Нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаныхан шар усны үерт автаж болзошгүй газарт амьдарч буй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч,  шар усны үерт автахаас сэрэмжлүүлэв. Улиастайн голын даланд 60 гаруй айл оршин суудаг.  Даланг 1973 онд барьсан бөгөөд 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна.
Геодези усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Үерийн хамгаалалттай барилга байгууламжид иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууж, хашаа барьж амьдарсаар байна. Тур дундаа Улиастайн голын далан дагуу одоогийн байдлаар 60 гаруй айл өрх амьдарч байгаа юм. Айлууд далангаас 10 м-ийн зайд суурьших ёстой. Гэтэл далан дээр хашаа хатган, гэр барьж амьдарч байгаа нь эргээд тус иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж амь насыг хохироох эрсдэлтэй. Сүүлийн үед энэхүү даланд шороо асган газрыг тэгшилж зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байгааг ойр орчмын иргэд манай байгууллагад мэдэгдсэн. Бидний зүгээс үерийн эрсдэлтэй бүсэд байгаа эдгээр айлд байнга сануулга, шаардлага өгдөг. Эрх зүйн орчин дутмаг учраас  иргэд бидний шаардлагыг хүлээж авахгүйгээр хохирох тохиолдол цөөнгүй байдаг. Улиастайн голын даланг 1973 онд барьсан. 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байдалтай байна. Улаанбаатар хотод үер усны хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр буусан 1279 айл өрх, 321 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрт удаа дараа мэдэгдэх хуудас өгч, шаардлага хүргүүлдэг боловч иргэд өөрсдийн ухамсраар нүүдэггүй.
Геодези усны барилга байгууламжийн газар нь иргэдийг үер усны аюулаас хамгаалхын тулд газар дээр нь шуурхай арга хэмжээ авдаг онцгой чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Манай байгууллага нь 24 цагаар ажилладаг шуурхай удирдлагын төвтэй. Төвөөр дамжин маш олон өргөдөл гомдол ирдэг. Үүний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэд өөрсдөө ухамсартай байж үерийн хамгаалалттай бүсэд буухгүй байхыг анхааруулж байна” гэв.
 
 
Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир “Үерийн далангийн ойр орчимд байгаа айлууд бүгд газрын гэрчилгээгүй. Тэр дундаа бидний зогсч буй газар болох Улиастайн гол бол усан сан бүхий бүсэд тооцогддог. Газрын тухай хууль болон НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу энгийн болон онцгой хамгаалалтын бүсүүдэд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр хийдэг. Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүйгээр буух айлуудын тоо нэмэгдэж байна.
Голуудын үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламж дотор амьдрах нь маш их  эрсдэлтэй. Газрын албаны зүгээс үерийн далан, хамгаалалтын бүсэд буух айлууд их байдаг учраас жил бүр судалгаа хийж урьдчилан сэргийлэх үүднээс шаардлага, мэдэгдэл хүргүүлдэг. Ингэсний эцэст хуулийн дагуу албадан чөлөөлөлтийн ажиллагааг эхлүүлдэг. Улиастайн гол дагуух энэ газарт албадан чөлөөлөлтийн ажлыг өнгөрсөн жилүүдэд хийж байсан. Гэсэн хэдий ч нэг айлыг нүүлгэхээр нөгөөх нь нүүгээд ирдэг. Тиймээс иргэдийг өөрсдийн амь нас, эрүүл мэнддээ анхаарч шар усны үерийн гол бүс болох далан суваг шуудуунд ойр оршин суухгүй байхыг анхааруулж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.