sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш дэлхийн зах зээл дээр 1,332.6-д нээгдэж 1,312.57-д хаагдаж буурлаа. Ийнхүү ханш буурахад АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ өсгөх тоо энэ жилийн хувьд нэмэгдэх магадлалтай байгаа нь нөлөөлжээ.
Гэхдээ энэ удаагийн уналтын шалтгаан нь хямралын шинжтэй бус, илүү өндөр өсөлтийн төлөө шинэ тэнцвэрт хүрэх шаардлага байсантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Хятадын цагаан сараас өмнөх улирлын шинжтэй эрэлт  хангагдаж, Хойд Солонгос ба АНУ-ын харилцаа тайван, дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа нь богино хугацаанд ханш буурах нөхцөл болсон аж. Түүнчлэн шинжээчдийн үзэж буйгаар алт ойрын хугацаанд өснө гэсэн таамаг байна.
Харин Монголбанк өнгөрсөн сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн нэгдүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,218.97 төгрөг байжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг