sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын хийхээр товлосон уулзалт болохын өмнө АНУ Умард Солонгостой нэмэлт зөвлөлдөх уулзалт хийх хүсэлтэй байгаа тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлжээ.
Хоёр улсын дээд хэмжээний уулзалт болохын өмнө Умард Солонгостой өндөр дээд түвшинд нэмэлт яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагийн сацуу Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа Ким Жөн Унаас баталгаа авах хүсэлтэй байгаа аж. Энэ нь дээд хэмжээний уулзалт хийх нөхцөл болно гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна.
Умард Солонгосын удирдагчтай хийх зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео оролцож магадгүй аж.
Умард Солонгосын удирдагчтай ирэх сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа өмнө нь Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нэг талыг барьсан шаардлагаа үргэлжлүүлсээр байх юм бол АНУ-ын эрх баригчидтай дээд хэмжээний уулзалт хийхийг зөвшөөрөхгүй байж болзошгүй гэж Умард Солонгосын эрх баригчид хожим нь мэдэгдсэн юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг