Өглөөний сонин" Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох “Control TV'-ийн “Контрол КОММЕНТАТОР" нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониноо буулган эрхэм уншигчдадаа хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат, Монгол Улсын улс төр, эдийн засгийн барометрийг хэмждэг, “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Суматитай ярилцжээ
-Тантай ярилцлагаа эхлэхийн өмнө "Voters” voice" буюу "Сонгогчдын санал бодол" ч гэж "Сонгогчдын дуу хоолой" ч гэж орчуулж болох судалгааны номын тухай сонирхъё. Энэхүү ховор мэдээлэл бүхий номыг англи хэл дээр гаргасан байна.
 
-Энэ номыг бүтээхэд бүтэн гурван жилийн хөдөлмөр бүтээлээ зарцуулсан. ‘Voters Voices" номын анхны хэвлэлтийг 1995-2007 оныг хамарсан судалгаагаар эмхэтгэж байсан.
 
"Voters Voices” ном бол түүний үргэлжлэл, өмнөх номондоо бид тооны үзүүлэлтүүдийг илүү түлхүү танилцуулж байсан бол энэ номонд тодорхой анализ дүгнэлт бичсэнээрээ ялгаатай. Монголын улс төрийн байдлыг олон талаас нь харуулахыг зорьсон. Энэ ном гурван зохиогчтой, би, Вэрнэр Прол \Werner Prohl\, миний гэргий Ц.Сэргэлэн.
 
-Энэ номыг уншиж байхад улс төрчид, судлаачид төдийгүй, эрдмийн ажил эрхэлж буй оюутан багш нарт ч үнэ цэнтэй бүтээл болжээ гэж анзаарагдсан. Он цагийн дарааллаар нь ч харьцуулж, дүн шинжилгээ хийж болох мэдээлэл, дүгнэлтийг агуулжээ.
 
-Үнэн. Ер нь Монголын талаар системтэй, судалгааны материал тун ховор байдаг. Охин маань биднийг залгамжилсан судлаач, Саяхан докторын зэрэг хамгаалахдаа энэ номын тодорхой хэсгүүдээс авч ашигласан. Тэгэхээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх хүмүүст бэлэн гарын авлага.
 
-Энэ номын зохиогчийн нэг Проль гуайг Монголын улс төрчид, тэр дундаа АН-ын зүтгэлтнүүд сайн танина. Проль гуай "Конрад Аданауэр” сангийн төлөөлөгчөөр үр дүнтэй ажилласан. Тус сангийн үйл ажиллагаа нь Монголын шинэ цагийн улс төрчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэж байсан. Хожим В.Прол гуайн Монголын нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж “Найрамдал” одонгоор шагнасан. Шагналаа ирж авна уу? Гэж хэлүүлтэл, Засгийн газраасаа асууна гэж хариулсан байдаг.
 
-Тийм. Дараа нь Алтангадас одонгоор шагнасан. Азийн сангийн суурин төлөөлөгч Шелл Северенхуасын хамт шагналаа гардсан. Проль гуай одоогийн Монголд болж байгаа улс үйл явдлын талаар сэтгэл хангалуун бус байгаа. Нэг жишээ дурдъя. 2012-2016 онд УИХ -д олонх болсон Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн өмнөхөн сонгуулийн хуулийг өөрчилсөн. Тэд дөрвөн жил тутамд хуулиа өөрчилдөг зарчмын алдааг давтсан.
Энэ нөхдүүд намайг суурин төлөөлөгч байхад хэчнээн гуйж, би хэчнээн их хөрөнгө зарж, тэр үеийн мажоритар хуулийг пропорциональ хууль болголоо. Гэтэл өөрсдөө эрх бариад эхлэнгүүт дахиад л хуулиа өөрчилж, мажоритар болгоод өөрчилчихсөн сууж байна" гэж Проль гуай дургүйцлээ илэрхийлсэн.
 
-Тун зарчимч хүндээ. АН-ын улс төрчдийг маш их дэмжсэнийг бид мэднэ.
 
-Хуучин Германы, өнгөрсөн мянганы хүн л дээ. Бидний сайн нөхөр.
 
-Тухайн үед олон улсын байгууллагууд Монголын шинэ тулгар ардчиллыг бух талаас нь бөөцийлж дэмжиж байсан. "Конрад Аданауэр” сан гэхэд АН-ын улс төрийн боловсон хүчнийг бэлтгэх. "Азийн сан" бол иргэдийн боловсролыг хөгжүүлэн дээшлүүлэх. Соросын сай бол нийгмийн салбарыг дэмжих, эдийн засгийг эрчимжүүлэх, салбар салбарын чадавхыг дээшлүүлэх. Дээр нь НҮБ, Элчин сайдын яам гээд тал талаасаа л дэмжиж байсан. Хөрөнгө мөнгө ч их зарсан. Гэтэл 30 жилийн дараа эргээд харахад олон зүйл ухарсан үзүүлэлттэй байгаа нь гунигтай.
 
-Харамсалтай л даа. Яг одоо нийгмийн давхаргад томоохон өөрчлөлт болж байна гэж анзаарагдсан. Манай энэ номонд сэхээтэн давхаргыг судалсан. Сэхээтэн давхаргыг зарим судлаач сэхээтэн анги гэж буруу ярьдаг. Марксист-Ленинист онолоор бол сэхээтэнг хэзээ ч анги гэж үздэггүй, давхарга гэж үздэг. Сүүлийн хэд хэдэн судалгаагаар Монголын сэхээтэн давхарга цөөрч байна. Энэ бол Монголын нийгэмд сэхээтний гүйцэтгэх үүрэг дууссан, хүмүүст өөр юм хэрэгтэй гэж байх шиг байна л даа. Гэтэл нийгэмд сэхээтний үүрэг асар их.
 
-Төрийн зүгээс сэхээтний давхаргыг гаргуунд нь хаясан гэж үзэж болох нь ээ.
 
-Төрийн зүгээс сэхээтний давхаргаа авч үлдэх бодлого хэрэгжүүлэх цаг болсон гэдэг нь судалгаагаар анзаарагдсан. Хайраа ч, халамжаа ч үзүүлэхгүй бол сэхээтэн давхарга устах аюул ойртсон.
 
-Монголд судалгааны байгууллага олон бий. Сант Марал сангийн хувьд бие даасан судалгааны байгууллага гэдгээрээ ялгарч байдаг гэж би хардаг. Нам, төр бараадсан судалгааны байгууллага судалгаа хийдэг ч зорилго нь өөр байдаг. Томдоо орох, МАН-ын дэргэдэх “Прогноз төв "гэхэд л судалгаагаа намын дарга нарын хүрээнд зориулдаг. Харин "Сант- Марал” сангийн хувьд ялгаатай нь олон нийтэд судалгаагаа ил юд мэдээлдэг онцлогтой.
 
-Сант Марал сан анхнаасаа аль нэг намыг түшихгүй гэж гарч ирсэн. Хүндрэлтэй тал 1 нь манайх “Конрад- Адэнауэр” сангийн тусламжтай байгуулагдсан. Өмнөтгөл хэлье. "Конрад- Адэнауэр” сангийнхан Монголын нийгмийн санал бодол ямар байна, хүмүүс юунд дуртай, юунд дургүй талаар ямар ч ойлголтгүй. Тэр үед төрийн хямралын үе байсан болохоор тэрийг нь гаргаад өгчих судалгааны байгууллага байгаагүй. Байхгүй тохиолдолд шинээр байгуулах хэрэгтэй гэж В. Проль гуай ойлгоод, манайхыг анхлан дэмжсэн. Судалгааны сан байгуулах хүрээнд бид нарыг 20 хоногийн турш Германы 10-аад томоохон судалгааны төвд туршлага судлуулсан.
Үүний үр дүнд "Конрад- Адэнауэр" сангийн дэмжлэгтэйгээр 1995 онд анхныхаа судалгаагаа хийж, манай сангийн үйл ажиллагаа эхэлсэн гэж ойлгож болно. Тэр цагаас хойш олон судалгаа хийсэн. Хэдийгээр манай сан “Конрад- Адэнауэр” сангийн дэмжлэгтэй ч, "Ардчилсан нам”-тай ямар ч холбоотой байгаагүй. Тухайлбал, 2000 оны УИХ-ын сонгуулиар "Ардчилсан нам”-ыг нам тавиулах нь гэдэг судалгааг би танилцуулж байсан.
Тэгтэл “Ардчилсан нам"-аас манай үйл ажиллагааг хаах, судалгааг нийтэд дэлгэхгүй байх шаардлагыг "Конрад-Адэнауэр” санд тавьж байсан. Аз түшихэд Конрад Аденаурын сангийн удирдлагууд тэдний шаардлагад ач холбогдол өгөөгүй. Бид улс төрөөс гадна өөр олон сэдвээр судалгаа ч хийж байсан туршлагатай. Сан маань манайх зөвлөгөө маягаар судалгаа хийдэг онцлогтой. Энэ судалгаа зөвлөгөө нь тодорхой нэг бодлогын суурь болдог талтай. Тухайлбал, Монголын хувьчлалыг хийж байсан байгууллага манайхаар судалгаа хийлгэсэн. Манай судалгаагаар тэдний ой тойнд орж ирээгүй зүйл харагдсан.
Монголчууд хувьчлал явууллаа гэхэд хувьдаа баяжих биш улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ёстой гэсэн хандлагатай байсныг тэр судалгаа илрүүлж өгсөн. Монголын ард түмэн хувьчлалд эерэг хандлагатай байгаа гэдгийг ойлгоод тэрэнд тохирсон бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Би тэгж бодож байна. Чадсан уу үгүй юу гэдэг бол бидэнд хамаагүй асуудал.
 
-Судалгаанд бас нөлөөлөл байна, тэгэхээр энэ нөлөөллийг багасгах эрмэлзэл улс төрчдөд байх шиг. Сонгуулийн хуулийг В.Проль гуай таатай хүлээж аваагүй гэж та хэллээ. Би ч бас адил. Судалгаа, хэвлэл мэдээллийг боож хавчсан. Судалгааны дүнг сонгуулийн санал өгөхөөс 7 хоногийн өмнө танилцуулж болдог заалтыг 30 хоног болгож наашлуулсан.
 
-Нөлөөлөл гэдгийг ташаа ойлголт гэж бодож байна. Манай судалгаа хүн амд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Өөрөө ч гэсэн судалгааг байнга, тогтмол үздэг хүн биш л юм шиг санагдаж байна. Тэгэхээр жирийн иргэд манай сайт руу орохгүй. Тэгэхээр манай судалгаа нөлөөлдөггүй. Харин нөлөөлөх хүмүүстээ бол суурь болдог.
Жишээ нь Монголын бизнесийнхэн, сонгуулийн дараа намууд тооцоо хийдэг, аль нь дэмжсэн, дэмжээгүй гэхчлэн тэгэхээр бизнесийнхэн аль ялж байгаа намд нь хандив өгдөг. Манай судалгааг нөлөөлж байна гэж бухимдах улс төрчид тэрийг л хардаг. За эднийх санхүүжилтээсээ тасарчихлаа, эд нарын амыг яаж таглая даа гэж.
 
-Бизнесийн хүрээг хөдөлгөж эхэлнэ гэдэг бол нөлөө. Мөнгөний урсгал цутгана гэдэг бол сурталчилгаа мөн л эрчимжинэ гэж харж байна.
 
-Ер нь бол сонгуулийн үеэр мянган судалгаа гардаг, аль нь үнэн, аль нь худал гэж бодох нь бизнесийнхний асуудал. Гэхдээ манай судалгаа овоо оноод байдаг болохоор хардаг л байх.
 
-Одоо танай сангийн судалгаа руу оръё. Хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар дөрөвдүгээр сарыг хамарсан улс төр, эдийн засгийн судалгааг танайхаас гаргасан. Ихэнх үзүүлэлтүүд жилээс жилд ерөнхийдөө тогтмол байдаг, заримдаа өөрчлөгддөг байх. Өнөөгийн Монголын эдийн засгийн байдлыг ямар байна гэж үзэж байна гэхээр муу гэдэг үзүүлэлт хөдөө 44%, хотод 51% гэсэн, маш муу гэсэн үзүүлэлт хөдөө 11 хувь, хотод 19 хувь гэсэн байна л даа.
 
-Гэхдээ үзүүлэлт энэ засгийн газрын асуудал биш. Ерөнхийдөө 2014 оноос ийм үзүүлэлттэй болсон. Өмнөх судалгаатай харьцуулахад, 2015, 2016 онд эдийн засгийн хямрал гэсэн үзүүлэлт гараад байсан нь багассан. Гэхдээ л ямар ч байсан муу гэдэг нь ойлгомжтой.
 
-Монголын эдийн засаг зогсонги байдалд байна гэсэн асуудал хот хөдөөд 44 хувь 45 хувь , бараг адилхан, буурч байна гэсэн үзүүлэлт хөдөөд 31 хувь, хотод 40 хувь хүрж байна. Үндсэндээ Монголын эдийн засаг зогсонги, буурч байна гэсэн үзүүлэлт 85%-хүрчээ?
 
-Хот хөдөөгийн ялгаа гэж яриад яах вэ, гэхдээ хотод эдийн засгаас шууд хамааралтай хүмүүс олс^ бий, хөдөөгийн хувьд мал аж ахуйтай болохоор арай дөнгүүр гэж хэлж болно. Тэгэхээр эдийн засгийн үзүүлэлт хот суурин газарт илүү радикал гарах нь ойлгомжтой.
 
-Уул уурхайтай холбоотой асуудал манайд байнга явагддаг, уул уурхай дээр түшиглэсэн эдийн засаг. Манайд эдийн засгийг хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт байх ёстой гэсэн үзүүлэлт таны судалгаан дээр өсөж байна уу? Энд 40 хувь гэсэн байна л даа.
 
-Сайн санахгүй байна. Гэхдээ наад тоонууд чинь бол тогтмол гардаг, энд бол шууд тараах, хуваарилах бэлэн мөнгөний талаар өөрчлөлт гараад байдаг, тэр өөрчлөлт нь яаж гардаг гэвэл хэрвээ хүн амын амьжиргаа нэлээд буураад, хүмүүс идэх хоолгүй, туйлдаа хүрчихсэн үед бэлэн мөнгө тараах үзүүлэлт нэмэгдэж эхэлдэг. Гэхдээ огцом, шууд хоёр дахин нэмэгдэх үзүүлэлт ажиглагддаггүй.
 
-Манайд "Оюу толгой" -н гадны хөрөнгө оруулалт, Эрдэнэтийн асуудал гээд байна л даа. Таны судалгаан дээр бол Монголын стратегийн ордууд Монголын мэдэлд 51 хувиас дээш байх ёстой гэж хүмүүс үзсэн байна. Мөн Монголын сүүлийн жилүүдэд хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл.
 
-Ажилгүйдэл байнга нэгт юм уу хоёрт гардаг л даа. Сүүлийн үед үзүүлэлт нь өндөр гараад байгаа нь эдийн засаг муу байгаагийнх нь илрэл. Нийгмийн судалгааны онолын маргаан байдаг. Нэг хэсэг нь , хүмүүсийн амьжиргаа, улс орны эдийн засгаас шууд хамааралтай гэдэг бол нөгөө хэсэг нь , хүмүүсийн амьжиргаа эдийн засагт нөлөөлдөг гэж үздэг. Монголын хувьд амьжиргаа нь эдийн засгийн байдалд нөлөөлдөг гэж би боддог.
 
-Ажилгүйдлийн дараа өндөр авсан сөрөг үзүүлэлт бол амьжиргаа гэж гарчээ. Энэ бол ажилгүйдэлтэй шууд холбоотой. Хүмүүс ажилгүй болохоор орлогогүй, орлогогүй учраас ядуурч, ядуучуудын эгнээ тэлж байна. Манай улсын хувьд энэ асуудлын үзүүлэлт нь 51 хувь хүрсэн нь ноцтой.
 
-Тийм шүү.
 
-Парламентаас үл хамаарах хүчтэй удирдагчтай байх гэсэн судалгааны дүн анхаарал татаж байна. Иргэд ихээхэн дэмжсэн харагдана.
 
-Манайх улс төрийн намууд дээр суурилсан хандлагатай болохоор тогтолцооны хямралд хүрсэн гэж болно. Тэгэхээр энэ тогтолцоо нь биш байна гэхээр хүмүүс өөр тогтолцоо хайж эхэлж байгаагийн тусгал. Гэхдээ энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Саяхан манай хөрш Киргизстан ерөнхийлөгчийн тогтолцооноосоо татгалзсан. Армян, Украйн зэрэг улсууд ч адил ерөнхийлөгчийн эрх мэдлээ хязгаарлаад эхэлсэн. Энэ бол дэлхий даяар гарч ирж байгаа “эстаблишмэнт”-ийн эсрэг хямрал. Жишээ нь Америкийг дурдаж болно, Европ даяар “эстаблишмэнт”-ийн эсрэг. Энэ бол глобал асуудал.
 
-Парламентын тогтолцоо нь уг нь зөв
 
-Би өөрөө парламентын тогтолцооны хүн. Тэрийг нуугаад  яахав. Би бол ерөнхийдөө хамт олны шийд зөв гэж боддог. Харамсалтай нь Монголд энийг янз бүрийн шалтгаанаар хямралд оруулдаг, яаж эмчлэх юм мэдэхгүй, оношилгоог нь л бид хийдэг. Цаашдаа яаж авч явах нь улс төрчдийн асуудал.
 
-Судалгаанаас харахад иргэд засгийн газраас хамааралгүй байх арга замыг эрэлхийлж байгаа хууль хүчний байгууллага, цагдаагийн байгууллага, цэргийн дэглэм зэргийг ард түмэн хүсэхгүй байгаа юм байна гэсэн үзүүлэлт байна.
 
-Тайландыг авч үзье л дээ. Цэргийн дэглэмтэй газар, сүүлийн хэдэн жил эдийн засаг, ер нь бүх талаараа доройтсон байна лээ. Манайх сургалт явуулдаг би өөрөө байнга очдог болохоор харьцуулж чадаж байгаа юм л даа.Цэргийн дэглэм бий болсон чинь хамаг юм нь доройтож эхэлсэн. Дээр нь үндсэн хуулиа өөрчилнө гэж байгаа, тэнд нэг сонин заалт байсан нь зөвхөн дээд боловсролтой хүн л сонгуульд санал өгнө гэж.
 
-Ард түмнээс сонгогдсон ардчиллын удирдлагын системийг асар их дэмжинэ гэдгээ сонгогчид илэрхийлсэн нь анзаарагдана.
 
-Гэхдээ наадах чинь буурсан үзүүлэлт шүү.
 
-Энд нэг ноцтой асуудал байна, манай улс төрийн намууд ард түмний санал бодлыг илэрхийлдэг гэсэн үзүүлэлт хөдөө л арай өндөр байх шиг байна 10.2 хувь хотод бол 6.7 хувь нийт 8.3 хувь, Илэрхийлдэггүй гэсэн тоо хот хөдөө нийт 87.3 хувь байна.
 
-Ерөнхийдөө манай судалгааны хамгийн муу үзүүлэлт бол наадах чинь, 1995 оноос хойш л бид энэ асуултыг тавьж байгаа. Хэзээ ч ийм өндөр гарч байгаагүй. Хамгийн өндөртөө 50% -аас илүү гарч байгаагүй, тэгээд 30% орчим л хүрч байсан. Уруудсаар уруудсаар ийм байдалд хүрчихлээ.
Энд судалгаа зэргийг ярих хэрэггүй байх, тэгээд манай энэ авлигын судалгаагаар хамгийн авлигад өртсөн газрын албатай улс төрийн намууд тэргүүн байрын төлөө өрсөлдөөд байна. Тэгэхээр бол ард түмний санаа бодлыг илэрхийлэхгүй, рейтинг нь унах нь аргагүй шүү дээ. Нэг нам биш, намууд тэр чигээрээ л дэмжлэг авч чадахгүй байгаа.
 
-УИХ-д итгэдэггүй, огт итгэдэггүй гэсэн үзүүлэлт 63 хувь байна, тэгээд бараг итгэхгүй гэсэн нь 70 хувь даваад явчхаж дээр нь шүүх, хуулийн байгууллагад итгэх итгэлгүй байдал 54 хувь байна. Дараагаар нь шударга ёсны асуудал С. Нарангэрэл багштай ярилцаж байхад нийгэмд хамгийн чухал нь шударга ёс бас мораль. Монголд шударга ёс өнөөдөр алдагдсан гэж би хэлэх гээд байна л даа.
 
-Тэр үнэн. Энэ асуултыг манайх 2008 оноос тавьж байгаа. Юу анзаарсан гэхээр шударга ёс гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржоос өөр улс төрдөө ашигласан хүн айгаагүй. Мань эр энэ асуудлыг сонгуулийн компанит ажилдаа овоо эрчимтэй хэрэглэсэн. Харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Энэ бол цэгцлэх асуудал мөн. Нэг зүйлийг дурдъя.
90-ээд онд Америкт “Монголд зэрлэг капитализмын замаар” гэсэн өгүүллэг гарсан юм. Тэр зэрлэг чанараа өдийг хүртэл хадгалаад байх шиг байна л даа. Монголд зэрлэг капитализмаа тодорхой журамд оруулахгүй бол энэ хандлага хэвээрээ л үлдэх байх. Яаж засах вэ гэвэл их олон арга байгаа л даа, тэр бол улс төрчдийн л асуудал байх. Гэхдээ л одоо баян, ядуугийн орлогын ялгаа дэндүү их болчхоод байна.
 
-Судалгаанаас харахад ард иргэд ажилтай байхыг, амьжиргаагаа дээшлүүлэхийг мөн улс төрөө тогтвортой байлгахыг хүсэж байна. Улс төр тогтвортой байвал эдийн засагч өснө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар “Ардчилсан нам” өөрийн засгийн газраа унагааж, бондын мөнгийг хяналтгүй зарцуулж, сонгуулийн хуулийг дур мэдэн өөрчилж, эдийн засгийг сайжруулаагүй, амлалтуудаа биелүүлээгүй, хамгийн сүүлд нь “Эрдэнэт”-ийг Оросын эзэмших 49 хувийг завшсан гэх шил дараалсан асуудал нь тухайн үеийн эрх баригч АН-ыг унахад нөлөөлсөн гэж би хувьдаа дүгнэдэг.
 
-Яах аргагүй наад бүх зүйлс чинь нөлөөлсөн. Гэхдээ надад ажиглагдсан нэг зүйл бол яг ялсных нь дараа нь “Ардчилсан нам"-ын рейтинг нь өссөн, энэ бол их ховор тохиолдол, урьд нь 2000 онд Н.Энхбаяр даргыг ерөнхий сайдаар томилогдсоны дараа ийм зүйл ажиглагдаж байсан. Харин тэгж дэмжигдэж чадсанаараа 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Миний ажиглалтаар ерөнхийлөгчийн сонгуульд хувь хүний рейтинг чухал ч гэсэн намын рейтинг хамгийн баталгаатай нь.
Аль нам илүү нэр хүндтэй, баталгаатай байх нь нэр дэвшигчийн суурь болж өгдөг. Ц. Элбэгдоржийн хувьд нам нь яг тэгж нөлөөлсөн. Ер нь манайх 2012, 2013 онд Уул уурхайн салбар хөдөө орон нутгуудад яаж нөлөөлж байгаа талаар судалсан. Тэнд би хүмүүсийн амьжиргааны асуулт оруулахад 2012-2013 он руу шилжихэд ядуу иргэд нь дундаж түвшин рүү шилжчихсэн байсан, тэр нь суурьтай өсөлт байсан уу аль эсвэл бондын мөнгөнөөс үүдсэн түр зуурын зүйл байсан уу гэдгийг хэлж чадахгүй. Гэхдээ би нэг юмыг тодорхой хэлж чадна Н. Алтанхуягийн засгийн газрыг унагаагаад “Ардчилсан нам” сонгуульд ялах ямар ч боломжгүй болсон. Тэр тусмаа 2015 онд би тэднийх рүү мессеж явуулж байсан, танайх ер нь арга барилаа өөрчлөхгүй бол арчигдана шүү гэж.
 
-Сонгуулийн дүн гараад хоёр жил болж байна. “Монгол ардын нам” бол их олон зүйлийг амлаж гарч ирсэн, нэгдүгээрт төр засгийг тогтвортой байлгана гэж гэтэл засгийн газраа өөрсдөө татаад унагаачихсан, хүний өөрийн нам гэлгүй төрийн албан хаагчдаа тасралтгүй хөдөлгөсөн энэ бол хоёрдугаар асуудал , гуравдугаарт ажилгүйдлийг бууруулна, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн, энэ асуудал бол маш их орхигдож байна, маш олон сайхан залуучууд гадагшаа ажил хайж явсаар байгаа нь эдийн засагт хохиролтой үзүүлэлт. Дээр нь Эрдэнэтийн асуудлыг сонгуулийн маргааш шийднэ гэсэн одоо хоёр жил өнгөрлөө. Зохиолч Л. Түдэвийн зохиол дээр гардаг тал еэвэнгийн асуудал гэдэг шиг л юм болоод байна. Ирэх 2020 онд дүн тавихад “Монгол ардын нам" нэлээн хүнд” цохилт авах байх гэж би хараад байна л даа. Баттулга ерөнхийлөгч л авлигатай ганцаараа тэмцэж буй дүр зураг бий болжээ.
 
-Ардын намын гол буруу нүүдэл бол ерөнхийлөгчийн сонгуулиар заавал ялах гээд эхний жилээ алдчихсанд байгаа юм. Хэрвээ эхний жилдээ ерөнхийлөгчийн сонгуулиа хаяад, эдийн засгаар оролдож байсан бол сонгуульд түвэггүй ялчих байсан. Ганцхан эднийх чиглэлээ буруу аваад нэг жилээ алдсан, дараагаар нь нам дотроо хагарал үүссэн. Цаашид улс төр яаж, ямар замаар үргэлжлэх вэ гэвэл ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилийг мартаагүй хүмүүс олон бий, уг нь сөрөг хүчинд сууж байгаа, эрх баригч нам ингэж алдаа хийж байхад рейтинг нь өсөх ёстой байхад тэгдэггүй. Намууд өр нь жигдхэн унаад л яваад байгаа.
Харин “Монгол ардын хувьсгалт нам" их гайгүй яваа санагдсан, сөрөг хүчний орон зайд сууж байгаа болохоор рейтинг өсөх нь аргагүй. Онолын хувьд жижиг намуудын хувьд лидер нь маш ач холбогдолтой, лидер нь рейтинг сайтай байвал нам нь бас тийм байдаг. Гэтэл хувьсгалт намын хувьд хоёр ч хүн татаад явж байна, тэгэхээр эдний рейтинг ойрдоо буухгүй. Ганцхан ардын намын хувьд энэ байдлаасаа яаж гарах нь их сонирхолтой, ардчилсан намын хувьд хараад байхад дотроо зөрчилтэй, цаашдаа хагарна. Тэгээд сонгуулийн өмнө хүчээр нэгдэж, нэг эвсэл болж ордог" сонгодог арга барил''-аа л хэрэглэх байх.
 
-Гэхдээ улс төрийн гуравдагч хүчнийг ч дэмжихгүй гэдэг нь судалгаанаас харагдаж байна л даа. Намуудын рейтинг өслөө гэхэд 15-25 хувь болохоор байна. Та бол улс төрийн барометрийг байнга хэмждэг хүн, ирэх 2020 оны сонгуулийг яаж урьдчилж харж байна?
 
Ерөнхийдөө шийдээгүй хүмүүс маш олон байна. Бие даагч гэсэн “хий үзэгдэл” их гарч байна. Бие даагчид санал өгнө гэдэг чинь мэдэхгүй л гэсэнтэй адил. Намд өгөхгүй, бие даагч ч тодроогүй учир хэнд өгөхөө мэдэхгүй бүлэг бий болсон. Бие даагч гарах боломж нь ч бас бага. Монгол улс дөрвөн жил тутамд сонгуулийн хуулиа сольдог. Тэгэхээр сонгуулийн хуулиас бас шалтгаална. Сонгуулийн хуулийг өөрчилснөөрөө АН -ын зүгээс МАН-д маш том бэлэг барьсныг бид харсан. Монголын сүүлийн үеийн сонгуулиуд сөрөг саналаар явдаг болсон, ямар ч байсан эрх баригч намаас зайлж, сөрөг намд саналаа өгнө гэдэг хандлага давамгайлдаг.
Шинэ хуулиар бол AH, МАН хоёрын зүгээс жижиг намуудыг нэлээн шахаж чадсан. Бие даагчид болон шинээр нэр дэвшигчдэд өөрийгөө таниулах сурталчлах цаг хугацааг хуулиар олгоогүй. Тэр нь их амжилттай болсон ч МАН-даа далаараа цэвэр тавиулсан. Нөгөө талаас сонгогчдын олонх нь ардчилсан намыг сонгохоос татгалзъя гэтэл өөр сонголтгүй болсон. Хувьсгалт намын хувьд эвслийн будилаанаасаа болж нэр хүндээ алдсан. Миний тооцоогоор илүү олон суудал авах байсан ганцхан О.Баасанхүүгээр хязгаарлагдсан. Бусад нь мажоритар саналаар ардын нам руу шилжээд 65 суудалтай болчихсон.
Ерөнхийдөө байдал давтагдаж магадгүй, учир нь энэ хууль бас л том намуудад үйлчлэх хууль, сонгууль ойртох тусмаа сурталчилгааны хуулийн хязгаарлалт ардчилсан намд илүү үйлчлэх талтай болох байх, тэрийг ардын намынхан илүү холын хараатай болохоор хуулиа өөрчилж гуравдагч хүчинд илүү орон зай гаргана гэж би харж байна.
Яагаад гэвэл ардын намд энэ нь илүү ашигтай, бие биеэсээ санал аваад холимог эсвэл мажоритар системтэй байхаасаа хамаараад ямар ч байсан дахиад нэг эвслийн засгийн газрын үнэр гараад байх шиг байна. Энэ эвслийн хувьд хувьсгалт намын үүрэг их байх болов уу. Одоо хараад байхад сөрөг хүчин гэдгээрээ санал цуглуулаад байна, сонгуулийн өмнө хувьсгалт намтай эвсэл байгуулсан нам нь суурьтай үлдэж магадгүй.
 
-Нэр дэвшигч чухал?
 
-Одоогийн нөхцөл байдалд тийм. Энэ удаа намуудын рейтинг 2016 оных шиг нөлөө үзүүлэхгүй. Одоо бол хувь хүн бол нэлээд “үнэд орно”.
 
-“Сант-Марал” сангийн хувьд манай нэлээд бодитой судалгаа егдөг газар, Монголын ардчилсан нийгмийн төлөө зарчимтай ажилладаг. Тэр болгон та бол телевиз, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд байдаггүй хүн?
 
-Ерөнхийдөө би нэг их ярилцлага өгөөд байдаг хүн биш л дээ. Яагаад гэвэл дэндүү хариуцлагатай ажил. Тэр тусмаа би хүмүүсийн санал цуглуулдаг гэхээс өөрийн саналаа гаргаад байх дуртай хүн биш л дээ. Шинжээч экспертийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцож болох талтай. Яг олон нийтэд ярихад хариуцлагаас нь айгаад байна. (Инээв)
 
-За баярлалаа Танд. Бидний урилгыг хүлээн авч яг өнөөдрийн улс төрийн цаг агаарын хэмжүүрийг бидэнд тодорхой хэлж өгсөнд талархъя. Таны эрдэм шинжилгээний ажилд улам их амжилтыг хүсье.
 
-Баярлалаа.
 
Б.Золцагаан /Комментатор нэвтрүүлгийг тэмдэглэсэн/
Эх сурвалж: "Өглөөний сонин"