sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан "Цахим бодлогын түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 76.7 хувийн саналаар батлагдлаа.
Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж мэргэжлийн байгууллага, судлаачид, тогтоолын төсөл санаачлагчид үзсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авахдаа УИХ-ын гишүүн А.Ундраа "Төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангаж, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Цахим бодлогын түр хороо байгуулагдсанаар цахим технологи, цахим эдийн засгийг хөгжүүлэх зэрэг “цахим” гэсэн үг орсон болгоныг "Цахим бодлогын түр хороо" хийгээд байхгүй гэдэгт итгэлтэй байна" гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Цахим бодлогын түр хороо байгуулагдсанаар Монгол Улсыг аж үйлдвэрийн хувьсалд шилжих стратеги түүнийг тойрч хийгдэх ажлуудын талаар яригдана гэсэн үг" хэмээв. 
УИХ-ын гишүүн Н.Учрал "Цахим бодлогын түр хороо УИХ-д орж ирэх хуулиудад дүгнэлт гаргах чухал үүрэг хүлээнэ гэж бодож байна. Тус хуулийг ямар техник технологиор хэрэгжүүлэх вэ гэдэгт төвлөрөх байх" гээд түр хорооны ирцийг хангахад гишүүдийг идэвхтэй ажиллахыг уриалж байв. 
Ингээд гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын бүтцэд Цахим бодлогын түр хороо байгуулагдаж, 26 гишүүнтэй ажиллах боллоо. Түр хорооны удирдлага, бүтцийг ирэх долоо хоногт эцэслэн батлах юм байна. Уг түр хороог байгуулснаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулахад эерэг нөлөөлөл үзүүлнэ хэмээн тооцож байгаа юм.
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг