sonin.mn
Мал ину мину өмч болай.
Машин ину бас мину өмч болай.
“Орчин цагийн Монгол ардын цэцэн үгнээс”
 XVII жарны “. . . . . “ энэ өдөр улсын “мянган машинт” нарыг шалгаруулах хүндэтгэлийн найр төрийн ордноо болж, улсын сайд “10 засгийн үед анх машин гэж байдгийг сонссон өдрөөс хойш 100 гаруй жил өнгөрч, манай улс Үндсэн хуулиндаа машин тэрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалт оруулсан, өмч хувьчлалаар машиныг жолооч нарт өгснөөс хойш анхны мянган машинтай хүн тодорч энэхүү хүндтэй шагналыг гардаж байна аа” гээд дэлэм хирийн хэмжээтэй мөнгөн цутгамал жийпний дүрс гардуулав. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн “мянган машинт” би “анх нэг муу жарийестой байсан бол нам, засгийн буянаар одоо уралдааны, тээврийн, гоёлын гээд мянган машинтай боллоо. Мөн 2 залуу жолооч гэр бүлээр машин тэргээр арчлуулж, жил бүр машин тасалж өгч байна. Байнга дэмжиж тусалж байдаг нам, засагтаа ихэд баярлалаа, цаашид машин тэргээ улам өсгөж, түмэн машинтай болохоор ажиллана гэлээ.
Маргааш нь Улсын дээд хурал олон жил жолоо барьсан иргэний тэтгэврийн насыг наашлуулах, өрх толгойлсон жолооч нарт буцалтгүй тусламж өгөх, сэлбэг хэрэгслийн гаалийн татварыг тэглэх, жолооч нарын хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй сургах, жолооч нарын хүүхдийн сургуулийн амралтыг уртасгах, үзлэг, оношилгооны зардлыг улсаас төлөх хууль хэлэлцэж байтал гай газар доороос ганцаараа биш гарч ирэв.  Баруун этгээдэд дайны гал дүрэлзэж, бензин, тосны үнэ тэнгэрт хадах болов. Дээр нь Цагдаагийн дарга машины хулгай газар авч, гэмт бүлэглэлийн хэмжээнд хүрснийг мэдээллээ. Ерөнхий цаг уурч энэ өвөл хүйтэрч машин тэрэг хөрөх осгох аюултай болж магад тул яаралтай арга хэмжээ авахыг хүслээ. Засгийн газар шуурхай арга хэмжээ авлаа.
 Улсын хэмжээнд цаг зуурын бэрхшээлийг давах хөдөлгөөн өрнүүлж, улсын нөөцөнд байсан бензинийг үнэгүй тарааж, бензин оруулж ирдэг компаниудыг хямд үнээр оруулж ир гэж улсаас мөнгийг нь гаргалаа. Бүх сургууль, албан газруудад машины бүтээлэг, алчуур, нүүрэвч, лаа шүдэнз бэлдэж илгээх үүрэг өглөө. Зохиолч, яруу найрагч нар ч жолооч түмнийхээ урам зоргийг сэргээхийн тулд “Жолоочийн жаргал, жолоочийн дурлал, машин барих сайхан тухай мянга түмэн дуу шүлэг зохиогдож түмний хүртэл болж, хаа сайгүй хангинах боллоо. Жолооч дуулж байна, Жолооч бүжиглэж байна, жолооч уйлж байна, 1 литр бензинээр яаж олон км явах вэ гэсэн шоу, нэвтрүүлгийг үзэгчид нүд салгахгүй шимтэн үзэцгээнэ.   Өдөрт 1 удаа машины уралдаан болж, олон түрүүлсэн машинд баячуул үнэ хаяцгаана. Машин тэргийг гэмт халдлагаас хамгаалах Төрийн бус байгууллага Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг болж, олон нийт ч урт гартнуудыг гарыг нь тайрахыг шаардаж цогтой жагсаал зохион байгууллаа.
 Сонгууль дөхөх юм уу нэрээ сонин, хэвлэлд гаргахын тулд улс төрчид нь жолооч нарын өмнө бөмбөлзөж, ая тал засан аль болох  тэдэнд таатай шийдвэр бодож олохоор тархиа гашилгана. Улсын Ерөнхий сайд өглөөний цайн дээрээ гадаадын нэр хүндтэй сонинд “Энэ улсын нийгмийн давхарыг жолооч нар болон бусад гэж хувааж болно” гэж бичснийг уншаад нүүр нь минчийн улайж, яаралтай тэр улсын Элчин сайдыг дуудан эсэргүүцлийн нот бичиг гардууллаа. Нот бичигт манай ард иргэдийн хүсэл бол Засгийн газрын зорилго, бид нэг хүнд ногдох машины тоогоороо дэлхийд тэргүүлэхийг хүснэ гэжээ. 
 
Егөөдсөн: 
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12-4 тоот. Р.Цэцэгээ