sonin.mn
Энэ жил хэд хэдэн гүүрэн гарц барина гэж байна. Ингэхийн тулд намар хүртэл зарим газарт зам хааж, машин тэрэгтэй хүмүүс долоо хоногийн хоёр өдөрт дугаарын хязгаарлалтад орохоор болж байх шиг байна.
Энэ талаар иргэдийн саналыг авч байгаа ч “…Нийслэлийнхэн маань дэмжлээ” гэсэн дүн урьдчилаад гарчихсан байж магадгүй гэцгээж байна. Үнэн эсэхийг бүү мэд.
Шинээр барих гүүрэн гарцуудаас анхаарлын төвд байгаа нь Замын цагдаагийн ойролцоох нь юм. Учир нь сар гаруйн өмнөөс энэ гүүрэн гарцын эргэн тойрон дахь газартай холбоотой асуудал босч ирсэн.
Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөн байгаа юм. Тэднээс “Шунхлай”, “Жаст”-ын ШТС-ууд, “Оддын хотхон” СӨХ зэрэг 20-иод нь газраа чөлөөлж өгсөн талаар НЗДТГ-ын сайтад мэдээлжээ. Гэхдээ “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК буюу хүүхдийн паркийнхан газраа өгөхөөс татгалзсан байна. Үүнээс гадна уг гүүрэн гарцны яг төв хэсэгт НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн МИНТ баар буюу HOME PLAZA-гийн барилга шовойгоод үлдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, гүүрэн гарцны зургаас харахад хойноосоо урагш явах урсгалын баруун гар тийш эргэж буусан туслах зам Ц.Сандуй даргын байшинг могой шиг ороогоод буух юм байна лээ. Эх сурвалжуудын ярих нь, байшинг тойруулахад шууд бууснаас урт болно. Тэр хэрээр төсөв хөрөнгө нэмэгдэх нь тодорхой гэж байгаа юм.
За энэ яахав, эрх барьж байгаа хойно хожим улс, татвар төлөгчид төлөх зээлийн хөрөнгийг зарчихаж болно.  Зарах нь ч тодорхой байх. Үүнээс гадна газраа чөлөөлсөн компаниудад олгох нөхөн төлбөр нь гүүрэн гарц барих хөрөнгөөс ч давж мэдэхээр болсон тухай зарим хэвлэл мэдээлээд эхэлсэн байна.
Хамгийн гол нь Ц.Сандуй даргын өндөр байшин үзэгдэх орчныг хязгаарлаж, гүүрэн гарцан дээр хөдөлгөөнд оролцож байгаа машинууд осол аваарт өртөх магадлалыг нэмнэ. Үнэнийг хэлэхэд тэр байшин одоо ч ихээхэн асуудалтай. Ц.Сандуй даргын HOME PLAZA-гийн хоёр талын замд явган хүний гарц гэж байхгүй. Урд хойноосоо хэд хэдэн туслах замаас орж ирж байгаа автомашинууд нэг урсгал болдог. Яг ингээд чихэлдчихсэн зам дээрээс Ц.Сандуй даргын HOME PLAZA руу эргэж ордог гээд л бод доо.
Иймээс болдог бол Ц.Сандуй даргын тэр байшинг тэндээс яаж ийгээд холдуулах л хэрэгтэй байгаа юм. Гүүрэн гарц барихад тэр том байшин байтугай ургаа моднууд хүртэл өндөрдөөд байдаг бололтой юм билээ.
Замын цагдаагийн гүүрэн гарц Олимпийн гудамжинд баригдана. Өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард “Гүүрэн гарц барих гэж Олимпийн гудамжны бүх модыг тайрчээ” гэсэн мэдээлэл цацагдаж байв. Энэ талаар тухайн үед Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав “…Гүүрэн гарцны  туслах замын трасст Олимпийн гудамж дахь 157 мод орсон.  Үүнээс 107  модыг аравдугаар сараас эхлэн зөөж,  Бээжингийн гудамж, Хот тохижуулах газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан. Насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг арваннэгдүгээр сарын 16-17–ны өдрүүдэд тайрч авсан” гэж тайлбарлаж байжээ.
Ямар ч л байсан тэр хавийн ургаа моднуудыг зөөхийг нь зөөж, тайрахыг нь тайрчээ. Мэдээж хэрэг, саад болсон учраас тайрсан байж таарна. Гэтэл ургаа модноос хэд дахин өндөр Ц.Сандуй даргын HOME PLAZA байсан байрандаа үлдэхээр болж байна.
Угтаа энэ бол шударга бус явдал юм. Анхнаасаа хуулийн дагуу бус, хүчээр зүтгүүлж барьсан МИНТ баар буюу HOME PLAZA-гийн барилга энэ удаад  ч ингээд үлдчихэж байгаа нь асуудал дагуулж байгаа хэрэг.
Энэ талаар хүн болгон байр сууриа илэрхийлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхбоод л гэхэд “…47 сая ам.доллараар буюу 112 тэрбум төгрөгөөр ийм гүүр барьснаас, өөрөө өөртөө хууль зөрчиж зөвшөөрөл өгч бариулсан Ц.Сандуйгийн дэлгүүрийг буулгаж зам болговол энэ уулзварын түгжрэл арилна. Ц.Сандуй дэлгүүртэй болсноос болж, нийт улаанбаатарчууд тэгш сондгойгоор явахгүй” гэж байв. Бодох л бодол.
Ер нь тэгээд сая гаруй хүндээ “хөл хорио” тогтооно гэчихээд Ц.Сандуйгийн өмнө сөхрөхийн учир юу вэ гэж нийслэлчүүд эргэлзээд л байна шүү, Су.Батболд дарга аа?!
 
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин