sonin.mn
ПХЕНЬЯН. /СЦМТА/. Өмнөд Солонгостой лхагва гарагт буюу өнөөдөр хийхээр товлоод байсан дээд түвшний хэлэлцээг цуцалж буйгаа БНАСАУ мэдэгдэв.
Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /СЦМТА/ мэдээлснээр, АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа нь Өмнөд Солонгостой хийх хэлэлцээг цуцлахад хүргэсэн байна.
Өнгөрсөн сарын 27-нд болсон хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг, тухайлбал Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын тулд энхийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах тухай тохиролцоог ажил хэрэг болгох төлөвлөгөөг боловсруулах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр авч хэлэлцэх ёстой байжээ.
Өмнөд Солонгос болон АНУ 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018 Max Thunder" агаарын цэргийн сургуулилтыг хийж байгааг БНАСАУ-д “цохилт өгөх бэлтгэл” бөгөөд “өдөөн хатгалга” гэж Пхеньян үзэж байна. Уг цэргийн сургуулилт нь  энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 25-нд дуусах юм.
Мөн удахгүй хийхээр төлөвлөөд буй БНАСАУ болон АНУ хоорондын дээд хэмжээний уулзалтын талаар АНУ дахин бодож үзэх хэрэгтэй гэж СЦМТА анхааруулсан байна. Тус хоёр улсын удирдагчид ирэх сарын 12-нд Сингапурт дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байгаа билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг