sonin.mn
"Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал хорих 461-р ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Сүүлийн үед Лондонгийн Олон Улсын Арбитрийн шүүхэд "Эрдэнэт үйлдвэр" ХХК ялагдсан нь 2008- 2013 онд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалын буруугаас болсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц ярилцлагыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх боллоо. "Үхсэн хүн үг хэлдэггүй" гэдэгтэй адил намайг Цагдан хорих төвд хоригдонгуут яаж ч хэлж болно гэж бодсон бололтой. Таны ярьсан зүйлүүд бүгд нотлогдоогүй, хий хоосон таамаглал дээр үндэслэсэн болохоор би дараахь байдлаар няцааж байна. Үүнд:
1. Стандарт банкны өмгөөлөгч Арбитрийн шүүх хурлын үеэр намайг уг хэрэгт оролцсон гэж янз бүрээр гүтгэж, тулгаж байсан зарим дайралт, Стандарт банкны гаргаж тавьсан хардлагыг Арбитраар тогтоогдсон зүйл мэтээр ойлгогдохоор Та ярьжээ. Тухайлбал, тэдний өмгөөлөгч намайг "Стандарт банктай холбоотой асуудал үүсч эхлэнгүүт та нар баталгаа гаргахгүй гэсэн заалттай 28 хуудас богино хэлбэрийн гэрээний төсөл нөхөж хийсэн байж таараа, та нар тэгсэн биз дээ? гэж хий хоосон хардлага, таамаглал дээр үндэслэн гүтгэж байсныг Арбитр тэгж дүгнэсэн мэтээр ярьсан байна. Гэтэл Стандарт банкны асуудал үүсэхээс дөрвөн сарын өмнө би ажлаа хүлээлгэн өгөөд гадаадад суралцахаар явсан байсан тул нөхөж хийх боломжгүй, дээр нь баталгаа гаргахгүй гэсэн төслийг 2009 оны зургадугаар сард үйлдсэн болох нь олон баримтаар нотлогддог юм.
2. Б.Мөнхжаргалын гэрт 2013 оныг хүртэл "гэрээ" хадгалагдаж байсан, тэрийг нь цагдаа хурааж авсан гэж Та хэлжээ.
Нэгдүгээрт, энэ нь "гэрээ" биш, баталгаа гаргахгүй гэсэн заалттай 28 хуудастай богино хэлбэрийн "гэрээний төсөл" байсан.
Хоёрдугаарт, цагдаа үүнийг хурааж аваагүй, харин би Эрдэнэт үйлдвэрийнхэнд дүүгээрээ дамжуулж 2013 оны долдугаар сард өгүүлснийг сүүлд нь Эрдэнэт үйлдвэрийнхэн цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Энэхүү гэрээний төсөлд Стандарт банк гарын үсгээ зураагүй тул гэрээ болоогүй, төсөл хэвээрээ үлдсэн билээ. Гэрээний төсөл нь 2009.06.30-нд гарын үсэг зурагдсанаас хойш 2013.01.14-нд намайг ажлаа хүлээлгэн өгөөд Эрдэнэтээс явах хүртэл гурван жил долоон сарын хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн байранд буюу миний ажлын өрөөний сейфэнд, 2013.01.14-2013.07 сар хүртэл Улаанбаатар хотод миний гэрт хадгалагдаж байсан. Гэрээний төслийг гэрээ болоогүй учир өөрөө хадгалж байх нь зүйтэй гэж би үзсэн. Ингэснээрээ ч тэр төсөл алга болчихолгүй одоог хүртэл хадгалагдаж үлдсэн. Стандарт банкны асуудал дөнгөж үүсч эхлэх үед буюу 2013 оны тав, зургадугаар сарын үед би Эрдэнэт үйлдвэрийнхэнтэй утсаар холбогдож "Надад ийм төсөл л байгаа, Стандарт банкны гарын үсэг зурсан хувь ирээгүй тул гэрээ болоогүй. Үүнээс өөр ямар ч гэрээнд Эрдэнэт үйлдвэр гарын үсэг зураагүй шүү" гэдгийг мэдэгдсэн.
Улмаар гэрээний төслийг надаас авъя гэсний дагуу би 2013 оны долдугаар сард гэрээсээ дүүгээрээ авахуулж Эрдэнэт үйлдвэрийнхэнд өгүүлсэн юм. Гэтэл ийм төсөл байгаа тухай Эрдэнэт үйлдвэрийнхэн Арбитрт юу ч хэлэхгүй байснаа гэнэтхэн 2014 оны долдугаар сард буюу төслийг хүлээн авснаасаа хойш бүтэн нэг жилийн дараа Арбитрт зөвхөн хуулбараар нь л гаргаж өгсөн байсан. Энэ тухай Арбитрийн шийдвэрт бичигдсэн байгаа. Энэ нь Арбитрчдад ямар ч итгэл үнэмшил төрүүлээгүй.
Учир нь арбитрийн маргаанд оролцогчид өөрийгөө хамгаалах хамгийн чухал баримтаа асуудал үүсэнгүүт хамгийн түрүүнд гаргаж өгдөг биз дээ, дээр нь зөвхөн хуулбараар нь л гаргаж өгсөн болохоос эх хувиар нь шаардаад байхад гаргаж өгөхгүй байгаа юм чинь ийм төсөл ерөөсөө байхгүй юм байна гэж Арбитр үзсэн. Үнэхээр ийм нөхцөл байдалд Арбитр итгэхгүй нь тодорхой, тиймээс баталгаа гаргахгүй гэсэн төслийн хуулбарыг нотлох баримтаар тооцоогүй. Эрдэнэт үйлдвэр гарын үсэг зурснаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад Стандарт банкны гарын үсэгтэй хувь ирээгүй учраас одоо хэрэггүй болоо биз дээ гэж бодоод ураад хаячихалгүй хадгалж байснаараа, асуудал үүсэнгүүт цаг алдалгүй Эрдэнэт үйлдвэрийнхэнд гаргаж өгснөөрөө би ямар буруутай билээ?
3. Ш.Батхүү, Б.Мөнхжаргал нарын мэдүүлэг зөрснөөс болж Эрдэнэт үйлдвэр ялагдсан гэж Та ярьжээ. Өмнө нь баталгаа гаргах заалттай гэрээний төсөл дээр нь гарын үсэг зурахгүй гэж буцаасны дараа богино хэлбэрт оруулаад янзалчихсан өөр гэрээний төслийг Ш.Батхүү авчрахад нь би "Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргахгүй, санхүүгийн хариуцлага хүлээхгүй" гэсэн ганцхан заалт нэмүүлсэн болохоо батлах баримтыг АТГ-д хүлээлгэн өгсөн. Энэ нь Ш.Батхүүгийн мэдүүлэг худал болохыг бас батална. Ер нь би Ш.Батхүүтэй хуйвалдсан байсан бол бид хоёрын мэдүүлэг зөрөх үү? Бодит байдал дээр баталгаа гаргахгүй гэсэн төслийг Эрдэнэт үйлдвэр эх хувиар нь явуулаагүй учраас ийм төсөл ерөөсөө байхгүй юм байна гэсэн дүгнэлт хийхдээ Арбитр дээрх мэдүүлгийн зөрүүг нэг үндэслэл болгож ашигласан юм. Тэрнээс гэрээний төсөл эх хувиараа очсон байсан бол энэхүү мэдүүлгийн зөрүү ямарч ач холбогдолгүй болох байсан нь Арбитрийн шийдвэрээс тодорхой ойлгогдоно. Ийм ноцтой хэргийг шийдэхэд мэдүүлгийн зөрүү нөлөөлөх үү, аль нь илүү жин дарах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Баталгаа гаргахгүй гэсэн богино хэлбэрийн гэрээний төслийг эх хувиар нь явуулсан байсан ч энэ нь Эрдэнэт үйлдвэрт хангалттай хамгаалалт болж чадахгүй байсан гэж Та хэлжээ. Энэ бол Таны л бодол. Арбитрийн шийдвэрийн хэлэлцүүлгийн хэсгийн бараг тал хувь нь баталгаа гаргахгүй гэсэн төслийг хэн боловсруулсан бэ, хэн, хэзээ гарын үсэг зурсан бэ, баталгаа гаргахгүй гэсэн заалт хэн нэмсэн бэ, одоо хаана байна, яагаад эх хувиар нь гаргаж өгөхгүй байна зэрэг зөвхөн энэ төслийн талаар хэлэлцсэн байгаа нь уг төсөл ямархуу ач холбогдолтой нотлох баримт байсан бэ гэдгийг тодоос тод харуулна. Тэгээд ч баталгаа гаргахгүй гэсэн 28 хуудастай төсөл ерөөсөө байхгүй юм чинь баталгаа гаргана гэсэн гэрээний хамгийн сүүлийн жинхэнэ гарын үсэгтэй сүүлийн хуудсыг чинь өөр гэрээний төслөөс салган авч ашигласан байна гэж хэлээд байгаа мөртлөө тэр өөр гэрээнийхээ төслийг эх хувиар нь аваад ир гэхээр өгөхгүй байхаар чинь ингэж үзэхээс өөр яах вэ дээ. Энэ төслийг явуулаагүйгээс болж надтай утсаар ярьсан, уулзсан гэх ямар ч нотлох баримтгүй худал гүтгэлэг үнэн байна гэж тооцогдох хүртлээ үнэлэгдсэн нь Арбитрийн шийдвэрт тодорхой бичигдсэн байгаа. Энэ төслийг явуулаагүй нь yahoo-гийн хувийн еmail-ээс явуулсан гэх  Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөх хэмжээнд хүртэл өндрөөр үнэлэгдэж, зөвхөн тэр ганц удаагийн еmail-ийг үндэслэн 160 сая ам.долларын зээл өгчихсөн юм гэж Стандарт банкны өмгөөлөгч сүр бадруулан ярих нэг үндэслэл нь болсон билээ. Тэр еmail-ийг нь би боловсруулаагүй, бичээгүй, явуулаагүй болохыг Та удахгүй мэдэх болно. Энэ хэрэгт Эрдэнэт үйлдвэр гарцаагүй ялна гэдэгт би итгэлтэй байлаа. Учир нь Стандарт банкнаас гаргаж өгсөн 40 хуудастай баталгааны гэрээнийх нь 1-39 дүгээр хуудаснуудад миний гарын үсгийг дуурайлган зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон, дээр нь баталгаа гаргахгүй гэсэн богино хэлбэрийн гэрээний төслийг Эрдэнэт үйлдвэрийнхэнд хүлээлгээд өгчихсөн байсан тул найдвартай ялна гэж бодож байснаас биш Лондон руу эх хувиар нь явуулахгүй байсаар байгаад ялагдчихна гэж төсөөлөө ч үгүй. 1-39 дүгээр хуудаснууд дахь гарын үсгийн шинжилгээг яагаад дахин хийсэн, Эрдэнэт үйлдвэрийнхэн ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, анхны дүгнэлтийн ач холбогдлыг хэрхэн бууруулж, будилуулсан зэрэг нь тусад нь ярих томоохон, ноцтой сэдэв тул энэ удаадаа орхиё. Би богино хэлбэрийн 28 хуудастай гэрээний төслийг Эрдэнэт үйлдвэрийнхэнд өгөлгүй шууд Лондон руу явуулчихдаг байж дээ гэж маш ихээр харамсч байна.
Төслийг явуулаагүй нь шинжээчийн дүгнэлтээр хуурамч болох нь тогтоогдсон, Стандарт банк дүгнэлтийг хүлээн зөвшеөрсөн 170 гаруй гэрээ, албан бичиг, протокол зэрэг хуурамч баримт бичгүүдийг Арбитр хэрэгсэхгүй орхих шалтгаан болсон. Үүнээс болж Төрийн өмчийн хорооны гэх удаа дараагийн хуурамч албан бичгүүд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон түүний нэгдүгээр орлогчийн гарын үсэг зурсан гэх хуурамч нь тогтоогдсон албан бичгүүдийг үнэлэхгүй орхисон. Баталгаа гаргахгүй гэсэн 28 хуудастай гэрээний төсөл ийм л ач холбогдолтой нотлох баримт байсан билээ. Үнэхээр харамсалтай Энэ хэрэгт Эрдэнэт үйлдвэр нотлох баримтаа явуулаагүйгээс болж ялагдсан гэдгийг ганцхан би ч хэлээд байгаа юм биш. Хэргийг шийдсэн Арбитр хүртэл "Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ хэрэгт хандаж байгаа хандлага нь дэндүү хэвийн биш байна. Үүгээр би Эрдэнэт үйлдвэрийн өмгөөллийн компанийг шүүмжилж байгаа юм биш шүү. Өмгөөллийн компани цаг үргэлж Эрдэнэт үйлдвэрийн зааварчилгааны дагуу ажиллаж байсан нь ойлгомжтой" гэж бичсэнээс харахад л тодорхой. Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч хүн барагтай бол ингэж бичихгүй шүү.
5. Та намайг Ш.Батхүүгийн эд хөрөнгийг илрүүлж, битүүмжлэх ажиллагаа явуулж эхлэнгүүт сайн дураараа ялагдсан гэх зүйл ярьж, Ш.Батхүүг хамгаалж байгаа гэсэн ойлголт төрүүлэхийг хичээсэн байна лээ. Надад тэр Ш.Батхүүг өмөөрөх ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Намайг ийм байдалд оруулсан хүнийг би өмөөрөх үү? Харин би Эрдэнэт үйлдвэр төлбөр төлөх ёсгүй, төлөхгүй байх эрхтэй гэдгийг анх нийтэд ил болгож, Та бүхнийг энэ чиглэлээр ажиллаасай гэсэн санаа сэдэл өгснийхөө хариуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр цоллуулж байна.
6  . Лондонгийн Арбитр, Дээд шүүхэд маргааны нэг тал болж оролцож буй этгээд тэдний шаардсан баримт, материалыг гаргаж өгч байж маргаанд ялдаг юм. Эс бөгөөс Арбитр, шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзэж эсрэг шийдвэр гаргадаг билээ. Санхүүгийн мэдээллээ ил болгох талаар шүүгчийн гаргасан захирамжийг биелүүлсэн бол 51 сая ам.доллар байршуулахгүйгээр гомдлоо гаргах боломжтой байсан нь Таны ярилцлагаас харахад тодорхой байна.   Эрдэнэт үйлдвэр санхүүгийн мэдээллээ ил болгоогүй, дээр нь өмнөх жилүүдийн ногдол ашиг, гэрээний урьдчилгаа зэрэгт зориулж 98 сая ам.доллар гаргасан байна, тиймээс санхүүгийн байдал нь эрс доройтсон, тэгээд ч санхүүгийн мэдээллээ ил болгоогүй тул заавал 51 сая ам.доллар байршуул гэсэн захирамж гаргасан юм байна лээ шүү дээ. Хэнд тэр 98 сая ам.доллар шилжүүлснийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа байх. Тэгэхээр хэний буруугаас болж Эрдэнэт үйлдвэр давж заалдах эрхээ эдлээгүй вэ гэдэг нь тодорхой байгаа биз?
Ер нь Арбитрийн шийдвэрт гаргасан гомдлыг Английн Дээд Шүүх хүлээн авч гомдол гаргах эрх олгох тохиолдол маш ховор байдаг. Ийм эрх олгоно гэдэг нь Эрдэнэт үйлдвэр Дээд шүүхэд Стандарт банкийг ялахад тун ойрхон байсан гэсэн үг. Гэтэл энэ эрхээ Та бүхэн санаатайгаар эдлээгүй орхисон чинь Эрдэнэт үйлдвэрийг хамгаалсан хэрэг үү, эсвэл хорлосон хэрэг үү? Стандарт банкинд төлөх төлбөрийг "Жаст групп" ХХК- ийн эд хөрөнгөөр барагдуулах ёстой гэдэгтэй би бүрэн санал нийлж байна. Дээр нь би Эрдэнэт үйлдвэр эхлээд төлбөр төлж болохгүй гэдгийг хэлээд байгааг анхааралдаа авахыг хүсч байна. Эрдэнэт үйлдвэрийг хамгаалах "Гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай" 1958 оны Нью-Иоркийн конвенцийг судлан үзэж, түүнд заагдсан боломжийг боломжийг ашиглахыг хүсвэл Эрдэнэт үйлдвэр төлбөр төлөхгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна. Уг нь их амархан л даа, та бид хоёр хэвлэлээр ингэж марган мэтгэх шаардлагагүй. Арбитр Эрдэнэт үйлдвэрийг баталгааны гэрээнд гарын үсэг зурсан байна гэж үзсэн. Тэр гэрээнүүдийг нь Монголд авчраад шинжлээд үзэхэд л тодорхой болно. Жинхэнэ юм бол Эрдэнэт үйлдвэр төлөх нь зүйн хэрэг, харин хуурамч бол телөх ёсгүй гэдэг нь бас ойлгомжтой. Тэр гэрээнүүдийг Монголд авчрах талаар Та ажиллаж байгаа байлгүй дээ гэж найдъя.
Хэрэв Эрдэнэт үйлдвэр хувийн компани байсан бол баталгаа гаргасан гэх гэрээг нь хараа ч үгүй байж, Монголдоо шинжилгээ хийгээ ч үгүй байж төлье гэхгүй нь ойлгомжтой. Эрдэнэт үйлдвэр хохирч байна гэдэгтэй би бас санал нийлж байна. Гэхдээ намайг Ш.Батхүүтэй нийлж Эрдэнэт үйлдвэрийг хохироож байна гэсэнтэй чинь хэрхэвч санал нийлэхгүй!
Ш.Батхүү гэгч этгээдийн энэ залилангаас болж сэтгэл санаа, нэр төр, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, ажил амьдралаараа хохирч байгаа олон хүний нэг нь би билээ. Гэр бүлийнхэн маань давхар хохирч байна. Дараагийн удаа ярилцлага өгөхдөө Та нийт хэдэн гэрээ, албан бичигт Эрдэнэт үйлдвэр гарын үсэг зурсан гэж Ш.Батхүү Стандарт банкинд гаргаж өгсөн, түүнээс хэд нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг Стандарт банк, Арбитр хүлээн зөвшөөрсөн эсэх талаар мэдээлэл өгвөл ард түмэнд хэрэгтэй байхсан. Олон нийт Танаас ийм мэдээлэл авахыг хүсч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.