sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
 
-Сүүлийн хэд хоног Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж Ерөнхийлөгч Х.Баттулгын захидлыг Д.Трампад уламжиллаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Конгрессийн гишүүдтэй уулзаж Монгол Улсаас АНУ-д  оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй нийлүүлэх, Монгол Улсаас АНУ-д хууль бусаар очсон мөнгөөр авсан үл хөдлөх хөрөнгийг Монголд авч ирэх асуудлаар уулзсан гэж байсан. Явсан ажил хэр бүтэмжтэй байв?
 
-Монгол Улсын Ерөн­хийлөгчид АНУ, Израйлийн АЙПАК байгууллагаас 2018 оны жилийн уулзалтад ирж үндсэн илтгэгчээр оролцох урилга ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох боломж­гүй байсан учраас би төлөөлөн очсон. Гэхдээ үндсэн илтгэг­чээр ороогүй. Миний АНУ-д очсон гол зорилго Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй оруулах хууль гаргуулах талаар Конгрессийн хоёр танхимын гишүүд, Худалдааны яам­ны хүмүүстэй уулзсан. Хоёрдугаарт, АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Сангийн яам, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгүүдийг буцаан өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзаж оффшор болон манайхаас хууль бусаар АНУ-д үл хөдлөх хөрөнгө болон хувирсан хөрөнгийг хэрхэн буцаан авах талаар уулзалт хийлээ.
Ерөнхийлөгчийн захидал шинэ оны өмнө явсан. Хариу нь хоёрдугаар сарын 22-нд ирсэн л дээ. Төрийн тэргүүн захидалдаа “Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хоёр зүйл дээр тусламж хүсэж байна” гэсэн утгатай захидал илгээсэн. АНУ-ын Конгрессийн дээд, доод танхимыг Монголд зориулан хууль гаргаж өгөөч гэсэн юм.
1990 оны эхээр байсан оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах хуулийн хүрээнд 30-35 мянган оёдолчин эмэгтэй ажилтай байсан. Уг хууль 5-6 жил орчим хүчин төгөлдөр байв. 1990 оны дундуур АНУ-ын нэн тааламжтай нөхцөлтэй гэдэг статуст нь манайх багтдаг байсан. БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад орсонтой холбогдуулан дэлхий нийтээрээ АНУ-тай нэн тааламжтай нөхцөлийн статус үгүй болж, аль нэг улсад давуу эрх олгохгүй гэчихсэн юм. Тиймээс манайд байсан оёдлын үйлдвэрүүд хаалгаа барьж, оёдолчин эмэгтэйчүүд ажилгүй болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга монголчуудаа ажилтай болгохын тулд уул уурхай дээр нэмээд ажлын байр үүсгэдэг өөр бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй. Тэр дундаа АНУ-тай явж ирсэн худалдааны нэн тааламжтай нөхцөлийг сэргээе гэсэн юм. Гайти, Непал, Лаос, Камбож зэрэг орон АНУ-тай сайн харилцаатай гэдгээрээ улсынхаа нэртэй хууль гаргуулсан байдаг. Тиймээс Монгол Улс 30 жил болсон энэ харилцаагаа тэмдэглэж, ийм хууль гаргахад тусална уу гэсэн албан бичиг явуулсан.
Хоёрдугаар үндсэн асуудал нь Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзахдаа, мөн АНУ-ын Төрийн департментын туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй уулзах үеэрээ хөндөж ярьж байсны дагуу оффшор бүст  байгаа манай авлигачдын хөрөнгийг эргүүлж авахад мэдээллийн тусламж үзүүлэх мөн тус улсад очоод үл хөдлөх хөрөнгө болчихоод байгаа Монголын хөрөнгийг буцааж авъя гэдэг хүсэлтийг АНУ-ын хуулийн байгууллагынхантай ярилаа.
 
-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй, квотгүй оруулах боломж байгаа юм уу?
 
-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй оруулах асуудлын хүрээнд Конгресс болон АНУ-ын Сангийн яам, Худалдааны яамныхантай уулзсан. Тэд “Бид судалж үзье. Хууль санаачлах гишүүдээ олоод хуулиа санаачилчихаад хэлээрэй. Бид дэмжинэ” гэдэг амлалттай ирсэн. Нэг улсад тусгайлан хөнгөлөлт үзүүлэхгүй байх гэдэг Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг улс орнууд барихаа больж худалдаа чөлөөтэй байхаа больж эхэлж. Хятад улс пуужингаас хамгаалах системд зориулж газраа төрд өгсний төлөө Өмнөд Солонгосын LOTTE группын бүтээгдэхүүнийг авахаа болих жишээтэй. Үүн шиг Далай ламыг Монголд ирсний дараа “Танай нүүрсийг авахаа болилоо” гэдэг дарамт шахалт үзүүлдэг гэх мэтчилэн худалдаа чөлөөтэй байх дүрэм ажиллахгүй байна. Өнгөрөгч пүрэв гаригийн үдээс хойш АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар тавьсан. Мексик, Канад, Австралид уг хууль үйлчлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнтэй адилхан зөвхөн Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй авна уу гэж хүссэн. Ингэж чадвал манай ноолуур 100 хувь бэлэн бүтээгдэхүүн болохоос гадна Хятадын ноолуур манайд үйлдвэрлэгдэн цамц болоод АНУ руу гарах боломжтой.Монгол Улс  дэлхийн ноолуурын талыг нь гаргадаг учраас уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хамгийн гол нөөц. Эцсийн зорилго нь сонгуулийн үеэр ярьсан ажлын байр нэмэгдүүлэх асуудал. Ажлын байр үүсгэдэг салбараа дэмжиж босгохгүй бол ажлын байр төдийлөн үүсгэдэггүй уул уурхайн 17 хувийн өсөлт ч гэсэн нийт ард түмэнд наалдахгүй байгааг сүүлийн 10-аад жил харлаа.
 
-Хэдий хэмжээний өртөг бүхий ноолуур гарах юм бол?
 
-Манай ноолуурыг боловсруулаад бүтээгдэхүүн хийгээд гаргахад нэг тэрбум ам.долларын экспорт байгаа юм. Оюу толгой бүх хүчин чадлаараа ажиллалаа гэхэд таван мянган хүн л ажлын байртай болно. Гэтэл нэг тэрбум ам.доллар дээр 200 мянган малчин айлаас эхлээд хэдэн арван мянган оёдолчин сүлжигч ажлын байртай болно. Мөн даавуугаар хийдэг бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Үүнд: Даавуу нь гадаадаас ирэх боловч оёдолчдын ажлын байр, цалин нь Монголд үлдэнэ. Ийм ажлаар яваад ирлээ.
 
-Монгол Улсаас хууль бусаар гарсан хөрөнгө АНУ-д үл хөдлөх хөрөнгө болж байршсан, уг мөнгийг Монголд оруулж ирэх талаар яриа хийсэн гэлээ. АНУ-ын тал хэр нааштай хүлээж авсан бэ. Монголоос гарсан мөнгө хэдий ч өөрсдийнх нь нутагт үл хөдлөх хөрөнгө болчихоор үүнийг шийдэж өгөхөд түвэгтэй биш үү?
 
-АНУ хоёр гараа өргөөд дэмжиж байна. “Бид га­даадын диктаторууд, ав­лига, оффшорын мөнгийг хадгалдаг, хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас олсон орлогоо мэдүүлдэг ёстой. Бид хуулиа барина” гэсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж ажлаа аваад Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтад би орсон. “Ерөнхий сайд асан С.Баяр долоон байшин АНУ-д авчихлаа. Та нар сошиалаар дүүрэн байгаа гэрийнх нь хаягтай зүйлийг нь яагаад тогтоохгүй байна вэ. Хүүхдүүдийнх нь нэр дээр байгаа байшингуудыг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Хуулиараа хамаарал бүхий этгээд гээд заачихсан учраас үр хүүхдүүдийнх нь хөрөнгийг хүртэл мэдүүлдэг болсон. Ийм байхад та нар яагаад Ерөнхий сайд асан С.Баярт арга хэмжээ авдаггүй юм бэ” гэж Ерөнхийлөгчийг асуухад тэд “Манай авлигачдын хөрөнгө байгаа Англи, АНУ, Сингапуртай эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэрээ байхгүй учраас нөгөө улсын хуулийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллахгүй байна” гээд бидний амыг таглаад байсан.
Тиймээс би АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцааж өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзахад “Дөнгөж зах зээлд шилжсэн зүүн Европын орнууд, Монгол Улс шиг орнуудад ийм хүндрэл байдаг. Бид 2014 оноос хойш танай АТГ, Ерөнхий прокурорын газарт цуврал сургалтууд явуулсан. Та нар өөрсдийн хөрөнгийг гадаад улсад байгааг мэдэх юм бол ийм захидал бичиж, буцааж авч болно гээд захидлаа яаж бичихийг нь хүртэл зааж өгсөн.Манай хуулийн байгууллагууд энэ тал дээр ганц ч алхам хийгээгүй. Гэтэл Румын улс авлигын хэргүүдээ яаж шийдэж байгаа билээ. Монгол Румын болон зүүн Европын орнууд Дэлхийн банкнаас адил хэмжээний туслалцаа авсан байдаг. Миний уулзсан байгууллагууд хэлэхдээ “Яг энэ хулгайлагдсан хөрөнгөө буцааж авахад эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй байх шаардлагагүй болсон. НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн дагуу хүсэлтээ гаргахад л болно. Тэр конвенци ЭЗХТ гэрээг орлодог, өргөдлөө ингэж бичнэ гээд захианы эхийг нь хүртэл зааж өгсөн” гэж байсан. Хуулийн байгууллагуудаас С.Баярын долоон байшингийн араас хөөцөлдөлгүй яагаад ингэж өөгшүүлээд байгаа юм бэ гэхээр “Бид хаана, хэдэн ам.долларын үнэтэй байшин байна вэ гэдгийг олж тогтоосон.
Гэхдээ энэ байшинг авсан мөнгөө Ерөнхий сайд асан С.Баяр манай хүргэний бэлэг, Даваанямын бэлэг гээд яриад байна” гэдэг. Тэр хүмүүсийг нь дуудаад тогтоож болдоггүй юм уу гэхээр “Тэр байшинг  худалдаж авсан мөнгө хэний данснаас яаж дамжин орсон нь мэдэгдэхгүй байна” гэдэг л дээ. АНУ-ын талаас “Та нарт тийм шаардлага байгаа бол манайд хүсэлтээ гарга. Хаанаас ямар мөнгөөр авсан гэдэг гүйлгээнийх нь баримтыг бид өгнө. Танай шүүх шийдвэрээ гаргах юм бол энэ байшингуудыг дуудлага худалдаанд оруулаад мөнгийг нь улс руугаа авч болно” гэсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргалын яриад байсан зүйл худлаа болсон. Манайд тийм боловсон хүчин байхгүй гэдэг нь худлаа. Англи хэлтэй хүмүүсээ сургасан юм билээ. Түүнчлэн явуулах бичгийг нь хүртэл зааж өгсөн. Адилхан нөхцөлтэй Румын болоод байхад адилхан сургалт авсан Монголын АТГ, прокурор ажиллахгүй байгаа нь хүсэлгүй байна гэсэн үг. Ийм боломж байгаа. Хуулийн байгууллагууд үүнийг ашиглацгаа. Хулгайлагдсан мөнгийг нь эргүүлж олж өгье гэдэг эерэг хандлагатай, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байхад бид араас нь хөөцөлдөхгүй бол бидний л буруу болно.
 
-Манайхан боломжоо ашиглах тал дээрээ хойрго байгаа юм байна, тийм үү?
 
-Нэгдүгээрт, дэлхий даяараа авлига, оффшор, татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэг нь нэг улсад хийгдэхээ больж олон улсыг хамардаг болсон тул олон талын хамтын ажиллагаагаа хөгжүүлжээ. Дэлхийн бүх оронд байгаа шиг тийм боломж Монгол Улсад шинээр бий болж. Нэг улсад авлигаар авсан мөнгөө нөгөө улсад зарцуулдаг тул улсуудын хууль сахиулах байгууллагууд хүнд суртлаа хойш тавьж илүү шуурхай хамтран ажилладаг болсон.
Хоёрдугаарт, үндэстэн дамнасан том корпорациудын татварыг авах хүрээнд дэлхийн татварын албадын хамтран ажилладаг Глобал форумд Монгол Улс нэгдүгээр сарын 15-нд орсон. Оюу толгой дээр хөрөнгө оруулалт хийсэн гэхээр нь “Хаана хийсэн бэ” гэхээр материал нь олддоггүй. Б.Чойжилсүрэнгийн үед орно гэж байгаад Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод больчихсон. Үүний дараа хар жагсаалтад ороод нөхцөл байдал буруу тийшээ эргэсэн. Дэд сайдынх нь албан бичгийг үгүйсгэж байгаад Глобал форумд орсныг санаж байгаа байх. Энэ байгууллагын гишүүн болсноор Монголд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудын татварын тайланг бид бусад улсад өгөх үүрэгтэй. Тэр корпораци өөр орнуудад явуулснаа манайд татварт тооцуулна гэвэл татварын баримтыг бид авах эрхтэй болж байна. Нэг улсад оруулсан хөрөнгө оруулалтаа заагаад бусдыг нь нуудаг байдал хаагдаж байгаа юм. Тиймээс татвараа олж ав, авлигын журмаар хөрөнгөө алга болгочихгүй байх тал дээр олон орны хуулийн байгууллага, Засгийн газар, Сангийн яамд хамтарч ажиллаж байгаа юм билээ. Бид нэн даруй энэ сүлжээнд нь орж тусламжаа авч, эргүүлээд туслах үүрэгтэй.
Ингээд явбал гадаадын хөрөнгө оруулалтаас авах ашиг, татвараа бүрэн авах боломжтой.
 
-Та АНУ руу яваад ирсэн. Гэтэл тэнд Монгол Улс Элчин сайдаа томилоогүй байгаа биз дээ. Япон, Канад мөн Элчингүй байна. Элчин сайдуудын томилгоо хэзээ хийгдэх вэ?
 
-Ерөнхийлөгч чуулган дээр маш тодорхой хэлсэн. Энэ хүмүүс очоод улсаа төлөөлөн ажил хийж чадахгүй. Тиймээс хуулийн дагуу гадаад яамандаа ажилладаг төрийн албан хаагчдаасаа шинэ Элчин сайд нарын нэрийг Засгийн газар УИХ-д оруулаад зөвшилцөөд ирвэл Ерөнхийлөгч шууд томилохоор байгаа. Гацаж байгаа газар нь Ерөнхийлөгч биш Улсын Их хурал.
 
-Ё.Отгонбаяр дэд сайдыг энэ долоо хоногт АНУ-д Элчин сайдаар явах гэж байна гэсэн мэдээлэл гараад байна л даа...
 
-Элчин сайдуудын нэрсийг зөвшилцөхөөр УИХ удахгүй тодруулах байлгүй.
 
-Монгол Улсын Ерөн­хийлөг­чийг гадаад ор­нуудад айлчлахгүй байна. Гадаад харилцаандаа ан­хаарахгүй байна гэсэн шүүмж­лэл гарч байгаа. Гадаад харилцаандаа хэр анхаарч байгаа вэ. Энэ жил Ерөнхийлөгч хаана хаана айлчлах юм бол?
 
-Ерөнхийлөгчийн айчлал харьцангуй зүйл. Төрийн тэргүүнээр сонгогдчихоод “Би танайд айлчилъя” гээд явчихдаггүй юм. Ерөн­хийлөгчөөр сонгогдоод нэг жил ч болоогүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч анхны ажлын айлчлалаа Владивостокт хийсэн. Ерөнхийлөгчийн айлчлал болдгоороо болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Гадаад харилцааны ажил сайн явж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч шиг сар бүр гадаад явснаар гадаад харилцаа сайн болчихгүй. Чанарын асуудал байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд найман жил алгасалгүй явсан байна лээ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт хуралд Ерөнхийлөгч зайлшгүй очих ёстой. НҮБ-ын хуралд явахад байрлах зочид буудлаас эхлээд нэлээдгүй их хэмжээний мөнгө гардаг. Тиймээс Ерөн­хийлөгч зайлшгүй шаардлагатай хуралд л явна. Ерөнхийлөгчийн явах шаардлагагүй хуралд Гадаад харилцааны сайд нь явж бай гэдэг байр суурьтай байгаа.
Энэ ондоо багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө Ерөнхийлөгч айлчилна. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн тал дээр хамтарч ажиллах, Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг хөрш орнуудтай болно гэж зорьж байгаа. Дүр үзүүлсэн харилцаа биш, үнэхээр сайн харилцаатай юм бол Монгол Улсаас түүхий эд биш боловсруулсан бүтээгдэхүүн ав гэж байгаа юм.
Түүхий эдээ зарахаар 30 гэр бүл л баяжаад байна. Боловсруулаад зарвал гурван сая монголчууд цалинтай, ажилтай, орлоготой болж өрөө дарна. Прагматик эдийн засагжсан гадаад бодлого. Тухайн улстай явж байгаа эдийн засгийн харилцаа, худалдаа байхгүй, 5-10 сая ам.долларын худалдаа хийж байгаа бол заавал айлчлал хийх хэрэг байна уу.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш 12 аймаг, долоон дүүрэгт ажиллаж 15 мянга гаруй иргэдтэй уулзаж, саналыг нь сонссон гэдэг статистик мэдээлэл бий. Төрийн тэргүүний иргэдтэй уулзаж буй уулзалтын гол зорилго нь юу юм бэ?
 
-Ерөнхийлөгч сонгогд­соноосоо хойш 12 аймаг, долоон дүүргийн 15400 иргэнтэй уулзсан байна. Уулзалтын гол зорилго өмнө хэлсэнчлэн сонгуулийн үеэр яригдсан ажлын байрны тухай асуудал байгаа юм. Ажлын байргүй бол ямар ч Их хурал, Ерөнхий сайд байгаад нэмэргүй. Ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг ҮАБЗ-ийн анхны зөвлөмжийг гаргасан. Иргэдийг ажилтай болгохын тулд зах зээлээ нэмье, Япон руу татваргүй бараа гардгаас гадна АНУ руу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ гаргая.
Ажлын байрыг бий болгох хүрээнд дэд бүтцийн ажлуудаа явуулж, төмөр зам, авто зам, цахилгаан станцаа барья гэсэн. Эхнээсээ ажил болоод явж байна. Иргэдийн уулзалтын үеэр мэдээж иргэдийн зүгээс өөрсдийн өмнө тулгамдсан зүйлсээ л ярина. Иргэдийн саналыг эрэмбэлээд үзэхээр тэтгэвэр, тэтгэмж амьдралд хүрэхгүй байна. Оффшор данстай хүмүүсийн мөнгийг оруулж ирэх, төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд анхаарах, орон сууцтай холбоотой асуудал, ажилгүйдэл, ядуурал, утаа, агаарын бохирдол,шүүх авлигатай тэмцэх асуудал, намаар ялгаварлан ажлаас халсан асуудлууд дээр иргэд түлхүү саналаа хэлж Ерөнхийлөгчийг анхаарал хандуулахыг хүссэн.
Тэтгэвэр яагаад иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болчихов гэхээр шинэ Их хурал гарч ирээд тэтгэврийн насыг нэмсэн. Үүнтэй хол­боотойгоор 60 настайдаа тэтгэвэрт гарна гээд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан чинь 65 настайдаа эрэгтэй хүн тэтгэвэрт гарна гэчихээр уг асуудал хамгийн ихээр иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл шинээр байгуулагдсан Их хурлын буруутай шийдвэрээс болсон. Мөн бүх ахмадын тэтгэврийг ижилхэн 27 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ хангалттай биш. Бүх хүнд тэтгэврийг тэгш нэмэх биш бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг ахиухан нэмэх ёстой. 600-700 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэвэр 27 мянгаар нэмлээ гээд ялгаа бараг байхгүй. Харин 200 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнд 27 мянган төгрөг биш 100 мянган төгрөг нэмсэн бол амьдралд нь нэмэр болох байлаа. Ерөнхийлөгч иргэдийн санал дээр тулгуурлан тэтгэврийн шинэчлэл хийх хүрээнд яам, агентлагуудаар судалгаа хийлгэж байна. Ажлын хэсэг байгуулагдсан.
Иргэдийн яриад байгаа дараагийн нэг анхаарал татсан асуудал нь гадаадад байгаа хөрөнгө, оффшортой холбоотой, энэ хүрээнд АНУ-д бүртгэлтэй байгаа хөрөнгийг шүүхийн тогтоолоо авч ирээд чөлөөтэй авч болно. Тэнд байгаа байшинг аваад ирэх биш зараад мөнгийг нь аваад ирчихнэ. Ийм байдлаар асуудлыг шийдэж болно. Хоёрдугаарт, АНУ-ын хуулийн байгууллага дэлхий даяар нөлөөтэй байдаг. Энэ нөлөөгөө ашиглаад бидэнд туслаач. Тухайлбал, Швейцарийн банк, Английн үл хөдлөх хөрөнгийн газар гэх мэтээр хамтран ажиллаж болно гэсэн байгаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзаж байхдаа эрсдэлгүй зээл буюу цалин, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар анхаарал хандуулж ажиллаарай гэсэн. Энэ ажил хэр бодит үр дүн өгч байгаа вэ?
 
-Тэтгэвэрийн зээлийн хүү буурсан. Харин цалингийн зээлийн хүүг бууруулж чадаагүй байна.
 
-Цаашид цалингийн зээлийн хүүг бууруулах боломж байна уу?
 
-Бүрэн боломжтой. Зээлийн хүү эх үүсвэрээсээ шалтгаалдаг. Зээлийн эх үүсвэр өндөр хүүтэй байвал зээлийн хүү өндөр л байна. Мөн эрсдлийн болон банкны ашигт ажиллагааны түвшинээс зээлийн хүү хамаараад байгаа юм. Монголбанк эх үүсвэрийн өртгийг бууруулах тал дээр арга хэмжээ авч болно. Одоохондоо түүндээ хүрээгүй байгаа юм билээ. Эрсдэл буурсан гэдгээрээ зээлийн хүү бага зэрэг буурсан. Үүнийг Ерөнхийлөгч хангалттай биш гэж байгаа. Илүү боломж бий.
Дэлхийд байхгүй зээлийн хүүтэй улсад бид амьдарч байна. С.Эрдэнэ гишүүн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл санаачилсан, хэлэлцүүлэг хийж байгаа. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоодог улс орнууд бий. Зарим тохиолдолд хэт өндөр хүүг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна л даа. АНУ-ын муж бүрийн зээлийн хүү харилцан адилгүй байх жишээтэй. Нью-Йорк мужид нэг сарын 25 хувийн хүүтэй бол гэмт хэрэг, 16 хувь бол зөрчил гэж хуульчилсан байдаг. С.Эрдэнэ гишүүний санаачилж буй хууль энэ чиглэлийнх байх болов уу.
Ардчилсан нам 2012-2016 онд нийт зээлийн багцын гуравны нэгийнх нь хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулсан. Бид санхүүгийн шинэ механизм ашиглаж, экспортод бараа гаргаж байгаа үйлдвэрүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хөнгөлөлттэй зээл өгсөн. Иргэдийн хамгийн их хэрэглэдэг ипотекийн зээлийн хүүг  15 хувиас бууруулж найман хувь болгосон, орон нутаг болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн байрнууд таван хувь болтлоо буурсан байсан. МАН гараад зээлийн хүүг бууруулах ажлыг үргэлжлүүлж явуулах болохоос биш шинэ зүйлийг бодож олж чадаагүй. Бид ипотекийн зээлийг найман хувь болгосон нь эх үүсвэрийг нь шийдэж чадсантай холбоотой. Дагаад хадгаламжийн хүү буурна гэсэн үг. Хадгаламжийн нэг жилийн хугацаа нь дуусангуут хүүг нь бууруулаад явчихаж болно. Тийм хүсэл, зориг Ардын намд байна уу, үгүй юу гэдэг л байна. Ардчилсан нам УИХ-д олонхи биш ч олон суудалтай байхдаа нийт зээлийн хүүг 30 хувийнх нь хүүг бууруулж  чадсан. Ардын нам дангаараа засаглаж байгаа үедээ нөгөө 30 хувийг нь бууруулчих. Зээлийн хүү бууруулах нь нэг өдөр хийгдэх ажил биш. Нийт эдийн засгийнхаа тэнцвэрийг харж байж хийгддэг. Дараагийн дөрвөн жилд нөгөө 30 хувийг нь буулгах маягаар явахаас биш ганц далайлтаар хийчихдэг ажил биш. Хэрэв тэгж болдог байсан бол дөрвөн жил үргэлжлэхгүй шүү дээ.
 
-Өнөөдөр тэтгэвэр авч буй нийт иргэдийн 70 хувь нь 240-270 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэдэг. Тэтгэврийн хэмжээг хэрхэн нэмэх боломжтой бол. Тэтгэврийн шинэчлэлийн талаар чиглэл өгөх ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн?
 
-Би хоёрдугаар сарын 9-нд ажлын хэсэг байгуулсан. Удахгүй үр дүнгээ танилцуулна. Тэтгэврийн асуудлыг Ерөнхийлөгч дангаараа шийдэхгүй. Ерөнхийлөгч яагаад тэтгэвэр рүү оролцоод байна вэ гэхээр “Одоог хүртэл явсан бодлого чинь хэр зөв бэ. Тэтгэвэр бага байна. Нэмэх хэрэгтэй. Тэтгэврийг нэмэхийн тулд яах вэ” гэсэн. Уг асуудлын хүрээнд Засгийн газрын холбогдох байгууллагууд асуудлаа судалж байна. Ерөнхийлөгч үүн дээр чиглэл өгсөн зарлиг гаргана. Ерөнхий сайд хамтарч гарын үсэг зурдаг чиглэл өгсөн зарлигийг заавал биелүүлэх ёстой байдаг. Ерөнхийлөгч, Засгийн газар тэтгэврийн бодлогоо өөрчлөх шаардлагатай бол өөрчилье, түрүүчийн Их хурлаар баталсан бодлого болж байна гэвэл хоёр жилийн хугацаанд юу хийв гэдэг асуулт гарч ирнэ.
Зөрүү арилгана гэдэг нэр томьёо бий. 1995 онд тэтгэвэрт гарсан хүнд өнөөдрийнх шиг тэтгэвэр өгнө гэсэн үг биш. 1995 онд тэтгэвэрт гарсан багш өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа багш хоёр ойролцоо тэтгэвэр авахыг зөрүү арилгах гээд байгаа юм. Түүнээс тэнцүү авч болохгүй. Сүүлд тэтгэвэрт гарсан багш нь илүү шимтгэл төлсөн. Засгийн газарт дахиад эх үүсвэр хэрэгтэй. Эх үүсвэр хаана байна вэ гэвэл уул уурхайн баялгаа өөрсдийн мэдэлд оруулж 30 гэр бүл ашиг хүртдэг биш нийтээрээ ашиг хүртдэг болж байж тэтгэврийн шинэчлэлийг хийнэ.
 
-Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн. Засгийн газар 60 хувьд нь олгож байна, ОУВС-тай тохирсон гээд байгаа л даа. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж бий юу?
 
-Ерөнхийлөгч зарчим ярьж байгаа. Хүүхдийг хүүхэд байхад нь чи баян, ядуу хүүхэд. Чамд хүүхдийн мөнгө олгоно, олгохгүй гэж ялгаа гаргаж байгаа нь буруу. Байгалийн баялгаа 30 гэр бүлд алдсанаас болж лицензтэй баян, лицензгүй ядуу гэдэг хоёр давхарга бий болчихлоо. Үүнийгээ яагаад хүүхдүүд дээр тусгах гээд байгаа юм бэ. Наад хүүхэд чинь сургууль руугаа ороод хүүхдийн мөнгө авдаг ядуу, хүүхдийн мөнгө авдаггүй баян хүүхэд гээд хувцсаараа ялгараад, анги доторх баян ядуугийн ялгаа гаарах гээд байна.
Ардчилсан нам засаглаж байхад хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгож байсан. Ч.Сайханбилэг ялгаж өгнө гээд орж ирэхэд АН-ын бүлэг зөвшөөрөөгүй тул 100 хувь олгосон. Мөнгө нь дутаад байгаа бол дэд сайд нараа цомхотгож, хэмнэсэн мөнгөөр нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэдэг шийдэлд хүрч байсан. Сэтгэл байвал ажил хийж болно. Ялангуяа баян, хоосны ялгаагаа хүүхдэд битгий ойлгуул гэж байгаа юм. Хүүхэд ямар гэр бүлд амьдарч байгаагаасаа үл хамаараад баталгаатай 20 мянган төгрөгөө авдаг байя гэсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Энэ долоо хоногт өргөн барина. Хуулийн тухай хуулиар хууль санаачлаад аваачиж өгдөг байсан, больсон. Засгийн газраас бичиг авна, эх үүсвэр байна уу гэж судална, хэлэлцүүлэг хийнэ гээд хүнд сурталтай болсон. www.president.mn сайт дээр хэлэлцүүлэг явж байгаа.
Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байна гээд хороо, дүүрэг, сумаас иргэд саналаа өгч регистрийн дугаартайгаа, гарын үсгээрээ баталгаажуулж байна. Ард түмэн ингэж хүсэж байна гээд хэлэлцүүлгийнхээ үеэр харуулна. Хүүхдийг алагчлалгүй хүүхдийн мөнгийг бүгдэд нь өг гэж байгаа. Эхлээд нийт хүүхдийн 40 хувь байснаа 60 хувьд олгож эхэлсэн. Одоо 80 хувьд нь өгнө гэх юм. Ингэж нохойн баас шиг юм хийх шаардлага байхгүй. Энэ зарчмын асуудал.Саяхан төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгож нийтдээ 55 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг зүгээр л хаячихсан гэсэн үг. Гэтэл энэ мөнгө чинь өнөө дутаад байгаа хүүхдийн мөнгөний 20 хувь байхгүй юу. Хүүхдүүддээ 100 хувь мөнгийг нь олгох уу, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох уу гэсэн сонголтоос МАН төрийн албан хаагчдыг сонгосон. Боломж бий. ОУВС руу асуудлаа битгий чих. Өмнөх дөрвөн жил ОУВС-гүй явж болоод л байсан.
Ипотекийн зээлийг өгч болохгүй гэж Ардын намынхан хэлдэг байсан. Ардчилсан нам эх үүсвэр олоод жил бүр нэг их наяд нийт гурван их наяд төгрөгийг ипотект өгсөн.
Тэглээ гээд гамшиг болсонгүй. 80 мянган айл орон сууцтай болсон. Юу нь буруу байгаа юм. Харин МАН гараад ипотекийг зогсоосон. Барилгын салбарт ажиллаж байсан 100 мянган хүн ажилгүй болчихлоо. Эдийн засгийн үндсээ эвдэлгүй авч явах ёстой. Одоо яахаа мэдэхээ байгаад гацчихсан.
 
-Та эдийн засаг болон ажлын байрны талаар нэлээд ярилаа. Ялангуяа залуусыг ажлын байртай, тогтмол цалинтай болгох нэг хөшүүрэг нь “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг янз бүрээр л тайлбарлаж байна...
 
-Манай Их хурлын үед “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт 20 тэрбум төгрөг өгсөн. Гол санаачлагч нь Ерөнхийлөгч маань гишүүн байхдаа л даа. Сайдын албаа өгчихөөд энэ талаар нэлээд хөөцөлдсөн. Тиймээс би Их хурлын дарга байхдаа дэмжиж 20 тэрбум төгрөг төсөвт суулгаад, барилгын цэргийн ангийг нэмж байгуулсан. Хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг зургаан сар МСҮТ-д сургасан. Цэргүүд цэргийн үүргийнхээ хажуугаар МСҮТ-д сурснаар самосваль, эксковаторын жолоочийн үнэмлэхтэй төгссөн. 20 тэрбум төгрөгөөр ийм бэлтгэл ажлууд хийгдсэн. Одоо барилгын цэргийн таван анги байхаас гадна хэдэн мянган хүн сургасан. Хэдийгээр тэд халагдаад явчихсан ч гэсэн ажил байна гэвэл яваад л ирнэ. Ерөнхийлөгч яагаад “Монгол цэрэг бүтээн байгуулалт” гээд яриад эхэлсэн бэ гэхээр өөрийг нь сайд байхад Н.Алтанхуягийн Засгийн газрын “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталсан тогтоол гарсан. Энэ нь Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуульд нийцсэн. Гэрээт цэргээр ажил хийлгэх болохоос хугацаат цэргүүдээр ажил хийлгэнэ гээд байгаа юм биш. Гэрээт цэрэг шинэ юм биш. Жишээ нь, хилийн цэрэг 100 хувь гэрээтэд шилжих төлөвлөгөөтэй байгаа. Санхүүгийн боломжоосоо шалтгаалаад өнөөдөр 50 хувь нь гэрээт болчихсон. Хил дээр алба хааж буй хоёр цэргийн нэг нь гэрээт, нөгөө нь хугацаат. Гэрээт цэргүүд ахлагч болоод цалингаа авна. Хоол, байр нь үнэгүй. Үүнтэй адилхан хугацаат цэргүүд мэргэжлийн сертификаттай болоод халагдангуут бүтээн байгуулалтын ажилд ажиллах уу, цалин нь нэг сая болон түүнээс дээш, ийм хугацаанд ажиллана гээд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулаад явна.
Аль ч бүтээн байгуулалтын ажлын төсөвт цалингийн зардал нь суусан байдаг. Гадаад ажилчдад цалин өгөхийн оронд дотоодынхоо цэргүүдэд өгөх гээд байгаа юм. Төмөр зам гэхэд л далан барих нь дийлэнх ажил нь байдаг. Тиймээс далангийн ажил дууссаны дараа мэргэжлийн компани нь ирж рельсээ тавиад бусад мэргэжлийн ажлаа хийнэ. Нийт ажлынх нь 60-70 хувь нь далантай холбоотой. Далангийн гүүр, ус зайлуулах хоолойг манай цэргийн ангиуд бариад сурчихсан. Асгатын мөнгөний ордны замаас эхлээд энгийн замын компанийн хийж чадахгүй байгаа ажлыг манай цэргүүд хийж чадаж байгаа. Төмөр зам, авто замын ажил байсаар байтал залуус өөрсдөө очиж оролцдоггүй учраас гадаадын ажилчид аваад байна. Тиймээс дотоодын ажилчдаа авъя. Замын нийт өртгийн 30 хувь нь цалин байдаг. Нэг км замыг нэг тэрбум төгрөгөөр тавьдаг гээд бодоход 300 сая төгрөг нь цалин байгаа биз. Энэ 300 сая төгрөгийг хятад ажилчин авах уу, монгол цэрэг авах уу гэдэг сонголт юм. Яахаараа монгол залуус жилийн өмнө цэрэгт ирж юм сурчихаад цалинг нь авч болохгүй байгаа юм бэ. Цэрэг гээд ярихаар өрвөлзөөд явчихдаг хэдэн хүн бий.
 
-Ерөнхийлөгчийн зарим зөвлөхүүд өнөөдрийг хүртэл томилогдоогүй байна. Хэзээ орон тоо нь бүрдэх юм бол?
 
-Ерөнхийлөгчийн орон тооны есөн зөвлөхийн гурав нь одоогоор хараахан томилогдоогүй байна. Удахгүй авах байх. Та нар санаа зовоод хэрэггүй.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль санаачлахгүй байна. Нэг ч хуулийн төсөл өргөн барьсангүй гэдэг шүүмжлэл яваад байгаа л даа?
 
-Тооны хойноос хөөцөлдөхгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хуулиа оруулна. Дараагийн хууль нь Үндсэн хуулийн 6.1-т заасан Газрын доорх байгалийн баялаг ард түмний өмч гэдэг хуулиа оруулах юм. Энэ жил оруулах үндсэн хоёр хууль ийм байна.
 
-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Ерөнхийлөгч намрын чуулганы хаалт дээр орж ирэхдээ өөрийн байр сууриа илэрхийлсэн ч гишүүдийн асуултад хариулт өгсөнгүй гээд байгаа. Байр суурь нь ямар байгаа вэ?
 
-Гишүүд асуулт асуугаад байсан. Эрдэнэтийн 51 хувийг хариуцах хүн нь Ерөнхийлөгч биш. Эрдэнэт үйлдвэрээр хууль зөрчиж баталгаа гаргуулж өрөнд оруулсан хүмүүс нь бүгдээрээ амьд сэрүүн байна. Тэр мөнгийг хаашаа оруулсныг өөрсдөө мэдэж байгаа. Ш.Батхүү гээд бизнесмэн, Ерөнхий сайд асан С.Баяр, Төмөр замын дарга асан Т.Очирхүү, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар гээд бүгд гадаадад байгаа байшиндаа сайхан амьдраад байж байна шүү дээ. Энэ 100 сая ам.доллар оргүй алга болно гэж байхгүй. Хаа нэг газар байгаа. Нэг сая ам.долларыг цүнхэнд хийгээд нууж болох байх. 100 сая ам.долларыг цүнхэнд хийгээд улс орон дамжуулаад явдаг юм гэж байхгүй. Бүгд шилжүүлгээр явдаг. Ямар ч улсын хилээр орсон 10 ба түүнээс дээш мянган ам.долларыг мэдүүл гэж байгаа биз дээ. Мэдүүлэхгүй бол хураагдана. Тиймээс шилжүүлгээр явдаг. Тэр бүх шилжүүлгийнх нь клиринг хийдэг газар нь АНУ-д байна. Манай хуулийн байгууллагынхан АНУ-ын ХМТ, Хууль зүйн яамтай хамтраад ажиллачихвал бүх зүйл илэрнэ. Ийм боломж бий. Ерөнхийлөгч асуулт асуусан таван гишүүнд бичгээр хариу өгсөн.
 
-Гэхдээ гишүүд чуулган дээр асуулт асуухад хариулсангүй зугтчихлаа гээд байсан...
 
-Ерөнхийлөгч чуулганд тааллаараа оролцдог. Гишүүдийн асуултанд хариулах үүрэг байхгүй. Ерөнхийлөгч асуултанд бичгээр хариулсан. “Та нар буруутай этгээдүүдээ дуудаж уулз. Тэр мөнгө хаана байна гэж асуу” гэсэн. 49 хувийг бол УИХ-д 65 суудалтай МАН улсад хурааж аваад ард түмэнд тарааж өгнө гээд амалсан. Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой. Сонгуулийн үеэр Эрдэнэтийн иргэдтэй уулзахдаа “49 хувийг Монголын ард түмэндээ хувааж өгнө гээд үүнийг зорилгоо болгосон улс төрийн нам байна. Байгалийн баялаг ард түмний өмч. Наад ажлаа хийцгээ” л гэж байгаа юм. Түүнээс биш 49 хувь нь зөв, Засгийн газрын зөв, буруугийн талаар яриагүй.
 
-Та дээр яриандаа дурдахдаа Ерөнхийлөгчийн анхны ажлын айлчлал Владивосток байсан гэсэн. Энэ үеэр яригдсан транзит тээврийн хөнгөлөлт ажил хэрэг болсон уу?
 
-Энэ түүхэн үйл явдал. Монгол Улс далайд гарцгүй. Тиймээс бид яаж ажлын байртай болох вэ, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг хамгийн эхний том асуудал. Монгол Улс урд, хойд хоёр хөрштэй алинтай нь ч транзит тээврийн гэрээгүй явж ирсэн. Транзит гэрээ гэдэг бол манай барааг ямар үнэ тарифаар далайн эрэгт хүргэх вэ гэдэг гэрээ. Бид хоёр хөрштэйгээ транзит гэрээ байгуулах ажлыг 1990 оноос хойш эрэлхийлж байгаа. Монголд үйлдвэрлэсэн ямарваа нэгэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнэндээ хүрнэ гэвэл хоёр хөршийн далайн боомтод хүрэх ёстой. Нэг нь Владивосток нөгөөх нь Тяньжин боомт. Зүүн хойд Хятадын боомтууд гэвэл Дан Дон, Чин Хун Дао, Тяньжин гээд байна. Оросын нутгаар Владивосток, Находкагийн боомт байгаа юм. Энэ олон боомт руу манай коксжих нүүрс хүрч байж нэг тонн 200 ам.доллараар зарагдана. Бид далайн эрэгт хүргэж чадахгүй байгаа болохоор өнөөдөр нүүрсээ 50-70 ам.доллараар өгч байгаа. Зарж  болох үнэнийхээ бараг дөрөвний нэгээр өгдөг шударга бус худалдаа хийж болохгүй. Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш хөөцөлдөж байгаад 2015 онд А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа БНХАУ-тай транзит тээврийн гэрээг байгуулсан. Энэ гэрээ маш чухал. Манай нүүрс тонн нь 25-30 ам.долларын төлбөртэйгээр манай хилээс Хятадын далайн боомт хүртэл явах боломжтой болсон. Владивостокт байгуулахаар тохирсон гэрээ 2010 онд А.Гансүх Зам тээврийн дэд сайд байхдаа эхлүүлж байсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Санкт петербургт гарын үсэг зурагдахаар хүлээгдэж байна. Үүгээрээ ОХУ бусад чиглэлтэй өрсөлдөхүйц үнийг манайд өгөх үүрэг хүлээсэн. Хэмжээний хувьд гурав дахин урт зам туулах хэдий ч адилхан тариф өгнө гэдэг бол манай улсад тусалж байна гэсэн үг. 25-30 ам.доллараар хил хүрнэ. Тэгэхээр аль улсаар дамжих нь хамаагүй болчихож байгаа юм. Ямар ч байсан нэг гарцтай байсан бол Владивостокийн гэрээ хэлэлцээний дүнд хоёр дахь гарцаа олж авлаа. Дан ганц нүүрс гэлтгүй чингэлгийн тээвэр, ган, зэс, төмрийн хүдрээ далай руу гаргаж болно. Ингэснээр бид дэлхийн зах зээлийн шударга үнээр бараагаа зарна. Дэлхийн зах зээлийн үнээр бараагаа зарна гэдэг чинь ажлын байр байхгүй юу.
Намайг Их хурлын дарга байхад зурагдсан Хятадын транзит тээврийн гэрээ, Х.Баттулга Ерөнхийлөгчийг томилогдсоны дараа Владивостокт хийгдсэн Оросын транзитын гэрээ хоёр манай улсын эдийн засгийг өсгөхөд чухал ач холбогдолтой. Манай компаниуд уул уурхайн баялгаас өөр экспорт бодож олох ёстой. Зам нээгдсэн.
 
 
Ярилцсан Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: "Өдрийн сонин"