sonin.mn
Эзэн Чингис хаан мэндэлсний ойг орон даяар үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэж эхэлснээр “Монгол бахарал” хэмээн  урд өмнө төдийлөн бахархаж |хэрэглэж| байгаагүй төр, нийгмийн хэмжээний том ойлголт бий болж байна. Энэ санаачлага улам өргөжин  өсвөр үеэ хамруулж  буй нь тун сайшаалтай.  Бахархал олон янз л даа. Эх орноороо, эцэг эхэээрээ, үр хүүхдээрээ, эрэлхэг дайчдаараа, алдар цуутнуудаараа, хурдан хүлэг морьдоороо ... гэх мэт. Харин “Монгол бахархал” гэвээс улс үндэсний  хэмжээний болж байгаа юм.
Энд төрийн сүлд, тусгаар улс эх орны аюулгүй байдал, улс үндэстэн, өв соёл, нэр төр, мэргэн зохиолчийн маань хэлснээр бол хэл, хил, мал гуравтайгаа багтаж буй. Баяр цэнгэл шагнал болж, уриа хашгирах бол нэг хэрэг. Бид аливаа үйлийг хийхдээ гадна өнгөн талаас нь бус, дотоод утга чанарт нь ач холбогдол өгч түүндээ тууштай байвал сая мөн чанараа олно. Аливаад мөн чанарыг нь олж сурах бол том ойлголт юм. Монгол бахархалын өдрийг санаачлан хэрэгжүүлж буй төр маань өөрөө эзэн Чингисийнхээ сургаал үгээ санаж “Алд бие алдрахыг тэвчин, ахуй төрөө алдруулахгүй” байхыг ёсчлон хэрэгжүүлэх нь үеийн үед монгол төрийн бодлогын суурь нь байх учиртай юм. Ингэж чадваас төр өөрөө  иргэд олны итгэл, үнэмшил олж үндсэн үүргээ биелүүлэх боломтой болно. Энд Монгол төрийн бахархал оршино.
 Энэ сайхан оронд монгол хүн болж төрснөөрөө бид бахархдаг. Монгол  улс бол байршлийн хувьд үнэхээр онцгой, өргөн уудам нутагтай, асар олон мал сүрэгтэй, арвин их баялагтай, яаж ч бодсон ядуу байхын учиргүй амьдралд ээл түшигтэй орон юм. Энд байгалийн элдэв аюулаас хол, дайн дажин, нийгмийн аюулт халдварт өвчин, далайн хар шуурга, цунами, их үер, газар хөдлөлтийн гамшиг болдоггүй, илэрхий дайсан, алан хядагчид, цагаачид байхгүй эргэн тойрондоо хоёр хүчирхэг гүрэн дунд амар тайван амьдарч байнаа бид. Энэ сайн байршил боломжоо ашиглан түймэр, малын халдварт өвчин, утаа болон оффшорчтоос салж ард иргэдээ ядуурлаас гаргах төрийн шийдэл  хэрэгтэй. Энэ бүх боломж улс дотроо, бидний гар дор байгаа зүйл. Иргэний дайн хийгээд элдэв аюулд автаж буй бусад газар орон ямар байгааг бид харж байгаа. Хүн гэдэг амьтан цаг үеийг сонгож төрдөггүй, тохиосон цаг үе, орон зайд төрөөд өөрийн боломжоор хөдөлмөрлөн үр хүүхдээ өсгөн амьдарч байгаад дараа нь хорвоог орхидог жамтай. Иймээс бид эл таатай нөхцөлд төрж амьдрах хугацаандаа эв найртай байцгааж, бүтээлч хөдөлмөрөөрөө  улсаа орноо хөгжүүлж сайн сайхан амьдралд хүрэх учиртай  юм. Энэ бол ийм байршил, ийм цаг үед амьдарч буй бидэнд бурханаас заяаж буй онцгой боломж, энэ  оронд монгол хүн болж төрсөний хувь тавилан  юм. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал монгол хүний бахархал болно
Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон залуусаараа бид бахархдаг. Хөгжье гэвэл бид хар ажлаар бус мэдлэг боловсролоороо өрсөлдөх ёстой. Өсвөр хойч үеэ бид мэдлэг боловсролтой, бүтээлч, хүч чадалтай болгохын зэрэгцээ эх оронч хүмүүжилтэй, шударга, ёс жудагтай монгол иргэн болгож амьдралд гаргах учиртай юм. Хотыг нь харлуулж, халаасыг хоосолж байгаад бэлдэж гаргасан боловсон хүчнээ гадаадад хар ажил хийлгэхээр илгээх бус тэднийг ажлын байраар хангах үүргийг төр хуулиар хүлээж орон сууц болон бусад хөнгөлөлт үзүүлэх нь монгол төрийн оновчтой бодлого зөв шийдэл болно. Иймээс залуусаа бид төрийн мэдлийн их, дээд сургуулиуддаа сургалтын төлбөргүйгээр мэргэжил боловсролтой болгоё. Тэд төгсөөд төрсөн нутагтаа очин өөрсдөө ажлын байртай болж мөн нэмж бусдад бий болгосноор  орон нутгаа хөгжүүлж бид залуусаараа бахархах учиртай юм. Энэ бүхний ард Монгол бахархал гэдэг ойлголт бат суурьтай орших болно.
Өчүүхэн галын дөл байвчиг түнэл харанхуйг гийгүүлдэг. Тэр гэрэл гэгээ орон гэрт тань, сэтгэл зүрхэнд тань өнө мөнхөд оршиж байхын өлзий төгс ерөөл дэвшүүлж, бүх монголчууд, дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдарч, сурч буй улаан залаат, хөх толбот монгол түмэн, сонин.мн болон ФБ-ийн өргөн олон уншигч Танаа гарч буй шороон нохой  жилийн мэнд дэвшүүлэн амар мэндийн цэнхэр хадгаа дэлгэн энэхүү “Монгол бахархал” хэмээх бичвэрээ   өргөн  баръя.
Хүндэт Уншигч Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
Найдансүрэнгийн Бадарч