sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. 
ОУВС-тай хийсэн тохиролцсоны дагуу 2018 оны Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Үүнээс болж зарим шатахууны үнэд өөрчлөлт орж, нефть импортлогч аж ахуйн нэгжүүд худалдаандаа хязгаарлалт хийснээр нийгэмд багагүй бухимдал үүсээд байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч байгаа энэ үед Онцгой албан татварыг хэвээр үлдээвэл шатахууны үнэ 240-300 төгрөгөөр нэмэгдэх эрсдэл үүсээд байсан. 
Харин өнөөдөр Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр хэлэлцэж, А80, АИ92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа.
 
 
Ингэснээр татварын нэмэгдлээс шалтгаалсан үнийн өсөлт уг хоёр төрлийн шатахуунд үүсэхгүй болж байна. Мөн зах зээлд үүсээд буй хомсдол өнөөдрөөс зогсох юм. 
Гэхдээ дизель түлш болон АИ-95, АИ-98 шатахууны Онцгой албан татварыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая мэдээлэв.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг