sonin.mn
СИДНЕЙ. /ТАСС/. Европын Холбоо нь Австрали улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээ хийж эхлэхээр шийдвэрлэсэн нь сайшаалтай хэрэг юм гэж Австралийн Ерөнхий сайд Мальколм Тернбулл лхагва гарагт Канберра хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Дэлхийн хэд хэдэн бүс нутагт ашиг сонирхлоо хамгаалах бодлого дэмжигдэж буй энэ үед ийм олон талын хэлэлцээр байгуулах нь асар том ололт амжилт болох юм. ЕХ-той ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийж эхлэх ба уг хэлэлцээр нь Австралийн фермерүүдэд хамгийн их ашиг тустай байх болно. Манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг Европын зах зээлд нийлүүлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байгаа билээ” гэж Австралийн засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.
Австралийн худалдааны сайд Стивен Чобо сэтгүүлчидтэй ярилцахдаа, ЕХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриаг хэлэлцээг шуурхай бөгөөд чанартай хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг