sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ сарын сүүлчээр болох хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтад зориулан “Энх тайван, шинэ эхлэл” гэсэн уриа лоозонг Өмнөд Солонгос гаргажээ. Энэ тухай тус улсын “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “11 жилийн дараа хоёр Солонгосын хийх гэж буй дээд хэмжээний уулзалт нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой учир бид ийм уриа гаргалаа. Энэ дээд хэмжээний уулзалтыг үеэр Умард Солонгос болоод АНУ хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудыг мөн авч хэлэлцэнэ” гэжээ.
Хоёр Солонгосын удирдагчид энэ сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талд хамаарах хэсэгт хэлэлцээ хийхээр товлоод байгаа юм. Энэ нь хоёр Солонгосын түүхэн дэх гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болно. Тус хоёр улсын удирдагчид 2000 болон 2007 онд дээд хэмжээний уулзалт хийж байсан түүхтэй.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын харилцаагаа бэхжүүлэх арга замуудыг авч хэлэлцэх аж.
Энэ уулзалтын дараа тавдугаар сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг