sonin.mn
ОРШИЛ
XXI зуунд энх тайван ба дайны төлөв байдлын хоорондын ялгаа арилах хандлага үзэгдэж эхэлж байна. Дайныг аль хэдийн зарлахаа больсон ба мөн нэгэнт эхэлсэн дайн ч гэсэн бидний мэдэх зааг хүрээнд явагдахаа больжээ. Саяхныг хүртэл дайны талаарх бидний ойлголт өөр байлаа. Дайныг үзэх үзэл Цөмийн зэвсэг, Химийн зэвсэг, Бактерлогийн зэвсэг, Ердийн зэвсэг, түүний хөнөөлийн үр дүнгээр дайныг ойлгодог байлаа. Орчин үед “Дайны дүрэм”-д ч гэсэн өөрчлөлт орж байна. Улс төрийн болон стратегийн зорилгодоо хүрэхэд цэргийн биш аргуудын гүйцэтгэх үүрэг өсч, энэ нь зарим тохиолдолд үр нөлөөгөөрөө зэвсгийн хүчийг хамаагүй их даван гарах боллоо. Ашиглан буй тэмцлийн аргууд нь гол төлөв хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, мэдээлэл, хүмүүнлэгийн болон бусад цэргийн бус арга хэмжээнд чиглэх болов. Энэ бүхний дээрээс далд шинж чанар бүхий цэргийн арга хэмжээ, түүний дотор мэдээллийн тэмцлийн арга хэмжээ, тусгай операцийн үйлдэл зэрэг нэмэгдэж байна.
 
Нэг: ДАЙН ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Орчин үед хувь хүнийг ашиг сонирхлоор нь залан чиглүүлэх арга хэрэгсэл нь далд дайны буюу тагнуулын хэрэгсэл байхаас гадна улс төр, бизнесийн салбарт маш өргөнөөр хэрэглэж байна. Тэгвэл орчин үед үндэсний аюулгүй байдалд заналхийх аюул нь дээд эрэмбийн технологийн хөгжил, дэлхийн геополитикийн тогтолцоо, геостратегийн ашиг сонирхпоос хамаарч шинэ өгөгдөхүүн, шинэ арга тактик, шинэ хэрэгсэлтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байна.
Эхний алхам нь Монгол Улсын Их Хурлаар ашигт малтмалын хуулийг батлуулах процесс байсан ба үүний тулд Дэлхийн банкны болон бусад гадны экспертууд зөвлөгөө өгөх нэрийн доор хуулийн төслийг боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлөх тактик байсан гэж үзэж болох юм. Энэхүү ашигт малтмалын хуулийг олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсддөө ашигтай нөхцлөөр “тархи угаах” замаар Монгол Улсын Их Хурлаар батлуулж чадсан явдал юм
Эртний Хятадын гүн ухаантан, цэргийн жанжин Сүнз “Дайтах урлагийн дээд зэрэг бол дайсантайгаа тулалдахгүй дарж авах юм” гэсэн сургаал өнөөдөр биеллээ олж байна. 2500 жилийн тэртээ бичигдсэн зохиол өдийг хүртэл судлагдсаар, уншигдсаар л байна.Энэ зохиол хүний сэтгэлийн мөн чанарыг таньж хэрхэн өрсөлдөгчөө ялахыг сургажээ. Гол ялалт нь тулаан хийлгүй ялах. Энэ бол дайсан этгээдийг сэтгэлээр нь ялан дийлэх арга ухаан юм. Яаж вэ гэвэл ухааны хүч, хууран мэхэлж, арга заль хэрэглэж байж ялна. Хэрвээ хүч чадалтай байвал тэрийг өрсөлдөгчдөө харуулахыг хатуу хориглоно. Нэг удаагийн сэтгэлийн хөөрлөө дарж, ялчихлаа гэж баярлаж, бахдаж болохгүй гэдгийг хатуу сануулсан гэж тодорхойлсон байдаг нь тэгш биш /ассиметрик дайн / дайны онолын суурь болж байна. “Дайн бол дэвшлийн хөдөлгүүр” гэх санаа ч өнөөдөр эрдэмтэн судлаач нарын дунд байна. Дайны цар хүрээ нь хэдий чинээ их байна төдий чинээ хөрөнгө оруулалт цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын шинэ технологид орж ирдэг. Шинэ технологи нь энхийн амьдралд өөрийн гэсэн хэрэглээнд ордог. Дайны үр дагавар хэдий чинээ сүйрлийн байвал мөн л төдий чинээ өргөн цар хүрээний сэргээн босголт явагдана. Зэвсэгт хүчнийг ашиглахгүйгээр улс орны төрийн, зохион байгуулалтын, эдийн засгийн болон оюун санааны орон зайд халдах болсноороо онцлогтой байна. Орчин үеийн дайн, түрэмгийлэл гэдгийг шинэ, илүү өргөн ойлголтод багтаан авч үзэхийг эрмэлзэх болсон. Өнөөдөр дайн, түрэмгийлэл гэдэг ойлголттой уялдаа холбоотой цэрэг-хүчний (хатуу хэрцгий) болон зөөлөн хүчний стратеги, технологи, тэр дундаа цэрэг-хүчний, цэрэг-улс төрийн, цэрэг-эдийн засгийн, цэрэг-мэдээллийн, цэрэг-сэтгэл зүйн зэрэг түрэмгийллийн янз бүрийн (ассиметрик буюу тэгш бус дайны) хэлбэрүүд болоод байна.
Тэгвэл орчин үед үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюул нь дээд эрэмбийн технологийн хөгжил, дэлхийн герполитикийн тогтолцоо, геостратегийн ашиг сонирхлоос хамаарч шинэ өгөгдөхүүн, шинэ арга тактик, шинэ хэрэгсэлтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байна. Үүний нэг жишээ бол “ассиметрик буюу тэгш бус дайны” дайны ажиллагаа юм. Зүүн Европ, Украин, Киргизэд гарсан “хувьсгал” болон Орост болсон “шинэчлэл” зэрэг нь улс төрийн, зохион байгуулалттай, мэдээллийн, түрэмгийллийн, Серби-Хорват-Босни, Афганистан, Иракийн дайн зэвсэгт тэмцлийн, Тажикистан, Ливи улсад эдийн засгийн хэлбэрээр явагдсан гэж үзэж болох юм.
Эрдэмтэн, судлаач нар дээрх дайны талаарх ойлголтыг янз бүрээр орчуулж судалгааны эргэлтэд оруулж байна.“Ассиметрик буюу тэгш бус дайны”, “Хязгааргүй дайны үйл ажиллагаа” Unrestricted warfare-хязгаарлалтгүй, хориглоогүй дайны хэрэгсэл, Тэгш бус дайны үйл ажиллагаа, Эрлийз дайны үйл ажиллагаа гэдэг ойлголтууд байна. “Ассиметрик дайны үйл ажиллагаа” (Unrestricted warfare - хязгаарлалтгүй, хориглоогүй дайны хэрэгсэл ч гэж орчуулж хэрэглэж болох) гэдэг ойлголт 1999 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хурандаа Кюу Лайг, Ван Хиг Су нарын хэвлүүлсэн бүтээлээс үүдэлтэй гэж үздэг. Энэхүү номонд Хятад улс АНУ-тай дайн хийсэн тохиолдолд ямар арга, тактикаар дайн явуулах вэ? гэдгийг цэрэг  дайны стратеги талаас нь  онцолж бичсэн байна.Дээрх  судлаачид “Ассиметрик буюу тэгш бус дайн”-д доорхи аргыг  дайн явуулах хэрэгсэл болгон  авч үзсэн байна.
Үүнд:
1.Хууль эрх зүйн дайны хэрэгсэл
2.Эдийн засгийн дайны хэрэгсэл
3. Сүлжээний (Мэдээлэл) дайны хэрэгсэл
4. Терроризм
б.Ердийн дайны хэрэгсэл
Уг бүтээлийн гол санаа нь дээрх дайны арга хэрэгслийг ашигласнаар шууд дайн хийснээс хэд дахин бага зардалтай ба илүү хор хөнөөлтэй гэдгийг онцлон авч үзсэн байна.
Үүн дээр дайн явуулах бусад аргууд болох экологийн, химийн, микробиологийн, генетикийн, нанотехнологийн, психотроны, мэдээллийн, технологийн, технологи дамжуулалтын, демографын гэх мэт өндөр эрсдэл дагуулдаг технологиуд нэмэгдээд  ирэхээр ассиметрик дайны хэрэгсэл хичнээн цар хүрээтэй болсон нь илэрхий байна. Судалгаанаас үзвэл ассиметрик дайны онол нь “дайн” гэдэг ойлголтыг нийгэм-улс төрийн үйл явц гэж үздэг бөгөөд геополитикийн субъектуудын тэмцлээр нөөц баялаг, үүрэг, эрх мэдэл олж авах, газар нутгаа тэлэх, дэлхийн шинэ газрын зургийг бүрдүүлэх, цаашлаад стратегийн амжилт ололтоо ашиглах зэргээр тодорхойлогдоно гэж үзэж болно.
 
Хоёр: ЭРДЭС БАЯЛГИЙН ОЛБОРЛОЛТ ДАЙНЫ ХЭРЭГСЭЛ БОЛОХ НЬ
Өнөөдөр буурай орныг ( мэдээллийн хэрэгслээр) тархи угаалтын замаар өөрийн стратеги бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талбар болгох асуудал өөрийгөө хамгаалах чадваргүй бүх оронд хэрэгждэг. Учир нь ихэнх улс өөрсдийн геополитик болон геостратегийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хуулинд заасан заавар, заалтуудыг өөртөө ашигтай байдпаар өргөн хэрэглэдэг. Мөн өөртөө ашигтай нөхцөл байдлыг үүсгэхийн тулд олон төрлийн улс төрийн болон санхүү эдийн засгийн шахалтуудыг үзүүлдэг нь ч үнэн. Энэ процессыг тодорхой жишээн дээр авч үзье.
Манай улс газрын доорхи эрдэс ашиглах ашигт малтмалын тухай хуулийг батлан гаргасан тухайн цаг үеээс эхлэн ассиметрик дайны нэг болох хууль эрх зүйн дайны арга хэрэгслийн нөлөөлөлд өртөх магадлал, үзэх үндэслэл байна. 
Үүнд: Эхний алхам нь Монгол Улсын Их хурлаар ашигт малтмалын хуулийгбатлуулах процесс байсан ба үүний тулд Дэлхийн банкны болон бусад гадны экспертууд зөвлөгөө  өгөх нэрийн доор хуулийн төслийг боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлөх тактик байсан гэж үзэж болох юм. Энэхүү ашигт малтмалын хуулийг олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсддөө ашигтай нөхцлөөр “тархи угаах” замаар Монгол Улсын их хурлаар батлуулж чадсан явдал юм.
Хоёр дах алхам “Ашигт малтмалын тухай хууль” ба “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” хавсарч гаргаснаар гадны хөрөнгө оруулагч нар Монголын стратегийн ордуудыг өөрийн болгох гол зорилтуудаа хэрэгжүүлэх гол нөхцөл нь болсон.
Гурав дах алхам Улсын газар нутгийг өөрийн, эсвэл олон улсын зах зээлд хувьцаа гаргах маягаар баталгаажуулж авах асуудал. Ингээд эцэст нь ямар дүр зураг гарч ирж байна вэ гэхээр Монгол Улсын хуулийн дагуу олон улсын конвенцоор батлагдсан хэм хэмжээнд орчин үеийн хууль эрх зүйн дайны технологийн аргаар геостратегийн бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэ бүх процессыг шат дараалалтай нь авч үзвэл:
1.Дэлхийн олон улсын түгээмэл конвенцуудад Монгол улс орсон тохиолдолд ямар үүрэг хүлээж байгаагаа маш сайн ухамсарлан үзэж харах ёстой байсан ба эдгээр олон улсын хууль тогтоомжийг Монгол Улс мөрдөх болсонтой холбогдуулж гарч болох бүх эрсдэлийг Үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд шинээр бодлого боловсруулах асуудалд Монгол Улс хайхрамжгүй хандсан байдал,
2.Ашигт малтмалын хуулийг Үндсэн хууль болон аюулгүй байдлын бодлого 2-той маш сайн уялдуулж хийгээгүй ба гадны экспертүүд, зөвлөхүүдийн “санал зөвлөмжийг” сайтар нягтлаагүй, олон улсын стандартад нийцүүлэх нэрийн дор өөрсдөө мэдэхгүй асуудлуудыг шууд хуулбарлах маягаар хэрэгжүүлсэн байдал,
3. Ашигт малтмалын хуулийг батлуулахын тулд олон төрлийн “лобби”-дох үйл ажиллагааг хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор шийдсэн байдаг,
4. Ашигт малтмалын хуулинд нэг хуулийн этгээд болон хувь хүнд олгож болох лицензийн тоог хязгаарлаагүй байдал (Логик талаас нь бодоход нэг хүн нэгэн зэрэг 100 200 талбайд нэгэн зэрэг хайгуул хийж, олборлолт явуулна гэж мэдээж хаана ч байхгүй асуудал)
5. “Гадны хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэх” гэдэг зөвхөн төлөвшсөн, хууль эрх зүйн сайн хамгаалалттай хөгжингүй орнуудад хэрэгждэг технологийг буурай оронд “тархи угаах” замаар буруу хэрэгжүүлж, Үндэсний аюулгүй байдпыг өндөр эрсдэлд оруулсан байдал,
6.Гадаадын компаний эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон ба Монгол Улсын Загийн газраас зөвшөөрөл аваагүй байж дур мэдэн хувьцаа гаргах асуудлыг хуульчлан
хориглоогүй байдал,
7. Гадны хөрөнгө оруулалттай компани Монголын стратегийн орд газруудыг гадаадад худалдах эрх зүйн байдлыг тодорхой багцалж, хуульчлаагүй байдал,
8.Монгол улс олон улсын хууль дүрэмд захирагдах тул гарцаагүй байдалд оруулах стратегийг гадны хөрөнгө оруулалттай компаниуд цаанаасаа “тусгай” дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байдал. Эцэст нь Монгол Улс энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нэг бол асар их өрөнд орох, эсвэл Үндэсний аюулгүй байдлаа маш том эрсдэлд оруулах гэсэн хоёр хүнд сонголтын эрмэгт тулах нөхцөл бүрдээд байна. Дэлхийн ямар ч хөгжингүй орнуудын цаад жинхэнэ эзэн нь тодорхой биш, эцсийн хариуцлага тооцох боломжгүй, тодорхойгүй, эсвэл оффшор тодотголтой хөрөнгө оруулалтын компаниудыг аливаа улсын стратегийн ач холбогдолтой ямар ч салбарт оруулдаггүй.
ДҮГНЭЛТ. Дэлхийн хөгжингүй орнуудад олон хэмжээт эрсдэлийн өгөгдөхүүнийг Үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд авч үзэхдээ гарч болох бүх аюул, үр дагаварыг дангаараа ганц хүн, эсвэл ганц байгууллага бүрэн гүйцэд тодорхойлох боломжгүй юм. Олон тооны их сургууль, төрийн бус байгууллагууд, стратеги, систем судлалын олон институцийн оролцоотойгоор асуудпыг бүх талаас нь нягталж үзэх замаар Үндэсний аюулгүй байдлын бодлогоо тодорхойлох нь орчин үед аливаа улс үндэстэн өөрсдийгөө эрсдэлд оруулахаас хамгаалах нэг чухал хүчин зүйл болно. Аюулгүй байдлын шинэ орчин асар хурдан өөрчлөгдөж, дайны арга хэрэгсэл илүү нарийн, системлэг, үл мэдрэгдэхүйц шинжтэй болж байгаа учраас бид ч гэсэн үүний эсрэг тэмцэх нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, Монгол Улсын ашиг сонирхлыг хадгалсан урт хугацааны тогтвортой бодпогоор Үндэсний аюулгүй байдлаа хангах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч байна.
 
Т.Соронзонболд БХЭШХ-ийн БХДШТ-ийн дарга, доктор (Ph.D), профессор, хурандаа) 
Б.Содбилэг (БХЭШХ-ийн БХДШТ-ийн ЭША, доктор (Ph.D), дэд хурандаа