sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мянганы сорилтын корпорацийн Хоёр дахь компакт гэрээний хэлэлцээг эцэслэжээ. 
Тэрбээр МСК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд орсон байна. Хэлэлцээнд Сангийн яамны ТНБД тэргүүтэй холбогдох яамд, газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд Хоёр дахь компакт гэрээний хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирэх 350 сая ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай төсөлд зарцуулах бөгөөд гэрээг талууд хоёр талын дээд хэмжээний айлчлалын үеэр байгуулахаар эцсийн шатны бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Монгол Улс 2008-2013 онд МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй юм.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг