sonin.mn
Итали улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дарга хатагтай Фабриция Лапекореллатай энэ сарын 18-ны өдөр Ром хотноо уулзаж Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон ЕХ-ны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцсан байна. Европын Холбооны “хар жагсаалт”-аас хасуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай, шийдвэртэй арга хэмжээнүүд, санаачлан хийж эхлээд байгаа ажлуудыг Италийн Засгийн газар, Санхүү, эдийн засгийн яам тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг Монгол Улсын Сангийн сайдаас ирүүлсэн захидлыг хэлэлцээд, улмаар Монгол Улсын Засгийн газар татварын асуудлыг ил тод болгох чиглэлээр тууштай бодлого баримталж, хариуцлагаа ухамсарлаж байна гэж үзэж, асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын энэ сарын 23-ны өдрийн хуалдаанаар нааштай шийдвэрлүүлэхээр болж буйг Хатагтай Фабриция Лапекорелла Элчин сайдад дуулгав.
Элчин сайд Ц.Жамбалдорж хатагтай Фабриция Лапекорелла болон уулзалтад байлцсан Италийн Сангийн сайдын дипломат зөвлөх Микеле Куарони нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашид илүү ойр хамтран ажиллахаа илэрхийллээ гэж тус ЭСЯ-ны ажилтан Ж.Батхишиг мэдээллээ.