sonin.mn
Сонгуулийн санал хураалтдаа ч итгэдэггүй хүмүүс өдгөө санал хураалтаар асуудлыг шийддэг болох бололтой. Саяхан АТГ-ын дарга болон дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны www.president.mn цахим хуудсаар нээлттэй санал асуулга зохион байгуулан тодруулахаар болсон. Мэдээж санал хураалт дуусаж Ерөнхийлөгч АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу саналаа УИХ-д хүргүүлээд байгаа.
Тэгвэл тэрбээр дараагийн санал асуулгаа ч бэлдэх шаардлагатай болсон талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Т.Лхагва нарын бүрэн эрхийн хугацаа энэ сарын 10-нд дуусна. Мөн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байгаа.
Хуульд Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс санал болгон, парламентаар баталдаг. Харин дээр дурдсан Т.Лхагва, Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг өмнөх Ерөнхийлөгч санал болгож байсан. Энэ удаа тэдний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга хүн нэр дэвшүүлэх шаардлагатай болж байгаа юм. Харин хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэг эргэлзээ аль хэдийн үүссэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсан байна.
Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлдэг гурван хүний хугацаа тавдугаар сарын 9-нд дуусна. Мөн УИХ-аас томилдог нэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр УИХ нэг хүнээ, Ерөнхийлөгч гурван хүнээ нэр дэвшүүлээд хэлэлцүүлнэ. АТГ-ын дарга, дэд даргын санал асуулгыг анх удаа авсан. Дахиад санал хураалт явуулах эсэхийг ярилцаж байна." хэмээн тайлбарлажээ. Мэдээж эцсийн шийдэл хийгээд шийдвэр гараагүй.
Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлээд буцаан татсан. Олон нийтийн зүгээс түүнийг эсэргүүцэж, “Халх голыг сүйд хийсэн хүнээр Үндсэн хуулийг мануулах нь чононд хонь хадгалуулсантай адил” хэмээн шүүмжилж байсан юм.
Юутай ч Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг зүтгүүлэхээ түр азнасан. Үүнийг нь зарим хүн АН-ынханы дотоод хувиарлалтаас үүдсэн гэж тайлбарлаж байсан бол нөгөө хэсэг нь Ерөнхийлөгч ард түмэнд таалагдахгүй “сонголт” хийхээс татгалзсан ч гэж байв.
Гэхдээ УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа бол яах аргагүй одоогийн Ерөнхийлөгчийн хүн. Тэрбээр МоАХ фракцад харьяалагддаг төдийгүй Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга давхар дээлнээсээ татгалзаж, суудлаа Р.Бурмаад шилжүүлж байсан түүхтэй.
Юутай ч гурван хүний орыг залгах хүн хэдий олон боловч Ерөнхийлөгч “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй“ шийдвэр гаргахын тулд квотоо их няхуур хуваах хэрэгтэй болно. Эсвэл өмнөх туршлагатаа үндэслэн санал асуулга явуулж мэднэ. Гэхдээ “иргэд” хэнийг нэр дэвшүүлж, Цэцэд илгээхийг бүү мэд.
Уг нь тодорхой хуулиудад сайтар тусгачихсан хэрнээ санал асуулга гэдэг зүйлийг нэвтрүүлж байгаа нь их хачирхалтай. Цаад утгаараа бол олон нийт гэдэг үгийг л хэрэглэж, хүнээ шургуулж байна гэдэг хардлагыг төрүүлэх болсон нь нууц биш. Харин энэ удаа дахиад л санал асуулгаа “шүтэж” Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээ тодруулах уу.
 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"