын дэд сайд нь хуучин явдлуудыг шинээр сөхөж, дахиад л яриа хэлэлцээнд дуудсан маягтай. Мөн “Оюутолгой” компани Монголын дотоодын зохион байгуулалтын асуудлаас болж баяжмалаа экспортод гаргаж чадахгүй болчихсон байдалтай.
Нэгэнт галт тэрэг хөдөлсөн хойно ганц нэг дэд сайдын тэмцэл, замын бөглөө зэрэг шалтгаан төслийг зогсоож чадахгүй нь тодорхой. Харин байгаа байдлыг хэрхэн улам сайн болгох вэ гэх агуулгатай найрсаг яриа хөөрөө шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ноён Жан Себастьян Жак нарын хооронд өрнөх болов уу. Түүнчлэн Рио Тинто албан ёсны төлөөлөгчийн газраа Монголд нээж байгаа нь нь хоёр талын харилцаанд шинэ бөгөөд таатай нөхцөлийг авчирч байж мэднэ.
Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Оюутолгой төсөл олон улсын арилжааны банкуудаас далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларын зээл авсан. Уг зээлээс жил жилийн төсөвт хуваарилан Оюутолгойн төсөл рүү оруулж байгаа. Цаашид зээл болон төсвийн тодорхой хэсгийг Монголын арилжааны банкуудад байршуулж байх нөхцөлийг манай талаас дэвшүүлж байсан удаатай. Тэгвэл Төлөөлөгчийн газар Монголд нээгдсэнээр дээрх саналд нааштай хариу өгөх бололцоо нээгдэж байхыг үгүйсгэхгүй.
Олон нийтэд илүү нээлттэй байх, Монголын талаас ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэтээр Оюутолгой төслөөс илүү ихийг хүлээж байгаа монголчуудад олон ч шаардлага бий. Ямартай ч Рио Тинто төлөөлөгчийн газраа нээж байгаагаараа монголчууд руу нэг алхам ойртож буйгаа илэрхийлж байна гэж харагдаж буй. Асуудлаа бариад очдог, аягүйцвэл үүдэнд л уриа лоозон бариад жагсаж ч мэдэх үүд хаалга ийнхүү нэгээр нэмэгдэж байна.
Шангри Ла-д нээгдэж буй төлөөлөгчийн газар. Үүн дээр нэмэх нь Жан Себастьян Жакийн ээлжит томилолт. Эдгээр нь ардаа ямар “бэлэг” дагуулсан бол гэх хүлээлт үүсэж байна. Түүнийг зүгээр ч нэг тууз хайчилчхаад нисэхгүй гэж ажиглагчид тааварлаж байгаа юм.
 
 
А.Алиман 
Эх сурвалж: "Өглөөний сонин"