sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болох бөгөөд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"