sonin.mn
"Монголын төр зүтгэсэндээ халтай" гэж Ерөнхий асан А.Амарын хэлсэн үг бий. Ойрын үед шуургалсан улс төрийн баривчилгаа энэ үгийг ямар үнэн болохыг харуулж байна. Оюу толгойг тойрсон маргаантай холбоотой Монгол төрийн сайдаар ажиллаж байсан эрхмүүд шоронд хоригдож байна. Мөн залуу үеийн лидер болсон хайран сайхан эдийн засагч залууг хэлмэгдүүлчихлээ гэж ард түмэн эрх баригчдыг зүхэж байгаа.
 
Монголчуудын 30 жил мөрөөдсөн гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө өдөр, шөнөгүй, нойр хоолоо хугаслан байж зүтгэсэн тэдгээр эрхмүүд өнөөдөр төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэсэн нэр зүүж төмөр торны цаана сууж буй нь шударга явдал гэж үү. Тэгвэл Оюу толгойн гэрээтэй холбоотой дуулиантай зэрэгцэж "Эрдэнэт" үйлдвэрийн том асуудал ч олны анхаарлын төвд ороод байгаа. "Жаст групп" гадаадын Стандарт банкинд "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалсан хэрэг мандсан. Айлын тал мөнгөө нэхэж арбитрын шүүхэд хандсан боловч манайх унасан. Гэтэл тухайн үед "Эрдэнэт" үйлдвэрийн болоод улс эх орныхоо ашиг сонирхлыг хамгаалах чин хүслээр ажил үүргээ гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр буруутан болж байгаа нь тун харамсалтай. Хууль ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж, шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө эсэргүүцэн тэмцсэнийхээ горыг амсч эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, эрх чөлөөгөө боомилуулжээ. Эх сурвалжуудын мэдээллээс харахад "Жаст групп"-ийг Стандарт банкнаас зээл авах үйл ажиллагааг шударга бус гэдгийг "Эрдэнэт" үйлдвэрийн ажилтнууд анхнаас нь мэдэж байсан бололтой. Иймд урьдчилан сэргийлсэн, таслан зогсоох арга хэмжээ авсан болох нь олон баримтуудаар ногтлогдож байгаа гэнэ. Анх тэд "Эрдэнэт" үйлдвэрийг баталгаа гаргах гэрээний төслийг эсэргүүцэж, хориглож, гарын үсэг зурахаас татгалзаж байсан юм билээ. "Жаст групп" нь "Эрдэнэт" үйлдвэрээс баяжмал худалдан авах эрхээ "Стандарт банк"-д шилжүүлэх тухай гэрээний төсөлд гарын үсэг зуруулахаар Ш.Батхүү төсөл авчирсан байдаг. Уг төсөлд "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь 'Жаст групп" ХХК-ийн өмнөөс санхүүгийн ямар ч баталгаа гаргахгүй" тухай нэмэлт оруулахаар гэрээний төсөл дээр гараар саналаа бичиж өгч байжээ. Хэрэв уг заалтыг гэрээнд оруулахгүй бол гарын үсэг зуруулах боломжгүй талаар шаардлага тавьсны хүчин энэ заалтыг оруулуулсан аж. Баримт бичгийн төсөл нь түр хадгалах баримт бичигт хамаардаг. Энэ нь архивт нэг жил хүртэлх хугацаанд хадгалагдаад устгалд ордог гэдгийг төрийн албанд ажиллаж байсан хүн бүр мэднэ биз ээ. Бүр архивтаа нэг ширхэгийг ч  бүрдүүлж авдаггүй төрийн байгууллага ч байдаг. Одоо ч ийм байгууллагууд байдаг  юм билээ. Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрт аливаа баримт бичгийн төслийг хадгалах нь байтугай гэрээний эх хувь нь олдохгүй тохиолдол ч байна. Ийнхүү уг бичиг баримт ном журмаараа устгалд орчихсон бол Ш.Батхүүгийн хуурамчаар үйлдсэн 40 хуудастай гэрээний эхний 39 хуудсыг хуурамчаар үйлдсэн гэдгийг хэрхэн нотлох юм бэ? Тэгвэл тухайн үед ажилдаа хариуцлагатай, хянуур албан тушаалтны ачаар тэрхүү олон хуудас бүхий гэрээг хуурамч болохыг нотолжээ. Учир нь гэрээний төслийн хуудас бүр дээр гарын үсэг зурдаг байсан тулдаа эхний 39 хуудас буюу баталгаа гаргах заалттай хэсэг хуурамч болох нь тогтоогдоод байгаа аж. Уг нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн байгуулсан гэрээний хуудас бүр дээр гарын үсэг зурдаггүй байжээ. Харин 2008 оны дунд үеэс хойш гэрээний хуудас бүр дээр гарын үсэг зурдаг болсон байна. Ингэснээр гэрээний хуудас сольдог үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан юм байна. Арбитрт маргаан үүссэн тухай мэдсэн даруй "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Стандарт банкны хооронд баталгаа гаргах гэрээ байх ёсгүй, тэдгээрийн хооронд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон хэлцэл байхгүй талаар үйлдвэрийн ажилтанд хэлж тайлбарлаж чадах чинээгээрээ тэмцсэн ажээ. Харамсалтай нь үйлдвэрийн зүгээс хардаж сэрдэх сэтгэлдээ дийлдээд үйлдвэрийнхээ эрх ашгийг хамгаалах арга хэмжээ хангалтгүй авчээ. Ялах зорилгогүй байсан учраас уг арбитрын маргаанд гэрчүүдээ маш муу мэдээллээр хангаж оруулсан тухай эх сурвалжууд хэлж байна. Энэ бол цэвэр зохион байгуулалттай луйвар болохыг харуулж байгаа юм. Нэгэнт арбитрын шийдвэр гарсан ч дахин давж заалдаж болдог эрх зүйн зохицуулалт олон улсад үйлчилдгийг хуулийнхан бүгд мэднэ. Энэ талаар "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд мэдэхийн дээдээр мэдэж байсан хэрхнээ яагаад хөдөлсөнгүй вэ. Гэвч эрх мэдэл бүхий үйлдвэрийн удирдлага шаардлагатай баримтаа буюу санхүүгийн тайлангаа гаргаж Английн шүүхэд явуулахаас татгалзсан бичиг илгээж арбитрын шийдвэрийг шүүхээр хянуулсан дүр эсгэж ялагдах сонирхлоо хамгаалсан байна. Арбитрын шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иар төлүүлэхээр гарсан 109 сая ам.долларыг төлөхгүй байх боломж бас байгаа. Бусад улс орон ийм үед эрх ашгаа хамгаалж хэрхэн тэмцдэг жишгийг ард түмэндээ мэдээлсэн эрхэм өнөөдөр төмөр торны цаана хоригдоод 50 гаруй хонож байна. Шударга үнэний дуу хоолой болсон тэрбээр эрх чөлөөгөө хасуулаад, эхнэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, хамт олон, нийгмээс тусгаарлуулж эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг санхүү зэрэг олон зүйлээрээ хохирлоо. Манай улс ардчилсан нийгэмд шилжээд гурав дахь арван жилтэйгээ золгох гэж байгаа. Бид үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тийм нээлттэй замыг сонгосон биш бил үү. Гэтэл өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүмүүс шоронд хоригддог боллоо.
 
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг цаашлаад Монгол Улсыг их өрөнд оруулахгүй байхын төлөө дуугарснаар Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхээ ямар ч үндэслэлгүйгээр хязгаарлуулчихаад байна. "Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал болоод эдгээр хүмүүсийн бодит үнэний төлөөх үйлдлийг нийгэм сайн ойлгож байгаа. Гэхдээ эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсээ хэлмэгдүүлж, байцаалт, мэдүүлэг авахгүйгээр бараг 50 хоног цагдан хорьж, эрүүдэн шүүж сэтгэл зүрхийг нь мохоосоор байх уу.
 
Л.АНУДАРЬ