sonin.mn
Швейцарийн дээд шүүхээс “Рио-Тинто” корпорацитай Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банк дахь түүний данс,  үлдэгдэл болох 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргажээ.  Мөн АТГ-аас энэ асуудлыг Швейцарийн Ерөнхий  прокурорын газартай хамтран шалгаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.  Тэгвэл өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийж, энэ асуудалд тайлбар өглөө.  Түүний тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
“АТГ, ШВЕЙЦАРИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН НАМАЙГ ШАЛГАЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА”
-Өнгөрсөн даваа гаригт “Ройтерс” агентлаг надтай холбогдох мэдээлэл гаргасан.
Мөн нам дээр то­дор­хой хэмжээнд шийд­вэр гаргаж, намайг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байгаа. Яригдаж байгаа асуудлын хүрээнд Оюутолгойн гэрээ нэрлэгдэж байгаа учраас өөрийн зүгээс тайлбар хийж байна. Ми­ний бие АНУ-д суралцаж байгаа хэдий ч энэ асуудалтай холбогдуулан Монголдоо тогтмол бай­хаар шийдсэн. Оюутолгой 70-100 жил үргэлжлэх том төсөл. Гэрээ дагасан маш олон хардлага явдаг. Төсөл хэрэгжээд есөн жил болсон бай­на. Манай АТГ, Швей­царийн Холбооны Ул­сын Прокурорын байгууллагатай хамтран над дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Би үүнд баяртай байгаа. Манайхан дотоо­дын шийдвэрт итгэдэг­гүй. Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна.
 
“ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ САЙН ГЭРЭЭ БОЛСОН”
-Оюутолгой төслийн хувьд хөрөнгө оруулагч талтайгаа янз бүрийн асуудлаар маргаан гаргах үе байдаг. 2009 онд бид чөмгөө дундартал зүтгэж, Оюутолгойн гэрээг байгуул­сан. Сайн гэрээ болсон гэж дүгнэдэг. Мэдээж дэлхий дээр төгс гэрээ байгуулагдах нь ховор. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асууд­лаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар  Оюутолгойн чиглэлд ажилладаг. Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуц­лагатай албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Хувь хүнд их мөнгө хэрэг байдаггүй. Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа.  Би ганцхан жишээ хэлье. Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа ОХУ-д манайхаас авлагатай гэдгээ олон улсад зарлаж байсан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй. Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, соёл дагуулж ирсэн. Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, энэ асуудлыг шийдэж чадна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршихыг хэлж байгаа. Үүнд бид хувь нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л ажиллаж, Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Би залуудаа улс төрд орж ирсэн учраас эхэндээ намайг эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг зурагдсанаас хойш олон асуудал намайг тойрох болсон.
 
МОНГОЛЫН НЭР БҮХИЙ БИЗНЕСМЕНЭЭС ЗЭЭЛ АВЧ, ШВЕЙЦАРЬ 5.2 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛСАН
-Би өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг Монголын төрийн төлөө зохицуулж байсан. Чингисийн хөргийг Сүхбаатарын талбайд байрлуулах, Оюутолгойн гэрээг зурах үед үнэндээ миний дэргэд улс төрчид байгаагүй юм шүү. “Ройтерс” агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гэвч мэдээлэл дотор хэт субъектив дүгнэлт орсон байсан. Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна. Миний бие 2006 онд таягтай, эрүүл мэндийн асуудалтай байсан. Тэр үед би улс төрд байсан бол өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад дэлхийн зах зээл дээр тоглох шийдвэр гаргаж байсан. Би маш олон төсөл санаачилж, цаас барьж явсаар том тэтгэлгүүд авч байлаа. Энэ аргачлалаараа би Монголын нэр бүхий бизнесменээс зээл авч, Швейцарь 5.2 сая ам.доллар байршуулж байсан.
Одоо надад Швейцарьт ямар ч данс байхгүй. Саяхан царцаасан данс бол надтай хамт бизнес хийж байсан монгол хүний өмч. Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь эргүүлж өгөх байх.
 
АН-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРТ ХАРАМСЧ БАЙНА
АН-аас гаргасан шийдвэрийн тухайд маш эмгэнэлтэй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ингэж шийдвэр гаргасан нь хэт туйлширсан хэрэг. Манай намын удирдлагууд дуулианыг ашиглаад л өнгөрлөө. Энэ бүхэн даамжирвал дарангуйлал руу ордог юм. Гэхдээ бид өнөөдөр шашин шүтэх, өмчлөл, хүний эрхийг хамгаалах ёстой. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй ээ л гэж бид харамсч байна. ОХУ-д явагдсан сонгуулиар Путин яллаа. Түүний бодлого маш удаан үргэлжилж байна. Урд хөршийг хар. Улс төрийн хувьд тогтвортой, бодлоготой байхыг манай хөршүүд чухалчилж бай­на. Бид холоос сургамж хайх хэрэггүй. Хоёр хөр­шөө л хар. Би өнөөдөр ийм зүйлүүдийг ярих гэсэн юм. Хууль хүчний бай­гууллагуудын энэ шал­галтыг би асуудал шийдэгдсэн хойно нь дэлгэрэнгүй ярьж чадна. Бараг л кино зохиол аятай юм болно.  Миний ганц алдаа нь компанийнхаа мэдээллийг ХОМ-дээ тусгаагүйд байгаа юм. Оюутолгойн гэрээ ямар ч асуудалгүй гэдгийг АТГ, Швейцарийн хуулийн байгууллага харуулна. Би ийм цаг үе ирнэ гэдэгт итгэж байна. Бүх дансны мэдээлэлтэй танилцах эрх АТГ, Швейцарийн хуулийн байгууллагад нээлттэй байгаа. Хууль хүчний байгууллагад бид хүндэтгэлтэй хандана. Гэхдээ өөрийнхөө байр суурийг ч илэрхийлнэ.
 
С.Ганбаатар: ГАНЦХАН С.БАЯРЦОГТ БИШ ТУХАЙН ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
/МАХН-ын дэд дарга/
-С.Баярцогт мэдээж хувь хүнийхээ хувьд алдаа хийсэн. Гэхдээ энэ хүнийг ганцхан буруутгаад АН энэ асуудлаас мултарна гэвэл чадахгүй. Энэ бол МАН, АН хамтарсан С.Баярын Засгийн газрын хийсэн ажил. Тэгэхээр  С.Баярцогтыг буруутгахаас илүү түүнийг энэ байдалд түлхэж оруулсан тухайн үеийн хамтарсан Засгийн газрыг шалгах хэрэгтэй.  Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм ажил хийсэн.  Ц.Элбэгдорж ҮАБ-ын зөвлөлийг тэргүүлж байсан. Том том уул уурхайн гэмт хэргийг яагаад хилийн чандад илрээд байгаа юм бэ. Өнөөдрийн хууль шүүх цагдаагийн байгуулагууд энэ дээр асар том хариуцлага үүрч ичих ёстой. УИХ өнөөдөр яаралтай Оюутолгойн гэрээг цуцлах ёстой. Цуцлаж чадахгүй бол тар. Өнөөдөр үүнээс өөр хийх ажил байхгүй. Монгол орон уул уурхайн баялагаараа ажлын байр бий болгоно. Оюутолгойн гэрээг цуцалж шинэчлэхийг  УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас шаардаж байна. Бид талцаж болохгүй. Бид хэн нэгэн хүнээс бурууг хайхаасаа илүү тэр хүнд алдаагаа засах боломж олгох хэрэгтэй.
 
Т.Баярхүү: ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСНОО БАТАЛЧИХЛАА
/“Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засагч/
-Оюутолгойн гэрээг Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Баярцогт гурав хуйвал­даж, харийн эзэд, “Рио Тинто” компанийнхантай хийсэн гэдгийг баталлаа.  2009 оны Монгол Улсын эдийн засгийн байдлыг аваад үзэх юм бол гадаад өр хоёр тэрбум, тооцоод үзвэл тэр нь орж гарсан урсгал зардал  байсан. Тэгвэл Оюутолгойн гэрээг хийснээр өнгөрсөн есөн жилийн хооронд  Монгол Улсын гадаад өр 14 дахин нэмэгдэн 28 тэрбум ам.долларт хүрч, ард түмэн ядуурч, улс орон өрөнд баригдлаа. Гэтэл С.Баярцогт гэрээ сайн болсон, 70,80, 100 жилийн ашигтай гэж  хэлдэг. С.Баярцогтын өөрийнх нь биологийн насыг аваад үзэхэд ийм хугацааны ашиг олно гэж байхгүй.
 
Б.Жаргалсайхан: С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРААР “ТУГ ТАХИЖ” ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЗАСАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
/БНН-ын дарга/
-Оюутолгойн гэрээг батлах үед С.Баярцогтын Швейцарь дахь данс руу “Рио-Тинто” компаниас 10 сая ам.доллар орсон. С.Баяр долоон хаус АНУ-д авсан Л.Гансүх сая ам.доллараар хаус авсан. Ч.Сайханбилэг, Д.Зоригт нар хэмжээ хязгааргүй баяжсан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой гэж үздэг. С.Баярыг 300 сая ам.доллар Оюутолгойн гэрээ байгуулаад авсан гэх хардлагыг ТББ-ууд гаргадаг. С.Баярцогтын 10 сая ам.доллар бол өчүүхэн хэсэг буюу нэг удаагийн л гүйлгээ. Дашдоржийн Зоригтын хөрөнгө л гэхэд огцом нэмэгдэж 30 гаруй компанитай болчихсон түүхтэй. “Рио-Тинто” ком­пани татвар дээрээ луу унжиж Монголын Засгийн газрыг үргэлж нулимж дорд үздэг.
 
Г.Уянга: ОГЦРУУЛЪЯ ГЭХЭД ХАМГААЛААД ҮЛДДЭГ БАЙСАН ШҮҮ ДЭЭ…
/Ерөнхийлөгчийн зөвлөх/
-С.Баярцогтыг огц­руулъя гэсэн, хамгаалж үлдсэн. Ч.Сайханбилэгийг огцруулъя гэсэн, хамгаалж үлдэцгээсэн. Одоо тэр гэрээг нь шалгах юм гэнэ. Ц.Элбэгдоржийг 24 үндэслэлээр хариуцлага тооцож огцруулъя гэсэн, АН мөн л хамгаалаад үлдсэн. Одоо түүнээс муу хүнгүйг Монгол даяараа мэдэж шогширч байна. Бүгд өрөнд баригдсан хойноо миний хайрт ард түмэн одоо бүгдээрээ мэддэг боллоо.
 
Б.Батболд: ТҮҮНИЙ ҮГЭНД ИТГЭХ ЁСТОЙ БОЛЧИХООД БАЙНА УУ ДАА
МУНН-ын дарга
-С.Баярцогтыг өөрийнхөө аж ахуйгаа надад өгөөд 34 хувийг нь надаас хүүтэй зээлээр ав, харин ашиг авахдаа хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэвэл за гэх юм биш үү. Түүнийхээр бол хамгийн сайн хэлцэл болно биз дээ.  Эсвэл би буруу ойлгоод бна уу.  Монгол Улсын Үндсэн хуулиар  өмчийн эзэн нь бид байдаг. Засгийн газар бол  өмчийн манаач, эзэд нь энэ гэрээ гэдэг нь манаачтай үгсэн хуйвалдаж хулгай хийсэн үйлдэл байна  гэдэг манаач нь бүх юм байгаа харж байна уу.  Барааны агуулах чинь цоожтой хэвээрээ байгаа биз дээ гээд байдаг.  Хаалганы завсраар харсан хүнд агуулахад бараа байхгүй байдаг манаач хариуд нь 20000 цоожыг яаж тайлж үзүүлэх юм бэ.  Итгэ дурак уу даа л гээд.  Нөгөө дуракууд манаач дэлхийн цагдаагийн сургууль төгссөн хүн худал ярихгүй гэж итгэх ёстой болчихоод байгаа юм уу даа
 
Т.Сайхан Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин