sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Их Британийн эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй Оросын бизнес эрхлэгчдийн эсрэг санхүүгийн шинэ хориг арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлнэ гэж Sunday Times сонин Британийн засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, хориг арга хэмжээ нь “Оросын олигархуудын” эсрэг чиглэх аж. Өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уг сонинд ярилцлага өгөхдөө “Нэгдсэн вант улсад байршуулсан Оросын бизнес эрхлэгчид болон түшмэдийн “хууль бус хөрөнгийн” талаар авч хэрэгжүүлэх ажиллагааны янз бүрийн хувилбарыг засгийн газар хэлэлцэж байгаа” гэж мэдэгдэж байсан юм.
Гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хорт хийгээр хордуулсан хэрэг гарсны дараа Орос, Британийн харилцаа хурцадсан юм. “Их Британийн иргэдийн амь нас болон эд хөрөнгөд аюул учруулж буй нь нотлогдсон тохиолдолд Оросын төрийн данснуудыг царцаана” гэж Тереза Мэй уг хэрэг явдлын дараа мэдэгдэж байсан билээ.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг