sonin.mn
МОСКВА. /Эн-Эйч-Кэй/. Ирэх долоо хоногт Москва хотод болох Зүүн Хойд Азийн цөмийн аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд Умард Солонгосын хоёр дипломатч оролцоно гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.
Уг бага хурлын ивээн тэтгэгчээр ажиллаж буй Японы Нагасакигийн их сургуулийн цахим хуудаст бичсэнээр, энэ сарын 31-нд эхлэх хоёр өдрийн бага хуралд 11 улс орны 50 орчим төлөөлөгч, тэдний дотор Орос дахь Умард Солонгосын ЭСЯ-ны зөвлөх болон нэгдүгээр нарийн бичгийн дарга оролцох аж.
Умард Солонгосоос гадна Япон, Хятад, Өмнөд Солонгос, Австрали, Их Британи, Герман, Итали, Монгол, Орос болон АНУ-ын төлөөлөгчид уг бага хуралд оролцох юм байна.
Нагасакигийн их сургуулийн мэдэгдсэнээр, Умард Солонгосыг уг бага хуралд 2016 болон 2017 онд урьж байсан ч  тус улс урилгыг анх удаагаа хүлээн авсан нь энэ аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг