sonin.mn
Өмөөрүүлсэндээ омогшсон Дүнсгэрийн ухааныг архины халуун догшруулж намынхаа төлөө өндгөө дарсан бүргэд шиг харцаа хурцлаад хэнийг ч заамдахаас буцахгүйдээ тулан хүрлийж эхнэрийнхээ уур омогтой давхцан
- Алтайн нуруунд адуу малнаас өөр ардчилал гэж юу дутсан юм нохойн баас минь? Чамтайгаа таарсан балмад юмнууд ардчилал гэдэг хийлсэн үгээр төрийн өмчийг хэдүүлэхнээ цусласнаа худлаа гээч! Чам шиг онгироо дэвэргэн юмнуудыг ашиглаж хоосон амаар хошгоруулж, хоолоо олуулаад мартсаныг мэдсэн үү чи?! Энэ зах зээлийн нийгэм биш дамын наймаа мэдэв үү мал минь? Хаанахын ч бараа энд хэд сунаж зарагдана. Монголчууд бусдаас илүү тийм баян чинээлэг хөрөнгө мөнгөтэй юм уу аан? Эрдэмтэй авьяастай мчнга мянган хүүхдүүд Эрээний барааг дамлахаас өөр хийх ажилгүй гиюүрэх болсныг Монголын үах зээл гэх юм уу? Бүгд ажил төрөлтэй, бүтэн аяга хоолтой явсныг муухай гээд талын тарвага шиг тараншейнд орогнох, ажилгүй болсондоо гутаж архинд орохыг ардчилал гэдэг юм уу заяа нь хаямар минь аан? гээд зуудаг нохой шиг нүд нь улаанаар эргэлдэн, шүдээ хавиран хашгичхад Данзан Баньдах аргаа баран
- Ишш зангийн шаарнууд, Та хоёр ус уусан болохоос ухаанаа гудраагүй биз дээ? Ямар зүдэг юм бэ? Эцсийн дүндээ ортой л юм ярьж байна. Гэхдээ ярих газар, хэлцэх цагаа мөн олов оо? Хоёр зээгээ Жанжаа нэг нь баруун талаа хардаггүй долир, нөгөөх нь зүүн талаа үздэггүй сөлөр, Хоёулаа ухааны харалган хялар болчихлоо. Тэгээд хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гаыхна гэгчийн үлгэрээр нэгнийхээ муу муухайг шогшроод байх юм. Долир сөлөр адилдаа адил годилдоо годил, харснаа зөрүү харахыг хэлдэг биз дээ? гэж толгой сэгсэрч байна гэж дуулдсан. Үнэн юм байна. Соцлийзам каплийзам(социализм , капитализм) аль алинаас нь авах юм байгааг цаагуур чинь ардчилал гээд байгаа юм биш үү? Гэтэл та хоёр нээрээ л ухааны долир, санааны сөлөр болж өрөөл үнэн, хугас зөвийг барьж бие бие рүүгээ хялалзаад, өө бурууг нь харж харалгантаад байна. Аль ч нам нь мундаг байлаа бидэнд ухнаны оронд өнчин ишигтэй болгоод өгөх биш! Бурхан гэвч зудтай өвөл ганц өдрийн хонины хишиг өнгөрөөх биш. Хэдэн малынхаа хойноос хөлс хүчээ дуслуулан зүтгэж буяныг нь хүртэх үнэнээс өөр юу хайсан юм? гэж хэн хэнд нь зулгуйдав. 
- Үхтлээ гомдсон доо...Ёр нь тэр, хэр нь тэр! Оонын эвэр шиг орчлонд эр ах дүү болж хоёулхнаа төрчихөөд нэгнийхээ сэвсэн дээр мөөрдөг үхэр малаас дор ийм дүүтэй байсан дорвол оргүй байсан нь дээр. Надтай бүр сэгээ хуваалцах нь ээ..гэж дүүдээ шазуур зуух Дүнсгэр Дүндээг аргадаж дөхүүлэх, дүрэлзэж цамнасан Сэнгэнүүрийг гэрт нь оруулж унтуулах гэж үймэлдсээр найр тэгж ингэсгээд нэг л цэнгэлгүй өндөрлөвэй. Сэнгэнүүр агсрах хүнгүй болж " Би цахиур шиг хатуу, цахих юм бол оч маналзах галтай эр дээ. Намайг нэг муу нусан жур гэж басаад байна уу та нар?" гэж дэмийрч сууснаа гэнэт босч унинаас зууран зогсоод дуулах санаа байвч солгой хоолойтой тул сачий нь дутсан бололтой 
Алтанхан гургалдайн дуунд
Агт морь минь сулдана гэж дуу мэдэх үү та нар? Мэдэхгүй шүү дээ.
Бор борын бялзуухай нь 
Босонхон суунгаа жиргэнэ дээ гэж мэдэх үү? Юу ч мэдэхгүй...гэж халагласнаа согтсон үедээ орилж хашгичиж шүлэг уншиж үнэгүй үзвэр тоглодог зангаараа
Ээж ааваа нутагтайгаа санахаар цийлэгнэдэг
Эр хонгор уяхан нулимстай
Энхрий ханьдаа гоморхохоор мэлтэгнэдэг
Эмзэг хайрын тунирхуу нулимстай
Эцэгт хорвоод үрээ төрөхөд унагасан
Элэг дэвтээх амин нулимстай
Өрөмдөм ядрууг баярлахаар өмөлздөг
Өр нимгэн усан нүдтэй, би эр хүндээ...гэж хүйтэн архи, халуун гэр хоёрт цочирдож сөөнгөтсөн хоолойгоор бархирч өмнөө байсан хундагатай архийг асгаж цутган авч ганцхан амьсгаагаар хөнтрөн амаа арчиснаа" Муусайн амьсгаанууд..хоол боловсруулах аппараатууд минь чагнаж бай та нар" гэж орилон дуугаа улам чангаруулж
Элэг нэгтнүүдээ харьд шингэснийг хараад
Эвий минь дээ гэж өрөвдсөн тэнгэр нулимстай
Эх хэлийг минь сурсан харийн хүнд баярлаж
Энхрий садан шигээ санасан сүжрүү нулимстай,
Эрдэм авьяас, үнэн сэтгэлд биширхээрээ
Эрхгүй мэлмэрүүлдэг уянгат нулимстай 
Монголоо гэсэн бүхнээс нулимсаа харамладаггүй
Морин дэл дээр өссөн зориг золбоо эр хүн!...гэж паргиж цуцсан хоолойгоо зангируулан, зарим үгээ хэлж чадахгүй самсаагаа шархируулан мэгшиж хэсэг зуур нүүрээ даоан суулаа. Тэгээд гэнэт өндийж дутуу угаасан юм шиг нойтон нүд нүүрээ алгаараа арчин халтартуулж, сэтгэлээ барьж ядахдаа гараа өөд нь савчуулан
Цагаа тулахад би Чонон зүрхтэй
Цусаа үзээд сэрэх Чингис удамтай...гэж нэмж хашгирав. Данзан Баньдах толгой сэжлэн цухалдаж 
- Энэ ах дүү хоёр юу ёрлож усан нүдлэн уур хилэн болоод байна даа. Энэ нэг л биш ээ. Муу юм холуур болтухай. Жанжаа минь ганцаараа үлдсэн байдаг...гэж хэлтэл Онгорой 
- Юу ч ойлгохгүй  муусайн хоолны савнууд, хоосон толгойнууд. Та нарыг бодоход би уяа нь алдуурсан гөлөг дөө! гэж найган гуйвсаар " Орон овоохой минь мөсөн хонгил шиг хүйтэн ч, мухарт нь очиж цагирагланаа. Алив Дэжид чи намайг дөхүүлж өг!" гээд эргэж багананаас зуурахад Гэндэн эхнэр рүүгээ " Наад согтууаа өөрөө явья гэсэн дээр нь зайлуул" гэсэн шиг нүдээ долилзуулан үүд рүү ирмэж харцаараа дохихтой зэрэгцэн Онгорой ч Дэжидийн мөрнөөс базаж авснаа толгойгоороо тотго мөргөж, түүндээ эмзэглэн байдгаарааа ярвайн хоёр гараараа дарж илсээр гэрээс гаруутаа үнсэх гэж зүтгэж " Хоёулаа хуучнаа нэг сэргээе л дээ " гэж налиганан тэвэрч элэг барихад Дэжид дүрсхийж гараа татаж аван хаячихаад гэр рүүгээ орчихлоо. Сургууль цуглаад эхнэр хүүхэд нь сумын төв бараадсан тул Онгорой жаахан ухаан оров  бололтой хэдэн малынхаа хариулгын ээлж өнгөрөөн ихэнхдээ энэ хэдэн гэрийн хоол буудаад шөнөдөө орж хоног төөрүүлдэг бага гэрээ чиглэн согтуу ч гэсэн сохор ухаантай гэгчээр тэнгэр ширтэн хоёр гараа сарвайн
Орон шуурсан тэнгэр нь 
Цэлмэн гийх нь ээ, ашгүй дээ гэх дуу аяламшаа болон үглэсээр тэнд энд гишгэн яваад өгөв. Онгоройн хувьд энэ сумандаа ардчиллын анхны алтан хараацайнуудын нэг яах архагүй мөн аж. Ардчилсан холбооны сургийг сонсуут Жанжаагийн хэлдэг ярьдаг маараггүй үнэн санагдан Монголынхоо төлөө үзэж тарж үсэрч наалдах санаа төрсөн нэгэн. Хамгийн гол нь Зөвлөлтийн хараат болж далан жил дарлагдан хамаг баялагаа харамгүй өгчихөөд тэгээд арван тэрбум шилжих рубль гээч их өрөнд орж үр хойчоо сэхэх сэрвиыхгүй болтосон гэсэн мэдээ түүний голыг гогодож базсан хэрэг. Сумын төв рүү давхиж өөрийнхөө өрөөсөн дугуй гурав дөрвийг олоод Ардчилсан холбооны дугуйлан байгуулж дэмжигсдээ ухуулан архины шил цуглуулж, сумын төвийн төмрийн хогийг хуу хаман тушааж Их өрнөөс гарахад хувь нэмрээ оруулах эх оронч санаачилга гарган манаргаж эхлэжээ. Сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаач гишүүн нь тул тэндхийн хонтоорт амралтын өдрийг далимдуулан эзгүйчилж бичгийн машинаар нь уриалгаа олшруулан энд тэндгүй нааж " УЛС ТӨРЧ" болох их хэргээ эхлэсэн түүхээ өөрөө хуучлах тун дуртай.
Үргэлжлэл бий.
 
Түүхч, гүн ухаанч Бэсүд Н.Нагаанбуу агсны " АЛТАЙН ТЭНГЭР" романаас