МОСКВА. /ВЕСТИ/. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антоновтой уулзсан тухай Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснийг “Вести” агентлаг уламжлав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны талаар хэлэлцсэн байна.
“Хоёр улсын харилцааг сайжруулах нь АНУ болон ОХУ-ын ашиг сонирхолд нийцнэ. Хоёр улсын харилцааг сайжруулахын тулд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон болон Их Британийн Солсбери хотод химийн хорт бодис ашигласан гэх хэрэг хийгээд Сири болон Украин дахь нөхцөл байдал зэрэг хэд хэдэн асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай юм” гэж Ж.Болтон онцлон тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Орос улсыг АНУ-ны эрх баригчид хэд хэдэн удаа буруутгасан билээ. Харин ОХУ-ын эрх баригчид энэ мэдэгдлийг баталгаа нотолгоогүй, үндэслэлгүй гэж үзэн нэг бус удаа няцаасан юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг