sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. Газын зурвас-Израилийн хил орчимд хүчирхийлэл үйлдэж байна гэж Израилийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шүүмжилсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт АНУ Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлснийг эсэргүүцэн жагссан палестинчууд руу Израилийн аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээсний улмаас 60 гаруй хүн, тэдний дотор олон хүүхэд амиа алдсан юм.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр яаралтай хуралдаан зарласан байна. Хуралдааны эхэнд Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орны төлөөлөгчид хэсэг чимээгүй зогсон амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.
Энгийн номхон иргэдийн эсрэг хайр найргүйгээр хүч хэрэглэж байна гэж Израилийн аюулаас хамгаалах хүчнийхнийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд зэмлэн буруушаагаад “Энэ бол олон улсын хуулийг зөрчсөн хэрэг” гэжээ.
Их Британи болон Франц улс өөрийгөө хянаж, хүлээцтэй байхыг Израильд уриалсан байна. Мөн  Палесины “ХАМАС” хөдөлгөөнийхөн эсэргүүцлээ илэрхийлэгчдийг өдөөн турхирч байна гэж үзэж буйгаа тус хоёр улс илэрхийлжээ.
Палестинчуудыг хамгаалахыг уриалсан агуулга бүхий тогтоолын төслийг Кувейт улс Арабын улсуудын нэрийн өмнө боловсруулан Аюулгүйн Зөвлөлд өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр зарлаж, Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа нийтэд зарлаж байсан юм.
Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. Иерусалимын асуудлаарх Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг