sonin.mn
ТОКИО. /Би-Би-Си/. Японы нэгэн компани 2041 онд болох байгуулагдсаныхаа 350 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хамгийн өндөр модон барилгыг барихаар төлөвлөжээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, “Sumitomo Forestry” компани  70 давхар “W350” цамхгийнхаа 10 хувийг л ган төмрөөр хийх аж. 180 мянган шоо метр буюу 8000 айлын орон сууц барихад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний мод энэ барилгыг барихад орох юм байна. Тус барилгыг барихад ижил хэмжээний ердийн барилга барихаас хоёр дахин их мөнгө буюу 600 тэрбум иен орно гэсэн тооцоог компанийн албаны хүмүүс гаргажээ.
Канадын Ванкувер хотод байдаг 53 метр өндөр, оюутны нийтийн байр нь одоогоор дэлхийн хамгийн өндөр модон барилга гэгдэж байна.
“W350” цамхгийг оффис, дэлгүүр, зочид буудал болон орон сууцны чиглэлээр ашиглахаар төлөвлөсөн гэнэ.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг