sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг  Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Бизнес уулзалт” зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон бусад албаныхан  оролцов.
УУХҮ-ийн сайд Д. Сумъяабазар уулзалтыг нээж хэлэхдээ,“АмЧамаас зохион байгуулж буй өнөөдрийн Бизнес уулзалт цаг үеэ олсон уулзалт болж байна. УУХҮ-ийн сайдын зүгээс хариуцлагатай хөрөнгө оруулагчдад тогтвортой, нээлттэй бодлого хэрэгжүүлэхийг гол зарчмаа болгон ажиллаж байна. Уул уурхайн бодлого болон төлөвлөгөөт  ажлууд хүн, байгаль гэсэн суурь зарчмуудад тулгуурлан явах ёстой. Иймд уул уурхайн бүхий л үйл ажиллагаа ил тод, нээлттэй байхаас гадна өндөр хариуцлагатай байх ёстой.  УУХҮЯ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг бодитоор дэмжсэн хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлд АмЧамын шинээр байгуулж буй Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороотой хамтран ажиллах болно” хэмээн онцлов.
Мөн тэрээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, тулгарч буй бэрхшээл, цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
 
 
Харин АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер  “Монгол Улс  ирэх гуравдугаар сард “Prospectors & Developers Association of Canada” конвенцийн уулзалтад оролцоно. Энэ уулзалтад  амжилт хүсье гэснээр яриагаа эхэлсэн юм.  Тэрээр ярихдаа, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бодлогын чанартай томоохон баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, тэр дундаа Уул уурхайн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа нь хуулийн давхцлыг арилгахаас гадна хөрөнгө оруулагчдын илтгэлийг сэргээж татахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. АмЧам Монгол нь  Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хороог шинээр байгуулж байгааг дуулгахад таатай байна. Тус хороо нь ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улмаар олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллана” гэв.
АмЧам нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог бөгөөд  Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар “АмЧам Монгол” нь Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг