sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/.ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр “Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааг хийж буй юм.
Тэгвэл тус судалгааны  дунд шатны  тайланг өнөөдөр хэлэлцлээ.  “Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны ажлыг  ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.
Хэлэлцүүлэгт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо.
Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлох аж. Улмаар нийслэлд сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой системийг бий болгох технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм байна.
Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард, “Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байна. Ялангуяа өвлийн улиралд эрчим хүчний энэ нөөцийн харилцан нөхөх боломж бага байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь зүйтэй. Тухайлбал цаг алдалгүй нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулах нь чухал юм” хэмээв.
Хэлэлцүүлэгт оролцогсод сэргээгдэх эрчим хүч ашиглахаас өмнө байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулахаас гадна дулааны тооцоонд хэрэгцээний халуун усны эрчим хүчийг оруулах хэрэгтэйг онцлов. Мөн агаарын бохирдлыг бууруулахад үндэслэл, тооцоо судалгаатай зөвлөмж чухал байгааг тодотголоо.
GIZ-ийн Хотын Нэксус төсөл судалгааны  тайланг энэ оны тавдугаар сард дуусгавар болгож Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох газруудад хүлээлгэн өгөх аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг