sonin.mn
АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох журам гарна-
Манай улс АНУ-д ажиллах хүч илгээх боломжтой орны жагсаалтад багтсан билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
 
-АНУ-ын “Н2” визний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Зарим зуучлалын компани энэ ангиллын визийг  мэдүүлэхийг урьсан тухай сошиалаар олон нийтэд цацаад байх юм. Виз мэдүүлэх журам нь бэлэн болчихсон хэрэг үү?
 
-Энэ талаархи тодорхой мэдээллийг өгье. Сошиалаар гараад байгаа элдэв ташаа мэдээлэл, зарлалд иргэд маань төөрөлдчих вий,  залилуулчих вий гэж бид их санаа зовж байгаа. Тиймээс ГХЯ, АНУ-ын ЭСЯ-тай хамтран үнэн зөв, албан ёсны  мэдээллийг дэс дараатай хүргэхээр ажиллаж байна. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны гуравдугдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ. Одоогоор уг ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тиймээс  энэ журам тодорхой болмогц олон нийтэд бид албан ёсоор нээлттэйгээр мэдээлэх болно. Тэр болтол иргэд маань эрсдэлтэй алхам битгий хийгээсэй.
 
-АНУ-д улиралын чанартай, богино хугацаанд ажиллах боломж олгодог энэхүү визийг авах эрхтэй орнуудын жагсаалт жил бүр шинэчлэгддэг гэл үү. Манай төр засаг Америкт харласан улсуудаа татаж авах тал дээр сайн ажилласан учраас энэ удаад бидэнд H-2 ангиллын визний зөвшөөрлийг олгосон гэж ойлгож байгаа. Тэгэхээр Монгол Улс цаашид хасагдахгүйн тулд юун дээрээ анхаарах ёстой вэ?
 
-АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Монгол Улс ийнхүү H-2A болон H-2B ангиллын виз мэдүүлэх эрх бүхий орнуудын жагсаалтад анх удаагаа багтлаа. Энэхүү жагсаалтанд орох хүсэлтийг 2016 онд Вашингтонд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр Америкийн талд тавьж, хамтран ажилласнаар энэ үр дүн гарсан юм. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авдаг.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг. 2018 оны жагсаалтаас Хайти, Белиз, Самоа зэрэг улс хасагдсан байна.  Тиймээс манай иргэд энэ боломжийг зөв ашиглахын тулд хариуцлагатай байх ёстой. Олон нийтэд анхааруулахад Н2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
 
-Монгол, Америкийн улс төрийн Зөвлөлдөх уулзалт саяхан болсон. АНУ-ын талтай H-2 визнийхээ журмын асуудалд тохиролцож чадсан уу. Ер нь энэ уулзалтын үр дүн ямар болов?
 
–Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байхдаа хоёр талын харилцааны асуудлаар тогтмол ярилцаж, санал солилцдог яриа хэлцээний механизмтай болох нь зүйтэй гэж үзэж, анхны зөвлөлдөх уулзалтыг 1999 онд Бангкок хотноо олон улсын арга хэмжээний үеэр эхлүүлж байсан. Түүнээс хойш уг уулзалтыг Улаанбаатар, Вашингтон хотод жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн. Арванхоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо боллоо.Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан яриа хэлэлцээ явуулж ирсэн. Талууд өмнөх жилийн ажлаа дүгнэж, дараа жилийн ажлаа тодорхойлдог уламжлалтай. Асуудлын хүрээ жилээс жилд л өргөжиж байна. Энэ удаад Монголын талаас БОАЖЯ, СЯ, ХЗДХЯ, БХЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, ЭХЯ, ЭМЯ, ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Америкийн талаас АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Дотоодын аюулгүй байдлын яам, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын хоёр талын нийт 60 орчим төлөөлөгч оролцсон.
Өмнө жилийн XI уулзалтын дүнг харахад тохирсон, төлөвлөсөн олон чухал арга хэмжээ хэрэгжсэн байна. Тухайлбал, 2016 оны Вашингтоны уулзалтаар манай тал эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж, АНУ-ын талаас Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Америкийн тал манай нөхцөл байдлыг сайтар ойлгож, дэмжлэг үзүүлснээр Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан ажиллаж байна.  Цаашилбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан, манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж эхэлсэн, хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт болсон. Мөн АНУ-ын Конгресст Монголын бүлэг дахин байгуулагдсан, манай улсыг “Н2” ангиллын визийн хөтөлбөрт хамруулах шийдвэр гарсан, “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирсэн зэрэг олон ажлыг  талууд харилцан онцолсон. Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдүүлэх, ялангуяа Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Худалдаа, Хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулахаар ярилцаад байна.  Түүнчлэн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангах, “Н2” визийн хөтөлбөрт хамрагдах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
 
-Одоо хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
 
-АНУ нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлж ирсэн. Өнөөдөр хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байна. Бидний хооронд улс төрийн өндөр түвшний итгэлцэл тогтсон. Хоёр улсын иргэд хоорондын харилцаа жилээс жилд өргөжиж байна. Харилцааны түвшний хувьд бид АНУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай. Алсдаа манай улсын хувьд АНУ-тай явуулж буй харилцаагаа стратегийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Юуны өмнө бид эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, тэлэх шаардлагатай байгаа. Америкийн тал манай улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн хоёр тал хүмүүнлэгийн харилцаагаа бэхжүүлэх зорилттой. 2019 оныг                  “Монгол-Америкийн залуучуудын жил” болгон зарлах тухай сая ярилцаж, бэлтгэлийг хангахаар болсон. Ойрын үед гэвэл АНУ-ын Мянган сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байна. Монгол, Америкийн хувьд бүс нутаг болон улсын тавцанд мөн ойр дотно түншилж ажилладаг. Манай хоёр орон НҮБ, тус байгууллагын Хүний эрхийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Онлайн эрх чөлөө зэрэг байгууллагын гишүүний хувиар идэвхтэй, харилцан биенээ дэмжин ажиллаж ирсэн. Америкийн талаас манай эдийн засаг, банк, санхүүгийн дэд бүтэц, чадавхийг бэхжүүлэх хүрээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хил, гаалийн хяналтын дэд бүтцийг бэхжүүлэх зэрэгт онцгой анхаарч хамтран ажиллаж байна.
 
-Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Хоёр орны иргэд хоорондын харилцаанд чиглэсэн ямар арга хэмжээг  болсон бэ?
 
-Хоёр талын харилцаанд соёлын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулдаг. Хоёр орны иргэдийг ойртуулахад тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монголын язгуур урлагийг Америкийн ард иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Хөсөгтөн” хамтлагийн аялан тоглолтыг АНУ-д зохион байгуулсан. Нью Йорк дахь НҮБ-ын төв байр, Чикаго хотын “Чикаго” театр, Сиэттл хотын “Блэкбокс” театр, Сан Франциско хотын “Трокмортон” театр зэрэг нэр хүндтэй томоохон газруудад тоглолт зохион байгуулсан нь манай орны түүх, соёлыг америкийн жирийн иргэдэд хүргэсэн сайхан арга хэмжээ болсон. Мөн АНУ-ын “Их таван” симфонийн нэгд зүй ёсоор тооцогддог Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад айлчилан  тоглосон. Тэд Монголд сонгодог урлаг өндөр түвшинд хүрсэн юм байна гэж хэлж байсан шүү. Хоёр орны хүүхэд, залуучуудын дунд найрсаг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдэнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил бий болгох зорилгоор “Хүрээлэн буй орчин” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг хоёр талдаа зохион байгуулж, уралдаанд шалгарсан Монголын 30, Америкийн 30 хүүхдийн нийт 60 бүтээлээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гаргасан.
 
-Монголчуудын хувьд АНУ-д сурах боломж, боловсролын солилцооны хөтөлбөрийг их сонирхдог.  Та энэ  тал дээр ямар боломжууд байдаг вэ?
 
-АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Fulbright”, “FLEX”, “LEAD” зэрэг олон хөтөлбөр, төслүүдэд манай орны иргэд, залуучууд хамрагддаг. Ер нь 1990-ээд оноос хойш манай 10 мянга гаруй иргэн АНУ-д суралцсан байна. Бид оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласнаар манай улсад олгож байгаа квотын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цаашид бид хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллана. Товчоор дүгнэн хэлэхэд 2017 онд талууд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаанд хүрсэн амжилт, ололт зэргээ хамтран тодорхойлж, тэмдэглэсэн бөгөөд талууд уг уулзалтаар ирэх олон арван жилийн хамтын ажиллагааны зорилго, зорилтоо хамтран тодорхойлох алхамуудыг эхлүүлсэн гэж хэлж болно.
 
М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "Өдрийн сонин"