sonin.mn
Гавьяат хуульч Ц.Шаравдоржтой  Оюутолгойн гэрээний асуудлаар ярилцлаа.
 
-2009 онд Оюутолгойн гэрээг батлах үед та УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Тухайн үед УИХ-ын Тамгын газраас судалгааны баг гаргаж, Оюутолгойн гэрээнд дүн шинжилгээ хийсэн байдаг. Судалгааг ямар байдлаар гүйцэтгэж байв?
 
-Оюутолгойн гэрээнүүд өнөөдөр монголчуудын анхаарлын төвд байна. Ер нь энэ гэрээг байгуулсан үеэс эхлэн санал, шүүмжлэл дагуулсан. Хүн бүхэн өөрийн гэсэн байр сууринаас тайлбарлаж, сүүлдээ хэрүүлийн алим болчихоод байна. УИХ-ын Тамгын газрын дэргэд судалгааны төв байсан. Одоо ч бий.
Энэ нь УИХ-д мэргэжлийн туслалцаа өгдөг, хэлэлцэж буй асуудлуудад бие даасан хараат бусаар дүгнэлт гаргадаг нэгж юм. Намайг ажиллаж байхад энэхүү судалгааны төвийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг байв.  Энэ төв УИХ-ын тархи нь юм гэдэг ойлголттой, 40 гаруй хүнтэй хүчтэй аппарат байсан.  Бид Оюутолгойн гэрээний дөрвөн асуудалд судалгаа хийж, хоёр удаа дүгнэлт гаргасан. Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний татварын нөхцлийн эрхзүйн харь­цуулалт, ашигт малт­малын орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаарх  харь­цуулсан судалгаа, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний агуулгын танил­цуулга гэсэн асуудлыг  су­далж, 2009, 2010 онд дүгнэлт гаргасан.  Энэхүү дүгнэлтүүдээ УИХ-ын гишүүдийн гарт тухайн үед ном бол­гон гаргаж, хүргүүлж байлаа.  Харамсалтай нь гишүүд бидний үнэлэлт дүг­нэлтийг хүлээж аваагүй.
 
–Одоо Оюутолгойн гэрээг ашигтай, ашиггүй болсон талаар ярьж байна.  Та бүхний судалгааны дүгнэлт ашиггүй болсон  гэдгийг харуулсан юм уу.  Ер нь энэ ямар гэрээ болчихов?
 
-Үнэхээр муу, мон­голын талд ашиггүй гэрээ гэдэг нь судалгаанаас харагдаж байсан. Хамгийн наад зах нь олон улсад мөрдөгддөг уул уурхайн гэрээний стандарт  зөрчигдсөн, Монгол Улсын Засгийн газар ашиглаж болохуйц олон давуу боломжуудаа алдсан тийм гэрээ гэдэг нь манай дүгнэлтээр бат­лагдсан.  Мөн  хөрөнгө оруу­лагч талд хэт ашигтай гэрээ болсон.  Хөрөнгө  оруулагч нөгөө тал өөрт ашигтай байх бүх боломжийг ашиг­лаж, түүнийгээ хамгаалах бүхий л арга хэмжээг оруулсан байхад Монголын талд энэ эрх нь хязгаарлагдмал болсон. Монголын Засгийн газарт тухайн үед эдийн засаг эрхзүйн зөвлөгөө өгч байсан Олон Улсын байгууллагууд, санхүүгийн зөвлөхүүд үнэн зөв мэдээлэл өгч шударга ажилласан эсэх нь эргэлзээтэй байлаа.  Гэрээнд Монголын талын 34 хувийг эзэмшиж байгаа “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцаа  захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, хөрвөх чадваргүй болсон.  Монгол Улс гэрээ байгуулсан үеэс эхлэн төслийн санхүүжилтийг хөрөнгө оруулагч талаас гаргаж байгаа гэдгийн цаана маш их хэмжээний зээлийн хүү хуримтлагдаж бид улам л өртэй болоод байна. Ийм их хэмжээний өрөнд орохыг нөгөө тал тооцсон учраас гэрээнд “Хэрэв Монголын тал өөрийн эзэмшиж байгаа хувьцааны тодорхой хэсгийг Монголын хөрөнгийн бирж болон олон улсын биржээр худалдах эсвэл гуравдагч этгээдэд шилжүүлэх, мөн “Эрдэнэс МГЛ” төрийн өмчийн компани нь  100 хувь төрийн мэдэлд байхаа больсон тохиолдолд хуримтлагдсан аливаа төлбөрийг бүхэлд нь төлөх, төлбөр бүрэн барагдуулахгүй бол хувьцаад шилжүүлэх, ногдол  ашиг авагчийн эрх нээгдэхгүй” гэж шууд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, манай  тал  өөрийн эзэмшлийн хувьцаагаа  худалдан борлуулах, нэмж хувьцаа авах боломжоо хаалгасан гэж болно. Энэ мэтчилэн Оюутолгойн гэрээг ашиггүй болсон гэдгийг бид олон талаас нь судалж дүгнэж байсан.
 
–Гэрээний татварын нөхцлийн эрхзүйн байдлын талаар ямар дүгнэлт гарч байв. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Компанийн удирд­лага хөрөнгө оруулагчийн талд бүрэн шилжсэн төдийгүй ме­неж­ментийн үйлчил­гээний төлбөр нэрээр их хэмжээний ашгийг нөгөө тал давхар авахаар гэрээ хийсэн.  Монгол Улсын татварын хуулийн хүрээнд олон төрлийн татвараас чөлөөлөгдөж, хөнгөлөлт эдэлж байхад Монгол Улс татвараа бүрэн авч чадах эсэх нь гэрээнд байхгүй, эргэлзээтэй байгаа.  Улмаар авсан татвараа зээлийн хүүнд суутгуулах магадлал өндөр байна.  Мөн олон улсын хэмжээнд орд газрыг ашиглах хамтарсан үйлдвэр байгуулах, эрх зүй, эдийн засгийн нийтлэг хэм хэмжээнд Монголын талаас угтуулан тавих нөхцөл  боломжийг тусгаагүй.  Мөн Монгол ажилчдын тоо, цалингийн хэмжээ гэрээнд байхгүй учраас өнөөдөр манай ажилчдын авч байгаа цалин гадны мэргэжилтнүүдийн цалин хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Манай дүгнэлтийг баталж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар олон улсын ашигт малтмал хөрөнгө оруулалтаар мэргэшсэн судлаач Мартин дүгнэлт гаргасан.  Тухайлбал, түүний судалгаагаар Монголын Засгийн газарт эдийн засаг эрх зүйн зөвлөмж өгч байсан Голдман Сакс, IFC, IDA, IDB ба ЕBRD  зэрэг нь бусдын газар нутагт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой гэрээнд нийтлэг мөрддөг уламжлалт давуу талын тухай мэдээлэл өгсөнгүй.  Мөн Монгол Улс төслийн эхний шатанд хангалттай бэлэн мөнгөний санхүүжилт авах боломжоо алдсан байна.  Төрийн оролцоог 34 хувь гэж тусгасан боловч Засгийн газрын эзэмшлийн хувьцааг олон улсын зах зээл дээр борлуулах боломж буюу хөрвөх чадварыг хаасан. Монголын Улсын Засгийн газар уг хувьцаанаас орлого олох биш байнга  өсөн нэмэгдэх зээлийн өр үүсэх барьцаа болж хувирсан гэдгийг дүгнэсэн байдаг.
 
–Судалгааны төвийн дүгнэлтэд тухайн үеийн УИХ-ын гишүүд, гэрээг байгуулсан ажлын хэсэг ямар байдлаар хандсан бэ?
 
-Манай судалгааны төв гаргасан дүгнэлтээ УИХ-ын гишүүдэд шууд хүргэсэн. Монгол Улсад ашиггүй, манай  тал хохирсон, нөгөө талд хэт ашигтай гэрээ болсон байна гэдгийг дүгнэлтдээ тусгасан.  Үүнийг УИХ уг нь их л анхаарч хүлээж авах учиртай, гэтэл тэгээгүй.   Би болон манай  судлаач нарт УИХ-аас энэ гэрээний дүгнэлтийн талаар ямар нэгэн санал хүсэлт, ирээгүй.  Дэмжсэн ч байхгүй, шууд татгалзсан нь ч үгүй зүгээр л таг дуугүй болсон.  Тэгэхээр ер нь Оюутолгойн гэрээг ямар ч  нөхцөлд батлахын төлөөх УИХ байжээ. Уг нь УИХ энэ асуудалд анхаарлаа хандуулж, шүүн тунгаая гэж бодсон бол манай судлаачдын дүгнэлтэд анхаарах учиртай байлаа.  Харин энэ бүхэн яригдаж дууссан, гэрээ байгуулагдсаны дараа  2012 онд УИХ-ын дэд дарга асан С.Баярцогт УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлсэн. 2009 онд судалгааны төвийн гүйцэтгэсэн Оюутолгой төслийн гэрээнд хийсэн  дүгнэлтийн асуудлаар хандсан.  Албан бичигт энэхүү судалгааг хэн гэдэг УИХ-ын гишүүний хүсэлтээр хэзээ хийсэн. Судалгааны багийн бүрэлдэхүүний талаарх мэдээллийг авахыг хүссэн байдаг.
 
–Ямар учраас гэнэт 2012 онд судалгааны дүг­нэл­тийг сонирхсон юм бол?
 
– Судалгааны төвийн дүгнэлт дээр С.Баярцогт  ач холбогдол өгөөгүй.  Харин судалгааны багийн бүрэлдэхүүнийг сонирхсон байдаг.  Тухайн судалгааг хийсэн эрдэмтдийн цол, овог нэр албан тушаал гээд л энэ бүхэн УИХ-ын дэд даргад ямар хэрэгтэй байсан юм бол. Хэзээ хэний захиалгаар энэхүү судалгааг хийснийг яагаад сонирхож байсан юм бол. Би үүнийг гайхаж байлаа. Албан бичгээс үзэхэд С.Баярцогт их л реакцтай, шүүмжлэлтэй аястай санагдсан. Би судалгааны багийнхаа тухай мэдээллийг өгч, гарын үсгээ зураад тухайн үед эрхэм гишүүнд хариуг нь өгсөн.  Бидний судалгааг УИХ-ын гишүүн Р.Бадамсүрэн захиалж байв. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд судалгаа хийх нь зөв гэсэн даалгавар өгсөн юм. Харин судалгааны дүгнэлтийг л хүлээж аваагүй.  УИХ судлаачиддаа итгээгүй юу, бидний гаргасан судалгааг хараагүй юу ямар нэгэн хандалт, хариу шахалтгүйгээр Оюутолгойн  гэрээг батлаад явчихсан.
 
–Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийхдээ Оюутолгойн гэрээг ашигтай гэрээ болсон гэж мэдэгдсэн.  Түүний ярьсныг сонссон байх. Та юу гэж дүгнэв?
 
-Энэ хүний үг нэг өөр, хийсэн үйлдэл нь бас өөр болчихоод байна.  2009 оноос хойш Оюутолгойн гэрээ бидэнд ашиг өгсөн үү гэвэл өгөөгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн гэрээг хийхэд бид гэрээ хийсэн цагаасаа эхлэн ашгаа хүртэж эхэлсэн шүү дээ.  Гэтэл өнөөдөр Оюутолгой хөдөлж байна уу, хөдөлж байна.  Ашигт малтмал гарч байгаа юу, гарч байна.  Гэтэл энэ есөн жилд Монголд ашиг өгсөнгүй. Мөн Оюутолгойн гэрээнээс монголчууд ногдол ашгийг 2034 оноос эхлэн авна гэдэг шүү дээ. Тэр хүртэл манайх ашиг авахгүй байна гэдэг маш утгагүй асуудал.  Цаашдаа ч ашиг өгнө гэж найдалтгүй л болж байна. Яагаад гэвэл, энэ гэрээнд Монголын талын хяналт байгаагүй.  Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ашиг орлого зэрэгт хяналт тавих ямар ч боломж байхгүй.  Хэзээ ямар ашиг хүртэх нь тодорхойгүй, магадгүй бид хэзээ ч ашиг хүртэхгүй байж болох ийм л гэрээ болсон. Мөн гэрээнд усны аюулгүй байдал алдагдсан учраас Монголын уулс, тэр сайхан байгаль элсэн цөл болно.  Энэ гэрээнд монголчууд баялагийнхаа эзэн нь биш гэж харагдаж байна.
 
–С.Баярцогтын тайл­бар дунд бас нэг асуудал байсан. Ашигтай байгаа Оюутолгойн гэрээг цуцлуулах ашиг сонирхол хаа нэгтэйгээс яваад байна гэсэн. Тийм үндэслэл бий юу?
 
-Өнөөдөр Оюу­толгойн гэрээ ашигтай байсан бол, ард түмний талд байсан бол бид ингээд яриад суух шаардлага алга.  Энд зөвхөн ард түмний ашиг сонирхлыг л ха­рах ёстой. Монголын ашиг сонирхол яригдах учиртай.  С.Баярцогт и­нгэж ярьж байгаа нь анхаарлыг өөр тийш нь шилжүүлэх, хариуцлагаас мултрах ов мэх гэж харж байна.
 
–УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар бас Оюу­толгойн гэрээг оролдох шаард­лагагүй гэсэн байр суурь  илэрхийлээд байгаа?
 
-Ер нь энэ гэрээг хэдхэн хүний үйл ажиллагаатай  холбож  ярих утгагүй. Өнөөдөр энэ гэрээ эдийн засаг, улс төрийн тодорхой бүлэглэлтэй холбоотой байгуулагдсан гэдэг нь ойлгомжтой байна.   Ганцхан  С.Баярцогтыг буруутгах нь хэтэрхий явцуу ойлголт юм.  Энэ гэрээг авч үлдэх, тодорхой бүлэглэлд ашигтайгаар цааш нь үргэлжлүүлэх, цаг хожих ийм хандлагууд нийгэмд ажиглагдаж байгаа. Гэрээг хамгаалж байгаа улс төр, эдийн засгийн бүлэглэл өнөө­дөр ажиллаж  л байна.  Цаашдаа ч энэ гэрээг авч үлдэхийн төлөө бүхнээ хийнэ байх.  Одоо Оюутолгойн гэрээний удирдах зөвлөлд есөн хүн байдаг. Түүний дөрөв нь монголын талаас байгаа. Тэдний ам одоог хүртэл үдээстэй байна. Авч байгаа цалин нь бараг 100 мянган ам.доллар гэж дуулдсан.  Үүнээс харахад Монголынхоо эрх ашгийг, Монголдоо ашиг авчрах талаар тэд юу ч хийхгүй, юу ч дуугарахгүй байна.  УУХҮ-ийн сайд нь Оюутолгойн гэ­рээг цуцлана гэж мун­хаг­лаж болохгүй гэж ярь­сан байна лээ. Оюутолгойг оролдохгүй бай­сан есөн жилийн хуга­­­­цаанд бид ямар ашиг хүртэв. Орлогын эх үүсвэр байхгүй байна. Монгол­чууд ядуу хэвээрээ. Гэхдээ нэг хэсэг нь хагартлаа баяж­­сан байна.  Ийм байд­лаар цааш үргэлжлэх үү гэдгийг одоо л шийдэх хэрэгтэй.
 
–Саяхан УИХ-д Оюутолгойн гэрээг шал­гах Ажлын хэсэг байгуу­лагдлаа.  Тэд хэрхэн ажил­лах бол. Ард түмний талд асуудлыг шийдэж чадах болов уу?
 
-УИХ-ын даргын захи­рамжаар гэрээг шалгах ажлын хэсэг бай­гуулагд­сан нь ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг л зүйл болж байна.  МАХН болон бусад намууд арга буюу Ерөнхийлөгч, УИХ-ын даргад тулган шаардах бичиг хүргүүлсэн.  Нэг талаас харахад энэ бичигт хурдан шуурхай хан­даж, Ажлын хэсэг бай­гуулж байгаа мэт боловч нөгөө талаас нв харвал хожимдсон маш их хугацаа алдсан зүйл.  Ер нь энэ Ажлын хэсэг ямар зүйлийг шалгаж, үнэн зөв дүгнэлт гарах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харахад л надад итгэл төрөхгүй байна.  Уг нь тэд  туйлын шударга ажиллах ёстой. Мөн УИХ-ын Тамгын газрын  2009, 2010 оны дүгнэлтийг эргэн харах учиртай. Оюутолгойн гэрээнд одоо хүртэл нууцалсан зүйл их байгаа. Тэр бүхнийг эргэн харж, хамгийн шударга дүгнэлтийг гаргаасай.  Түүнээс биш ая тал зассан болоод нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр цааш нь явуулъя гэсэн байдлаар хандвал Монголын ард түмэн хохирсоор л байх болно. Нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл дахиад л цаг хожино. Тэгэхээр энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. Асуудалд ингэж л хандаасай. Монголын талаас тавих шаардлага, тэдэнд хүлээлгэх хариуцлага өндөр байна.  Шударга ажиллаасай.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин