sonin.mn
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы нийслэл Токио хотын нэгэн их дэлгүүр гадаадын жуулчдад илүү сайн, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор цахим орчуулгын төхөөрөмжийг туршилтаар ашиглаж эхэлсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.
Хятадын Цагаан сарын үеэр хятадууд Япон орноор аялах нь илт нэмэгддэг учир Токиогийн Шинжүкү дүүрэгт орших их дэлгүүр өчигдрөөс уг төхөөрөмжийг туршиж эхэлсэн байна.
Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “NEC” компанийн хийсэн энэ төхөөрөмж нь хятад, англи, солонгос болон япон зэрэг хэлний орчуулга хийж чадах аж. Уг төхөөрөмж нь үйлчлүүлэгчдийн асуултад дэлгэцэн дээр бичгээр эсвэл дуу бичлэгээр хариулдаг гэнэ.
Дэлгүүрийн менежер ярихдаа “Гадаадын үйлчлүүлэгчид, тэр дундаа хятад жуулчид хүн ирж орчуулга хийхийг хүлээх дургүй байдаг. Тиймээс бид Хятадын Цагаан сар болж буй энэ үед хятад жуулчдад түргэн шуурхай үйлчлэх зорилгоор орчуулгын төхөөрөмжийг туршилтаар ашиглаж байна” гэжээ.
Туршилт энэ долоо хоногийн ням гарагийг хүртэл үргэлжлэх аж.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг