sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингээд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлсэн. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
Нийтдээ Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай. Хамгийн сүүлд Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэн баталсан билээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг