Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, "Чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл хийнэ. Мэдээлэл хийх үед зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асуудаг дэгтэй. Эрүүл мэндийн асуудал бол их чухал асуудал. Тиймээс олонхийн бүлгийн гишүүдээс асуулт асуух бололцоо гаргаж болох уу" гэсэн саналтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, "Хүүхдийн мөнгөний тухай хуулийн төслийг хойшлуулсан байна. Энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч. Өнөөдөр Ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслолыг зөвхөн АН-ынханд хамаатай үйл явдал гэж хараад байх шиг байдаг. Ингэж харалгүй чуулганы хуралдааныг 11:30 минутын үед түр завсарлуулж УИХ-ын гишүүд уг ёслолд оролцох нь зүйтэй. С.Зоригийнхоо төрсөн өдрөөр хүүхдийн мөнгөний асуудлаа батлая. Эв эеийг сахья" гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд дээрх саналуудтай холбогдуулж, "М.Билэгт гишүүний саналыг хүлээж авах бололцоогүй. Дэгээ сахих ёстой. Хүүхдийн мөнгөний асуудлыг хойшлуулж, ирэх 7 хоногт хэлэлцэхээр болсон. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодорхой хуралд оролцохоор болсон тул ийн хойшлуулсан. УИХ-ын гишүүд С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолд бололцоогоороо оролцоорой" гэсэн тайлбарыг өгөв. Үүгээр чуулган товын дагуу эхний асуудалдаа орсон юм.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг