Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 23-24-нд “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалцгаая” сэдвийн дор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.
Тус ЭСЯ баярын арга хэмжээг М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн 5 дугаар дунд сургууль, Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн “Хошой тэргүүний” 105 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль,  Улаанбаатар дахь Америк сургууль болон Монголын Хүүхдийн ордонтой хамтран тэмдэглэх юм. Энэ хүрээнд хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож ЭСЯ-ны хашаанд мод суулгах, Элчин сайд М.Ахмет Язал сурагчдыг хүлээн авч уулзан өөрийн албан үүргээ хэсэг хугацаанд нэг сурагчид хариуцуулах, “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хамгаалцгаая” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн үзэсгэлэн гаргах, сурагчдын бэлтгэсэн урлагийн нэгдсэн тоглолт зохиох зэрэг арга хэмжээ болох аж.
Турк Улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1920 оны дөрөвдүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний Их хурал анх байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдийн баяр хэмээн зарлан тунхаглажээ. Хожим хойно тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон аж.   
 
Б.Туул 
Эх сурвалж: Монцамэ агентлаг