sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд хэрэгжилт 35-40  хувь байна хэмээн танилцуулсан байна. Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч өгөөжийг нь иргэн, айл өрхөд хүргэх ёстой. Энэхүү өгөөжийг бодитойгоор иргэн, айл өрх бүрт хүргэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэг дээр гишүүд анхаарал хандуулж ярилцсан байна. Түүнчлэн нийслэлийн дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй ханджээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах заалт тусч 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл газар чөлөөлөлт тулгамдсан асуудал болсон учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн аж. Үүний зэрэгцээ сахилга хариуцлагын асуудлыг анхаарч авч үзэх ёстой гэж үзсэн тул тус бүлэг ирэх долоо хоногт төрийн албыг сахилгажуулах, чадваржуулах асуудлыг авч хэлэлцэхээр тогтжээ. Мэдээллийн дараа бүлгийн дарга Л.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
 
-Хүүхдийн мөнгийг 100 хувь хүүхэд бүрт олгох төслийг Ерөнхийлөгчөөс, 80 хувьд хүргэх төслийг Засгийн газраас өргөн барьсан. Ер нь хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох нь зөв гэж бүлэг үзэж байгаа вэ?
 
-Эдийн засгийн өсөлт 5,1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан өр авлага барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн ОУВС-тай тохиролцсоны хүрээнд 60 хувьд нь олгож байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэхээр болсон. Энэ чиглэлээ баримталж ажиллах болов уу гэж бодож байна.
 
-УИХ-аас стратегийн ордуудтай холбоотой ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүн хэзээ гарах вэ?
 
-Ажлын хэсгүүд энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх гэсэн тайлбарыг өглөө. Тус намын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, хүүхдийн мөнгийг 100 хувьд эсвэл 80 хувьд нь олгох төсөл болон УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг сонсох аж.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг