sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн удирдлагууд мэдээлэл хийв.
АН-ын бүлгээс Засгийн газарт хүргүүлсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлсүх нарыг огцруулах шаардлагын хугацаа энэ сарын 21-нд дууссан. АН-ы бүлэг Сангийн сайдыг Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь иргэн Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой хэмээн үзэж байгаа юм. Уг асуудлыг Засгийн газар хэлэлцээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хандах болсон байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Сангийн сайд Монгол Улсын томоохон ордыг гадны иргэдэд худалдсан байна. МөнХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бусдын орон сууцанд түрээсийн төлбөргүй амьдардаг, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой бизнесийн асуудлууд бий. Энэ бүхэн нь дээрх хоёр сайдыг огцруулаад зогсохгүй УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэлээ.
Тус бүлэгт Монголын хүний төлөө намаас ХЗДХ-ийн сайдын хүү, эхнэрийн нэр дээрх компаниуд 17 үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, улсад татвар төлдөггүй тухай мэдээлэл ирүүлсэн байна. Бүлгийн зүгээс энэ асуудлыг Монголын хүний төлөө нам хууль, хяналтын байгууллагад хандаж, шийдвэрллүүлэх нь зөв хэмээн үзжээ.
Мөн бүлгийн хурлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн. АН-ын бүлгийн зүгээс дээрх нэр дэвшигчдийг дэмжинэ гэсэн байр сууринд нэгджээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар 2018 оны төсөв, Монгол Улсын өрийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ, "2017 онд  Монгол Улсын гадаад өр 22.1 их наяд төгрөг болж, 2016 оныхоос 6 их наяд төгрөгөөр өссөн. Тэр дотроо Засгийн газрын гадаад өр 6 их наядаар өссөн байна. Энэ их мөнгөөр юу хийсэн бэ гэдгийг нарийн тогтоох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд одоогийн эрх баригчид нэг километр зам ч тавиагүй. Дандаа АН-ын эрх барьж байх үед хэрэгжүүлж байсан ажлын туузыг хайчилж байгаа" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа харулт авав.
 
-Гэм буруутайн шүүхээр нотлогдоогүй байхад Засгийн газрын гишүүнийг огцруулж болох уу?
 
-Бусдын байранд үнэ төлбөргүй амьдарч байгаагаа, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийснээ Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ч.Хүрэлбаатар сайд ах, дүү нартайгаа хуйвалдаад орд газрыг худалдаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон. Үндсэн хуулийг сахиж ажиллах үүрэг Засгийн газарт бий. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах чадамж АН-д байхгүй.  Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд хандах болно.
 
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр АН өөрсдийнхөө хүнийг оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
 
-АН-д ҮХЦ-д өөрсдийнхөө хүнийг оруулах боломж байхгүй. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэрийг санал болгох бүрэн эрхтэй. Үүнд АН нөлөөлөх боломжгүй.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг