sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-д болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болон Бүх Хятадын ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Элчин сайд Шин Хаймины танилцуулснаар, Дээрх хоёр чуулган нь БНХАУ-д жил бүр зохион байгууллагддаг улс төрийн томоохон арга хэмжээ юм. Хятадын Коммунист намын 19 дүгээр Их хурлаас Хятад улсыг шинэ эрин үед орсныг тунхаглаж, Си Жинпин шинэ эрин үеийг Хятадын онцлогтой социалист үзэл санааг тогтоосон. Мөн Хятад улс өөрчлөлт, нээлттэй төрийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож буйгаараа энэ жилийн хоёр чуулган онцлог байв. Бүх Хятадын ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулган энэ сарын 15-нд, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал энэ сарын 20-нд өндөрлөсөн.
 
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨН ЯАМДЫН ТООГ БУУРУУЛАВ
Энэ жилийн хоёр чуулган өмнөхөөсөө ялгаатай, шинэлэг зүйл олонтой байв. Тухайлбал эдгээр чуулганаар:
Сонгуулиар төрийн байгууллагын болон Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хорооны удирдлагуудыг сонгосон. Хамгийн чухал нь Си Жинпин дарга БНХАУ-ын дарга ба Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалд 100 хувийн саналаар дахин улиран сонгогдлоо. 
БНХАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ нь Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой хүртэл биелүүлэх зорилт буюу Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдөлд Үндсэн хуулийн баталгааг хангав. 
Төрийн байгууллагуудын бүтцэд өөрчлөлт оруулах төслийг баталлаа. Ингэснээр Төрийн зөвлөл 26 байгууллагаас бүрдэж, яамны зэрэглэлийн байгууллага 8-аар, дэд яамны зэрэглэлийн байгууллага 7-гоор хасагдав. Үүгээр дамжуулан засаг захиргааны ажлын үр ашгийг хэд дахин дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 
Төрийн хяналтын хуулийг шинээр батлан, Хяналтын хороог шинээр байгуулав. Энэ нь Авлигатай тэмцэх ажилд авч хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаа бөгөөд олон нийтийн эрх мэдэлтэй бүх төрийн албан хаагчдад хяналт тавих болно гэв. 
 
ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ХЯТАДЫН 1.4 ТЭРБУМ ХҮН ЯДУУРЛААС БҮРЭН АНГИЖИРНА
 БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Засгийн газрын таван жилийн ажлын тайланг дүгнэж, цаашдын ажлын төлөвлөгөөг гаргасан талаар Элчин сайд Шин Хаймин мөн танилцуулав. БНХАУ өнгөрсөн таван жилийн хугацаанд маш олон амжилтад хүрсэн бөгөөд ДНБ 54 их наяд юаниас 82.7 их наяд юаньд хүрсэн, 68 сая хүн ам ядуурлаас гарсан, томоохон хотуудын агаарын бохирдолтой байх өдрийн тоо хагасаар багассан. 
Засгийн газрын цаашдын зорилтод, энэ жил ДНБ-ийн өсөлтийг 6.5 хувьтай байна, хот суурин газарт 11 саяас дээш хүнийг ажлын байраар хангаж, иргэдийн орлогын болон эдийн засгийн өсөлтийг ижил түвшинд барина гэжээ. Ядуурлыг бууруулах ажилд онцгой анхаарч буй бөгөөд гурван жилийн дараа гэхэд Хятад улсын 1.4 тэрбум хүн бүгд ядуурлаас гарч, Хятадын хэмжээнд ядуу хүн байхгүй болно гэж тусгасан байна.  
Өнгөрсөн таван жилийн хугацаанд БНХАУ-ын гадаад харилцаа ч томоохон амжилтад хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулагч болж, жилийн дундаж хэмжээ 30 хувиас дээш байж АНУ, Япон, Европ зэрэг орнуудын нийт дүнгээс давсан. Дэлхийн ядуурлаас бууруулах үйлсэд хувь нэмэр оруулсан хэмжээ нь 70 хувиас давж, түүхэн үр дүнд хүрсэн. Дэлхийн энхийг сахиулах үйлсэд чухал хувь нэмэр оруулагч улсын хувьд Аюулгүй байдлын зөвлөлийн таван байнгын гишүүн дотроос НҮБ-ын энхийг сахиулагчаар хамгийн олон хүн илгээсэн. Энхийг сахиулагч илгээх үйлсдээ Монгол Улстай хамтын ажиллагаа явуулж ирсэн. 
 
 
ХЯТАД, МОНГОЛЫН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛД ЧУХАЛ ЖИЛ БОЛЖ, ТОМ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА
 
Элчин сайд Шин Хаймин, Хятад улс өнгөрсөн 5 жилийн хугацаанд "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах зэрэг олон чухал санаачилгыг гаргаж, дэлхийг засахад идэвхтэй оролцон худалдааны либералчлал болон нээлттэй эдийн засгийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан гэдгийг мөн онцолж байв. Мөн, Цаашид Си Жинпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой гадаад харилцааны тухай үзэл санааны дагуу бүх улс орнуудтай хамт шинэ маягийн олон улсын харилцааг байгуулна. 
Энэхүү хоёр чуулганаар дамжуулан БНХАУ бүх ажилдаа төлөвлөгөө гаргасан бөгөөд Монголыг багтаасан дэлхийн бүх улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа явуулж, БНХАУ-аас гаргасан "Нэг бүс-Нэг зам", Монголын "Хөгжлийн зам" санаачилгын уялдаа холбоог нягт болгох боломж олгоно. Монгол Улсыг багтаасан хөрш орнуудтай Хятад улсын хөгжлийг үр бүтээмжийг хуваалцахыг хичээж, найзууд, түншүүд, хөрш орнуудтай шинэ эрин үед орохыг эрмэлзэж байна. Хятад-Монгол хоёр улс нь газар зүйн хувьд хөрш орон бөгөөд давуу тал нь харилцан нөхөрлөх хөгжлийн стратеги өндөр хэмжээнд нийцдэг. Мөн хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны харилцаа, хүмүүнлэгийн харилцаа ч бүх ард иргэдийн сэтгэлд шингэсэн.
Энэ жил Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал жил болж, хоёр талын хэд хэдэн дээд хэмжээний айлчлалаар улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцаа улам тэлнэ гэдэгт итгэж байна. Талуудын хамтын хүчин чармайлтаар дамжуулан Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, хүмүүнлэгийн харилцаа улам дотносол болж, "Нэг бүс-Нэг зам", "Хөгжлийн зам" санаачилгын уялдаа холбоо улам өргөжин тэлж, Хятад, Монголын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа нь хөрш орнуудын харилцааны жишиг болно гэдэгт итгэж байна хэмээлээ.  
Элчин сайд Шин Хаймин мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 
 
МОНЦАМЭ агентлаг: Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?  
 
-Энэ жил Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал жил болж, том хөгжлийг авчирна хэмээн би тодотгосон. Монгол Улсын Ерөнхий сайдыг тааламжтай үедээ БНХАУ-д айлчлахад бид халуун дотноор угтдаг. Одоогийн байдлаар айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын хамгийн гол ач холбогдол нь улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх юм. Үүгээр дамжуулан удирдлагуудын хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэх нь ард иргэдийн хоорондын сэтгэлийг ойртуулдаг. Мөн олон ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд бат суурь тавина. Айлчлалаар Хятадын талаас Монголд үзүүлж буй буцалтгүй тусламжийн асуудал, хөнгөлөлттэй зээл, томоохон төслүүдийн талаар маш тодорхой хэмжээнд яригдах болно.
Түүнчлэн, энэ оны нэгдүгээр сард Хятад, Монголын Хүмүүнлэгийн салбарын хамтарсан коммиссын хуралдааныг хуралдуулж, маш олон хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Үүгээр дамжуулан хоёр орны сайн хөрш, сайн түнш, сайн найз гэдгийг баталгаажуулсан юм.  
 
Өнөөдөр сонин: "Бүс ба зам" санаачилгын Монголд оруулах томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас дурдах боломжтой юу?
 
-БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" санаачилга нь Монголыг багтаасан дэлхийн маш олон орны хүрээллийг хүртсэн байна. Монголын талаас "Хөгжлийн зам", Оросын талаас "Евроазийн зам"-ыг санаачилсан. Хятад, Монголын хувьд "Нэг бүс-Нэг зам", "Хөгжлийн зам" санаачилгуудын стратегийн уялдаа холбоог хангах хүрээнд хэд хэдэн бодитой гэрээ хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэх төслийг нарийн тогтоосон. Хятадын талаас эдгээр санаачилгын уялдаа холбоог хангах хүрээнд хөрөнгө оруулахад бэлэн байна. Гэрээ хэлэлцээрийн хүрээнд дараа дараагийн хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэх болно. Хятад, Монгол Улс 4710 км урт хилийн шугамтай, шийдвэрлэгдээгүй асуудал гэж байхгүй, эх газар, хил хязгаарын асуудалгүй учир хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн, хөгжлийн ирээдүйгээ цогцлоох үлдэж байна. Тиймээс цааш цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж итгэж байгаа. 
 
Синьхуа агентлаг: Хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг хэрхэн улам бүр бэхжүүлэх вэ? 
 
-Хятад, Монгол хоёр улс 1994 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтоосон. Тэр цагаас хойш Хятадын талаас Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж ирсэн. Монголын сонгосон хөгжлийн замыг дэмжиж, эдийн засгийн бүрэн эрхийг хүндэтгэдэг. Хятадын тал хөгжлийн замдаа Монголтой хамт хөгжихийг зорьдог. Тийм ч учраас Монголын тал мөн Хятадын язгуур эрх ашгийг хүндэтгэж, хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсдэг. 
 
Засгийн газрын мэдээ сонин: Хятад-Орос-Монголыг холбосон эдийн засгийн коридор төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч төслийн явц удаашралтай байгаа. Үүний шалтгаан нь юу гэж харж байна вэ?
 
-Төслийг урагшуулах, хэрэгжүүлэх явц байдаг. Удаан хугацааны дараа үр дүнг нь олж харна. Ерөнхийдөө төслийн хоорондын харилцаа холбоонд сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ зарим зүйлд Монголын талаас төслөө хэрэгжүүлэхдээ тууштай, тогтвортой байхыг хүсч байна. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг