sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Улсын бүртгэлийн багц хуулийн төсөл болон Шатахууны үнийн өсөлтийн асуудлыг авч хэлэлцсэн байна. 
УИХ-аар энэ долоо хоногт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхээр орж ирээд байна. Тэгвэл Улсын бүртгэлийн уг багц хуулийн төслийг яаран хэлэлцэх нь оновчгүй гэсэн байр суурьт АН-ын бүлэг нэгдсэн байна. Тодруулбал, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхтэй хамт дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь харилцан уялдаа холбоотой болж чадна гэж үзжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын даргад Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх шаардлага байгаа эсэхийг эргэж харах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт Сонгуулийн хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулсан байгаа. Тиймээс бүртгэлийн багц хуулийг хамт хэлэлцэх нь зүйтэй. Улсын бүртгэлийн хууль маш олон асуудлыг хөндөх учир сайтар ойлголцож, ярилцах ёстой юм. Тийм учраас энэ долоо хоногт хэлэлцэхээр яаравчлан оруулж ирж байгаа нь буруу. Мөн энэ хуулийг хэлэлцэхэд багцад нь Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэв. 
Татварын нэмэгдэл иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж эхэлж байгаа нь шатахууны үнийн өсөлт боллоо гэж тус бүлэг үзжээ. Тодруулбал сүүлийн үед үүсээд байгаа шатахууны хомсдол, үнийн нэмэгдлийн шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой. 
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Хэрэв эрх баригчдын хэлж байгаачлан 40-41 хоногийн нөөцтэй, эдийн засгийн өсөлттэй, дөрвөн тэрбум ам.долларын валютын нөөцтэй нь үнэн бол шатахууны хомсдол, үнийн өсөлт үүсэхгүй. Ерөнхий сайдад долоон төрлийн татвартай холбоотой асуудлаа 2 дугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлага хүргүүлсэн. Шатахуун түгээх станцууд шууд хаалгаа хааж, үнийн хязгаарлалт хийж, талоны системд орох маягаар хомсдол бий болгож байна. Хэвийгээр нефть импортлогчдын монополь эрхийг задлах нь зүйтэй ч онцгой албан татварын нэмэгдэлтэй энэ нөхцөл байдал шууд холбоотой. Шатахууны үнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Гурил 90-120 төгрөгөөр, мах 1000 төгрөгөөр нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн байна. УИХ ч шатахууны асуудалд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага үүслээ. Засгийн газарт өгсөн хугацаа 2 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. 
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Шатахууны онцгой албан татварыг нь нэмсэн нь цагаа олоогүй, бодит судалгаагүй байсан нь одоо харагдаж байна. Судлаад үзэхээр нэг литр шатахуун 300 орчим төгрөгөөр нэмэгдэхээр нөхцөл үүсээд байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байхад угтаад татвараа нэмчихээр 200 орчим төгрөг нь шууд татварын нэмэгдлээс үүдэж байна. Тиймээс Засгийн газар ямар зохицуулалт хийж болох талаар нефть импортлогч компаниудтайгаа ярилцах хэрэгтэй. Эцсийн дүндээ зөв цагт, зөв судалгаатай шийдвэр гаргахгүй бол ямар хор хөнөөлд хүрч болохыг үүнээс харж болно" гэлээ.
 
 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг