sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Тэтгэврийн насыг эрэгтэй 60, эмэгтэй 55 болгож бууруулах хуулийн төсөл боловсруулсан” гэв.
Тэрбээр уг хуулийн төслөө өргөн барихын өмнө олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ. Учир нь өмнө нь 5-6 хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихын өмнө Хууль зүй, дотоодын хэргийн яаманд хүргүүлсэн ч түдгэлзсэн хариу өгч байсан байна. Хууль тогтоомжийн хуулиар бол тухайн хууль санаачлагч аливаа хуулийг өргөн барихын өмнө Засгийн газрын саналыг авдаг. Иймд өмнө шигээ байдал давтагдах вий гэх үүднээс наана нь хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулж иргэдийн санал бодлыг сонсохоор болжээ.
Одоогийн байдлаар тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцэж түүний өргөн барих хуулийн төслийг дэмжиж 10 мянган хүн гарын үсэг зурсан. Түүнчлэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэ талаарх гомдол бүхий нийт 9000 иргэн өргөдлөө хүргүүлсэн байгаа аж. Тиймээс нийт 19 мянган хүн түүнийг дэмжиж байгаа ба нээлттэй хэлэлцүүлэгт тэдгээр иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулах гэнэ. Хэрэв хэлэлцүүлгийн үйл ажиллагаа дэмжээгүй тохиолдолд  цагаан сарын дараа жагсаал цуглаан зохион байгуулна гэж О.Баасанхүү гишүүн ярьлаа. Мөн Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг ч мөн бууруулахаар ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэв.
Өнгөрсөн 7 хоногт Улсын дээд шүүх МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан. Энэ тухайд тэрбээр, "Дээд шүүх намайг намын даргаар бүртгээгүй ч эгэл жирийн гишүүд маань намайг даргаараа сонгосон. Үүний зэрэгцээ МАХН намаас хөөсөн гэж 8 дахь удаагаа зарлаж байна. Хэрэв МАХН нь УИХ-д суудалгүй юм бол УИХ-ын гишүүнд өгөх ёстой 10 сая, УИХ-ын гишүүний төлөө санал өгсөн иргэдийн тоогоор 114 сая нийлээд 124 сая төгрөгийг авах ёсгүй. Тиймээс би Сангийн яаманд хандаж маргаантай байдал шийдэгдтэл уг мөнгийг шилжүүлэхгүй байх албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Сангийн яам тэрхүү мөнгийг шилжүүлсэн байсан. Иймээс мөнгийг нь авах болохоор УИХ-д суудалтай нам болдог байж болохгүй" хэмээв.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг