Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суулт ес дэх өдрөө үргэлжилж байна. Хоёр хоногийн өмнөөс суулт хүрээгээ тэлж, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгдсэн юм.
Хамгийн гол нь, тэд өчигдрөөс ажил хаялтад бэлтгэж МҮЭ-ийн холбооны урилгаар ирсэн гадаадын төлөөлөгчид суултад оролцож буй хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Улмаар суултад оролцож байгаа хүмүүсийн төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хамтран ОУВС-д шаардлагаа хүргүүллээ. Шаардлагын хариуг өнөөдрийн дотор авах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн юм.
 
БИД СУВИЛАГЧ НАРТ ӨРТЭЙ
 
Ингэж өгүүлэхэд олон хүний эгдүүцэл төрөх байх. Гэвч бид эмч, сувилагч нарт яах аргагүй өртэй. Мэдээж энэ мэргэжил, ажлыг хувь хүний сонголтоор хийсэн.
"Гэхдээ баргийн хүний зүрхлэн сонгохгүй мэргэжлийг эзэмшиж, цалин багатай хэр нь цаг наргүй, нэр төргүй, хариуцлага өндөртэй ажлыг бусдын сайн сайхны төлөө хийж буй тэдэнд бид талархах нь зүй ёсны харилцаа билээ. Монголын эрүүл мэндийн салбарт дунджаар 10,400 орчим сувилагч ажилладаг гэх судалгаа бий. Тэгвэл Хөдөлмөрийн Эрүүл мэнд судлалын төвөөс хийсэн судалгаагаар сувилагчдын 80 орчим хувь нь ажлаа хийж байх явцдаа ямар нэгэн өвчнөөр өвддөг гэсэн албан ёсны дүгнэлт гарчээ.
 
СУВИЛАГЧ ХҮН АЖИЛЛАХ ЯВЦДАА СҮРЬЕЭ, УЛААН БУРХАН ЗЭРЭГ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ӨВДӨХ МАГАДЛАЛ ИХ ГАРДАГ
 
 Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүн Д.Мягмар “Сувилан хүн ажиллах явцдаа сүрьеэ, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвдөх магадлал их гардаг. Ажлын ачаалал ихтэй, ажиллах нөхцөл хүнд зэрэг тулгамдаж байгаа олон асуудал бий, Мөн сувилагчийн ажлын үндсэн цалин нь 350-520 мянган төгрөг байна. 
Тиймээс сувилагч нарын ажиллах нөхцөлийг бодолцож, цалинг нэмэгдүүлэх нь онц шаардлагатай шийдвэр” гэсэн юм. Мөн сувилагч нар тухайн эмнэлэгт сувилахуйн тусламж үйлчилгээгээ үзүүлж чадахгүй, эмчилгээний заалтуудыг хэрэгжүүлэх төдий ажлуудыг хийж байгаа учраас мэргэжлээрээ өсөж дэвжихэд хүндрэлтэй байгаа тухайгаа ярьсан.
Бас нэгэн тоо баримт дурдахад, Монгол Улсад нэг сувилагчид оногдох үйлчлүүлэгчийн тоо их байдаг. Олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилж байхад манай оронд 10-аас дээш өвчтөнд үйлчилж, сувилдаг аж. Тиймээс одоо байгаа орон тоон дээр нэмээд дахиад 9,000 сувилагчийн ажлын байр гаргахыг жагсагчид шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд энэ тооны сувилагч шинээр ажилд орж байж нэг хүний нуруун дахь ачаалал олон улсын дунджид дөхөх юм байна.
Дээр нь сувилагч мэргэжилтний дунд хагалгааны сувилагч зайлшгүй мэргэшсэн байх шаардлагатай байдаг байна. Хэрэв энэ чиглэлээр мэргэшсэн сувилагчийн ажлын орон тоо алдагдвал нөхөхөд их хугацаа шаарддаг гэнэ.
 
ТЭДНИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖ БИЙ
 
Уг нь Монгол Улсад сувилагч, эмч нарын цалинг нэмэх боломж бүрэн бий. Гэтэл төсвийн хуваарилалт тун шударга бус гэдгийг олон баримтаас харж болно. Адаглаад өндөр хөгжсөн орнууд эрүүл мэндийн салбартаа ДНБ-ийхээ 12.5 хувийг зарцуулдаг. Тэгвэл дунд, болон буурай хөгжилтэй орнуудын хувьд энэ үзүүлэлт 4.5-6.8 хувь байдаг бол Монгол Улс 2.9 хувийг л эрүүл мэндэд зарцуулдаг гэдгээрээ хамгийн адагт нь жагсаж байгаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ач холбогдол Африк, Латин Америк, Төв болон Дундад Азийн орнуудынхаас хавьгүй доогуур байх нь ээ. Тийм учраас өнөөдөр монголчууд хүн амд харьцуулсан хорт хавдар, зүрх судасны өвчлөл, сүрьеэгийн тархалтаар дэлхийд дээгүүрт орж байна.
Олон нийтийн дундах өвчлөл, өвчний төрөл зүйлийг дотооддоо эмчилж чадахгүйн улмаас гадаадад эмчлүүлэгсдийн тоо өссөөр байгаа бол нөгөө талдаа хилийн чанад дахь эмчилгээний зардлыг олж чадаагүй зарим нь эмчлэх боломжтой өвчнөөс болж амиа алдаж байгаа. Яг энэ үзүүлэлтийг дагаад эмч, эмнэлгийн ажилтны цалин, хангамж буурай орнуудынхаас хэдэн хувь дутуу байгааг төр засгийнхан ойлгодог болов УУ-
Статистик мэдээнээс харахад, 2017 онд нэгдсэн төсөвт Эрүүл мэндийн сайдын багц дахь эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн нийт урсгал зардлын хэмжээг 573.5 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн бөгөөд энэ нь өмнөх оны тодотголоор батлагдсан түвшинтэй харьцуулахад 5.3 хувиар өссөн дүн гэнэ. Харин үүний 41.5 хувь нь цалин, НДШ-д зарцуулагдсан аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд сайдын багцаас 238 тэрбум төгрөгөөр цалин тавьжээ.
Тэгвэл энэ тун тааруу тоо. Яаж ч бодсон 40 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтанд ийм хэмжээний мөнгө хувааж, бүтэн жилийн турш өгнө гэхээр арай л хэтэрхий бага гэдэг нь илэрхий. Гэтэл манай төрийн зардал хэр их, авлигаас болж учруулсан хохирол ямар хэмжээтэйг өнгөрсөн хугацаанд бид хангалттай дуулж мэдсэн.
Хамгийн наад захын жишээ нь гэхэд, төмөр замын төслөөр нийт 280 сая ам.доллар алга болсон, офшор бүсэд 2.4 тэрбум ам.доллар байгаа гэдэг. 280 сая ам.доллараар жишээлэхэд л, энэ нь 700 орчим тэрбум төгрөг болох бөгөөд нийт эмч, эмнэлгийн ажилтны бараг гурван жилийн цалинтай тэнцэхүйц мөнгө гэсэн үг. Өнөөдөр сувилагч нар жагсаж байгаа нь урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай эсэргүүцэл биш. Тартагтаа тулж, тэвчээрийн хязгаар нь энд хүрээд тэсэрсний л илэрхийлэл. Тэглээ гээд тэд ажил хаясангүй. Учир нь өөрсдийнх нь ажлын цаана хүний амь нас, эрүүл мэнд бий гэдгийг тэд яс махандаа шингэтэл ухамсарласан тул өнөөг хүртэл ийн тэвчсэн хэрэг.
Ингээд харахад сувилагч нарын жагсаалыг улстөржүүлж, нэр хүндийг нь унагааж тоглолгүйгээр цалинг нь нэмэх боломж Монгол Улсад хангалттай бий гэдгийг эдийн засагчид ч хэлж буй юм.
 
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"