sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК энэ оны зургадугаар сард болох уулзалтаараа газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргаж магадгүй гэж Ройтерс агентлаг тус байгууллагын эх сурвалжийг иш татан мэдээлэв.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, 2016 оны эцсээр Вена хотноо зохион байгуулсан уулзалтын үеэр ОПЕК-ийн гишүүн улсууд болон уг байгууллагын гишүүн бус хэд хэдэн орон газрын тосны олборлолтоо 2016 оны аравдугаар сарын түвшнээс нийтдээ 1,8 сая торхоор багасгахаар тохиролцсон юм. 2017 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд 2018 оныг дуустал сунгасан энэ тохиролцооны дагуу Орос улс олборлолтоо 300 мянган торхоор бууруулсан байна.
Олборлолтыг нэмэгдүүлэх янз бүрийн хувилбарыг хэлэлцэж байгаа ба зургадугаар сард болох ОПЕК-ийн уулзалтаар энэ тухай шийдвэр гарч магадгүй. Олборлолтыг нэмэгдүүлэх хэмжээг хараахан тогтоогүй байгаа. ОХУ, Саудын Араб, Арабын нэгдсэн эмирт улсын салбарын сайд нар энэ долоо хоногт Санкт-Петербургт уулзахдаа газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ  гэж Персийн булангийн нэгэн улсын төлөөлөгч мэдээлсэн ажээ.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг