sonin.mn
Монголын эзэнт гүрний баруун хаяа болсон Алтан ордны улсын хаадын зоосны арвин цуглуулгатай Д.ЭРДЭНЭ-ОЧИРТОЙ ярилцлаа. Тэрбээр Бат хааны удмынхны тамгатай зоосыг онцлон цуглуулдаг нэгэн юм. Түүний цуглуулгад Чингис хааны ач хөвгүүд болох Бат, Бэрх, Мөнх, Аригбөх хаадын зоос ч бий. Мөн цөөн тооны цуглуулагчид байх Даштөмөр хааны тамгатай зоос, одоогоор хоёр хувь олдоод буй Богд хаант Монгол Улсын Засгийн газраас хэвлүүлсэн “Бага болзоот” өрийн бичгийн эх загвараар сан хөмрөгөө баяжуулжээ.
 
-Зоос цуглуулагч гэх шинжлэх ухаанч хоббитой амьдралаа холбосон түүхээсээ бидэнтэй хуваалцана уу?
 
-Би хүүхэд байхаасаа зоосон мөнгө цуглуулсан. Ер нь манай үеийнхэн шуудангийн марк, мөнгөн тэмдэгт, зоос, пянз зэргийг сонирхон цуглуулдаг хоббитой байсан. Миний зоос цуглуулах эхлэлийг аав минь тавьсан юм. Намайг хоёрдугаар ангид сурч байхад аав минь Украйнд эрдмийн зэрэг хамгаалаад ирэхдээ XVIII зууны үеийн гуравтын зоосон рубль бэлэглэж билээ. Түүнээс хойш зоос, мөнгөн тэмдэгт цуглуулахаас гадна Монголын эзэнт гүрний зоосны талаар судалж, цуглуулдаг болсон. Тэр дундаа Бат хааны удмынхны тамгатай зоосыг сэдэвчлэн цуглуулахыг хичээдэг.
 
-Бат хааны тамгатай зоосыг яагаад онцлох болов. Алтан ордны улсын үеийн зоос цуглуулагчид заавал байх ёстой ёстой зоос гэж бий юү?
 
-Монголын эзэнт гүрнийг захиран суусан хаадаас Зүчийн удмынхан зоосон дээрээ ургийн тамгаа дэлдүүлдэг байсан нь сонирхолтой санагдсан. Чингис хааны наран тамгаас улбаалсан онгитой тамгыг алтан ургийн хаад эзэмшиж байсан. Энэхүү тамга нь “Би бол Чингис хааны удам, цагаан яст алтан ургийн хүн" гэдэг баталгаа юм. Гэхдээ хаан ширээ, эрх мэдэл нэг хаанаас нөгөөд дамжихдаа тамганы хэлбэрт бага зэргийн өөрчлөлт оруулсан байдаг. Монголчууд 1217 онд Кашкарыг довтлоод анхны зоосон мөнгөө дэлдүүлсэн. Тэр бол Алтан ордны улсын зоосоор сэдэвчилсэн цуглуулагчид заавал байх ёстой, цуглуулгынх нь чимэг юм.
 
-Аливаа цуглуулга, тэр дундаа зоос олон сайхан түүх өгүүлдэг. Энэ утгаараа хамгийн их түүхтэй, ховор зоосныхоо талаар сонирхуулна уу?
 
-Зоос бол хүн төрөлхтний түүх юм. Монголын эзэнт гүрний баруун хаяа болсон Алтан ордны улсын түрүү үеийн арван хааны дэлдүүлсэн мөнгөн зоосыг би тусгайлан цуглуулдаг. Алтан ордны хаадын төр барьсан хугацаа богино ч үлдээсэн дурсгал нь их. Ер нь алт, мөнгөн зоос нь зэс зоостой харьцуулахад нэн ховор. Маш богино хугацаанд төр барьсан Даштөмөр хааны дэлдүүлсэн зоос надад бий. Энэ зоосыг би удаан хайсны эцэст багагүй хөрөнгө зарж авсан. Зарим Орос цуглуулагч Даштөмөр хааны зоосыг мэддэггүй юм. Ер нь энэ зоостой хүн цуглуулагчдын дунд гарын таван хуруунд багтана. Даштөмөр хааны зоос ховор учраас мэргэжлийн цуглуулагчид ач холбогдлыг нь өндрөөр үнэлдэг. Надад байгаа тэрхүү зоосны нэгж нь бага ч далайц том шүү. Сонирхдоггүй хүнд “Ганц жижигхэн зоосонд 5000 ам.доллар зарцуулаад сонин юм” гэж санагдаж магадгүй. Гэхдээ би сонирхлынхоо төлөө гар татдаггүй.
 
 -Зоосны цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ. Цаг хугацаа өнгөрөх тусам хуучны ховор зоосыг олоход бэрхшээлтэй байдаг уу?
 
-Олдоц үнэхээр ховор. Өөрөө л энд тэндээс олж авдаг. Ер нь зоосыг олдцоор нь элбэг, ховор, маш ховор, нэн ховор гэж дөрөв ангилдаг. Энэ зэрэглэлийг олон улсын дуудлага худалдаагаар тогтоодог юм. Чингис хааны удмынхны дэлдүүлсэн дөрвөн төрлийн мөнгөн зоосноос гурав нь надад бий. Мөнгөлсөн зэс болон алтан зоосыг цуглуулгадаа нэмэрлэж амжаагүй байна. Гэхдээ Хархорин хотын малтлагаас олдсон “Хорум” гэсэн бичигтэй Мөнх хааны алтан зоос цуглуулгад минь бий. Батын удмын хаад цөөн газар зоос дэлдүүлдэг байсан. Түүхэнд хоёр Сарай хэмээн үлдсэн Бат Сарай, Бэрх Сарай хотыг дурдаж болно. Алтан ордны нийслэл байсан Сарай хотыг Волга мөрөн үерлэж газрын хөрснөөс арчсан гэдэг. Тиймээс хот төдийгүй Монгол ноёдыг хөдөөлүүлдэг газар усанд автаж, археологийн малтлага судалгаа явуулахад хүндрэлтэй болсон. Харин сүүлийн жилүүдэд голын ус татарч Алтан ордны түүхтэй холбоотой дурсгал, тэр дундаа мөнгөн зоос мэр сэр олдож эхэллээ. Орос, Дундад Азийн цуглуулагчдаас сонирхсон зоосоо худалдаж бас солилцож авдаг. 
 
-Алтан ордны хаадын зоосон дээр ургийн тамгаас гадна цэцгэн хээ дэлдүүлсэн байдаг юм билээ. Ер нь Монголын эзэнт гүрний үеийн зоосон дээр ямар дүрс сийлдэг байсан юм бол?
 
-XIII-ХIV зууны Монгол хаадын зоосон дээр хээ угалз, нар сар, амьтан, хүн малын дүрс зонхилно. Ялангуяа Алтан ордны улсын зоосон дээр ийм дүрс хамгийн элбэг тохиолддог. Алтан ордны хаад зоосныхоо нүүрэн талд нь овгийн тамга, өөрийн нэр, ар талд нь дэлдсэн газрын нэр болон дүрс чимэглэл цутгуулдаг. Монгол хаад захиран суусан улс, үндэстнийхээ шашин, соёлыг хүлээн зөвшөөрч, их бага хэмжээгээр тэдэнд ууссан байдаг. Батын дүү Бэрх исламын шашинд орсон Алтан ордны анхны хаан. Алтан ордны түрүү үеийн хаад Исламын шашныг төрийн шашнаар зарласан ч Монгол ахуй соёлоо мөрдөж байсны баталгаа бол зоосон дээр дэлдүүлсэн хээ угалз юм. Тиймээс би Бат, Бэрх хааны тамгатай зоосыг цуглуулах дуртай. Батхааны удмын Жаныбек, Узбек зэрэг хожуу үеийн хаадын зоосон дээр ихэвчлэн цэцэг дэлдүүлсэн байдаг. Ер нь цэцэг, бар, загас зэрэг ан амьтныг зоосон дээрээ дэлдүүлээд эхлэхээр Монгол ахуйгаасаа холдсоны дохио юм. Мөн Алтан ордны Исламын шашинд орсон хаадын зоосон дээр “Аллахаас дээш тэнгэр үгүй”, “Аллах бол бүхний эзэн” гэсэн калима буюу Исламын шашинтны тунхаглалыг дэлдүүлсэн байдаг. Хэдийгээр Алтан ордны ноёд исламын шашинд бүрэн орж ууссан ч Чингис хааны наран тамгаас улбаалсан хувийн тамгаа орхилгүй зоосон мөнгөндөө дэлдүүлж ирснээрээ ач холбогдолтой. Оросын эзэнт гүрэнд хамгийн сүүлд дагаар орсон Крымийн хаант улсын зоосон дээр Батын удмынхны тамга бий. XV зууны үед Крымийн худалдаачид Венецийн худалдааны гудамжийг түрээсэлж байсны баталгаа болох онгитой тамга сийлсэн хана Венецид байдаг.
 
-Мөнх, Аригбөх хаан Алтан ордны улсад зоос бэлдүүлсэн гэхээр сонин санагдаж байна. Тулуйн угсааныхан уугуул монгол нутгийг захирч байсан байх
аа?
 
-Мөнх, Аригбөх хаан Хархорумд төвлөн сууж байсан нь үнэн. Гэхдээ Мөнх хааныг нас барсны дараа Хубилай Аригбөх нар эрх мэдлийн төлөө тэмцэлдэхэд Алтан ордны Бэрх хаан Аригбөхийг дэмжиж байсан юм билээ. Тиймээс нүүрэн талд нь “Их хаан Аригбөх" ар талд нь “Булгарт дэлдүүлэв” гэсэн бичигтэй Аригбөхийн тамгатай гурван зоос дэлдүүлсэн байдаг. Аригбөхийг их хаан хэмээн өргөмжилж, түүний овгийн тамгыг сийлсэн энэ зоос Алтан ордны 4 улсад 1260-1264 оны үед гүйлгээнд нэвтэрсэн гэж түүхчид үздэг. Ер нь Оросын цуглуулагчид Монгол, Хятадын түүхтэй холбоотой зоос, цаасан мөнгө, шуудангийн маркны фондоороо дэлхийд тэргүүлдэг. Оросын Газарзүйн нийгэмлэгийн судалгааны ангиуд XIX, XX зууны эхэн үед Төв Ази, Хойд Хятадыг сайтар судалсан. Тухайлбал, Монголд зургаан удаагийн судалгааны аялал зохион байгуулсан Петр Козлов 1907-1909 онд Монгол-Сычуаний судалгааны аяллын үеэр эртний Хар хотын туурийг олж илрүүлсэн. Хар хотоос олдсон эртний эдлэлүүдийг Санкт-Петербургт шинжлэн судалсан байдаг.
 
-Танд хуурамч зоос худалдаж авах вий гэж эмээх үе тулгардаг уу?
 
-Цахим орчинд хуурамч зоос худалдаалах нь элбэг. Сүүлийн үеийн хуурамч зооснуудад Монгол бичгээр алдаатай бичихээс гадна гараар дэлдээгүй учраас үсгийн налуу нь ондоо байдаг. Гэхдээ судалгаа сайтай бол ацаг шүдний зөрүүг андахаа болино. XIII зуунд дэлдсэн хуурамч зоос ч бий. Эрмитажийн судалгааны төвд эртний арван зоосыг судалж хуурамчийг нь илрүүлсэн байдаг. 
 
-Цуглуулгаа нэмэхийн хэрээр сэтгэл ханамж авдаг байх?
 
-Зоос цуглуулах нь эцэс төгсгөлгүй аян юм. Бүгдийг нь цуглуулах боломжгүй. Цуглуулгаасаа сэтгэл зүйн таашаал, асар их тайвшрал авдаг. Хүмүүс янз бүрийн л юм цуглуулж байна. Ваар, заан, хун, шүдэнз гээд л цуглуулж болохгүй зүйл гэж алга.
 
-Богд хаант Монгол улсын “Бага болзоот” хэмээх үнэт цаасны эх загвар танд бий гэж сонссон. Энэ ховор эдийг та хэрхэн олж авсан бэ?
 
-Богд хаант Монгол улсын Сангийн явдлын яамнаас 1921 онд цаасан дэвсгэртийг зургаан хувийн хүүтэйгээр гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Богд хааны үед гаргасан энэхүү үнэт цаасны эх загвар хоёр хувь олдсоны нэг нь надад бий. Ер нь аливаа мөнгөн тэмдэгтийн эх загварыг цөөн тоогоор үйлдвэрлэдэг. “Бага болзоот” гэх энэхүү үнэт цаасны нэг эх хувийг Москва хот дахь Оросын түүхийн музейд хадгалдаг юм. Оросын түүхийн музей дэх үнэт цаасны эх загварыг хувь хүнд үзүүлдэггүй юм билээ. Эрдэм шинжилгээний ажилд тусгайлан ашиглуулах зорилгоор судлаачдад үзүүлдэг. “Бага болзоот”-ын эх загварын зургийг би “Оросын цаасан мөнгө мянган жилд” гэх номоос олж харсан. Оросууд энэхүү үнэт цаасыг Оросын мөнгөн тэмдэгт гэж үздэг. Харин би Богд хааны Засгийн газраас соёрхон баталсан Их хүрээнд эх загварыг нь бэлтгэсэн гэдэг утгаар Монгол Улсын үнэт өвд тооцож байгаа. Тиймээс олон жил сурагласны эцэст дөрвөн жилийн өмнө эх загварыг нь цуглуулгадаа нэмсэн. 
 
-“Бага болзоот” хэмээх тэрхүү цаасан дэвсгэрт өнгө үззмж сайтай, өвөрмөц сонин түүхтэй байх?
 
-Гамин цэргүүд Барон Унгернд хөөгдөж гарахдаа Хүрээний хэвлэх үйлдвэрийг шатаасан. Тиймээс “Бага болзоот”-ыг модон барын аргаар үйлдвэрлэж, Монгол бичгээр гараар бичсэн гэдэг. Мөнгөн тэмдэгтийг малаар баталгаажуулж гаргасныг “Бага болзоот” гэж нэрлэж байжээ. Мөнгөн тэмдэгт нь 20, 25, 50, 100-тын долларын дэвсгэртээр гаргасан юм билээ. “Бага болзоот” магадгүй Монголын Засгийн газрын анхны үнэт цаас байх. 
 
-Зоос цуглуулах нь танд нэр төр, эд хөрөнгийн алийг нь авчирдаг вэ?
 
-Цуглуулгаа анх эхлэх үед зоосны олдоц болон үнэ ханш боломжийн байлаа. Харин сүүлийн үед өөрт байхгүй зоосоо худалдаж авах гэхээр санхүүгийн бэрхшээл тулгарах болсон. Зарим илүү зоосоо худалдаж хэрэгтэй гэж үзсэн, дурласан зоосоо худалдаж авдаг. Би Монгол хаадын сүр хүчний бэлгэ тэмдэг болсон зоосон мөнгөний дээжис Монгол Улсад байх ёстой гэж боддог. Казань хотод болсон Алтан ордны зоосны судалгааны хуралд би 2016 онд суусан юм. Тэгэхдээ Оросын цуглуулагчдад байсан Мөнх, Аригбөх хаадын дэлдүүлсэн зоосыг худалдан авч сан хөмрөгөө баяжуулсан. Тиймээс эд хөрөнгө гэхээс илүүтэй нэр төрийг чухалчилдаг. Мөн зоос цуглуулахад хувь хүнээс маш их хөрөнгө зарж, асар их судалгаа шаарддаг. Надад зоосны тухай судалгааны ном цөөнгүй бий.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин