sonin.mn
ИСЛАМАБАД. /Ройтерс/. Нярайн эндэгдлийн түвшнээр Пакистан улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ өнөөдөр анхаарууллаа.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, ЮНИСЕФ амьдралынхаа эхний 28 хоногт хэр олон нярай эндэж байгаагаар нь улс орнуудын нялхсын эндэгдлийн түвшинг тогтоосон байна.
Пакистанд 1000 төрөлт тутамд 45.6 нярай эндэж байна. Тус улсын араас Төв Африкийн Бүгд Найрамдах Улс /1000 төрөлт тутамд 42.3 нярай эндэж байна/, Афганистан /40/ болон Сомали /38.8/ орж байна.
Дэлхийн хэмжээнд жилд нэг сар хүрэхээсээ өмнө 2.6 сая нярай энддэг аж. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 7000 нярай энддэг гэнэ.
ЮНИСЕФ-ийн судалгааны тайланд дурдсанаар, нярайн эндэгдлийн 80 гаруй хувь нь төрөхийн хүндрэл, халдварт өвчнүүд, тухайлбал уушгины хатгаа, цусан халдвар болон менингиттэй холбоотой аж.
Нярайн эндэгдлийг бууруулахын тулд эмч нарын чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахыг ЮНИСЕФ улс орнуудад уриаллаа.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг