sonin.mn
ЖЕНЕВ. /ТАСС/. Швейцарийн Давос хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор товлосон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалыг эсэргүүцсэн жагсаал өчигдөр Швейцарийн хэд хэдэн хотод болжээ. Хэдэн зуун хүн оролцсон уг олон нийтийн ажиллагаа Швейцарийн Цюрих, Лозанна, Женев, Невшател, Фрибург болон Беллинцон хотод болсон байна.
Тухайлбал, Лозанна хотод болсон жагсаалд 250-300 хүн оролцсон бол Цюрих хотод болсон жагсаалд 1000 гаруй хүн оролцсон аж.
Лозанна хотын төв дэх Европын талбайд болсон жагсаалд оролцогчид “Трампыг хүлээн авахгүй” гэж асаасан лаагаар уриа бичиж, “Өөрийн улс руу - бохир нүх рүүгээ яв” гэсэн уриа болон зурагт хуудсуудыг барьсан байжээ. Д. Трамп өмнө нь Гаити болон Африкийн улсуудыг “Бохир нүх” хэмээн доромжлон хэлж байсан юм.
Мөн Давос хотод өчигдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг болон түүнд Д.Трамп оролцохыг эсэргүүцсэн зөвшөөрөлгүй жагсаал болжээ. Цагдаа нар энэ ажиллагааг даруй таслан зогсоосон байна.
 
Э. Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг