НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа зарласан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого нь Америкийн холбоотнуудын дунд бухимдал үүсгээд байгаа энэ үед Орос улс дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлж байна гэж “Bloomberg” агентлаг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын талаархи материалдаа дурджээ.
“Д.Трампын засаг захиргаа холбоотнуудынхаа дунд хурцадмал байдал бий болгох тусам В.Путины үүрэг нөлөө өсөн нэмэгдэх болно. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт дуусах үед В.Путин хамгийн хүчирхэг эдийн засагтай 10 улсын тоонд багтах 4 улс болох Япон, Герман, Франц болон Энэтхэгийн удирдагчидтай уулзсан байх болно. Түүнчлэн тэрбээр БНХАУ-ын дэд дарга Ван Цишантай уулзана. Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарч байгаа нь Европын улсуудтай харилцаагаа сайжруулах боломжийг В.Путинд олгож байгааг ОХУ болон Францын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ илтгэж байна” хэмээн тус агентлаг тэмдэглэжээ.
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 24-26 хүртэл үргэлжлэх юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг