sonin.mn
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих олон улсын сургууль болоод бусад хамтарсан сургуулийн талаар тойм мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих олон улсын сургуулийг манай улсад 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 6 дугаар сарын дундуур болох энэ удаагийн сургуульд 30 гаруй орны цэргийн алба хаагч болон НҮБ, Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцох юм. ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн өгч байгаа мэдээллээр энэ жилийн сургууль өмнөх жишгээр команд штаб, ротын сургууль, салаадын хээрийн сургууль, усны сургалтаар үргэлжлэх бөгөөд тусгай хүчний хамтарсан сургуулийг шинээр нэмж оруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ ажиллагааны газар оронд учирч болох бүхий л хүндэрсэн цагийн байдлуудыг зохиомлоор үүсгэж энхийг сахиулагчдын туршлага, сургамжийг нь нэмэгдүүлэх юм байна. Энэ удаагийн сургуульд Катар улсын салаа анх удаагаа оролцоно. 
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2018” тактикийн хээрийн сургуулийн 2 дугаар шатны төлөвлөлтийн хурал ирэх 7 хоногт манай улсад болно. Өнгөрсөн 3 дугаар сард болсон 1 дүгээр шатны төлөвлөлтийн хурлаар сургуулийн сэдэв, хоёр талын удирдлага, бие бүрэлдэхүүний тоо, явагдах газар, үргэлжлэх хугацаа зэргийг харилцан тохиролцсон бол энэ удаа оролцогч талуудын хүч хэрэгсэл, ар тал, хангалтын талаар ярилцаж шийдвэрлэх юм. 11 дэх жилдээ явагдах гэж байгаа “Сэлэнгэ-2018” хамтарсан сургууль ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэрт явагдана. 
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2018” сургалт, дадлага манай улсад 5 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ удаагийн сургалт, дадлага 2 үе шаттайгаар явагдах бөгөөд эхнийх нь өнгөрсөн 4 дүгээр сард болж, сургагч багшийн дамжаа явагдсан бол 2 дугаар шат нь ирэх 7 дугаар сард хатуу хучилттай замын эвдрэлтэй гүүр хоолойг сэргээн засварлах сургалтаар үргэлжлэх юм. Сургагч багшийн дамжаагаар Зэвсэгт хүчний 7 ангийн 40 гаруй офицерыг ажил мэргэжлээс нь шалтгаалан замын болон барилгын инженерийн бүлэгт хуваарилан сургасан юм.
 
 
Дэслэгч Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин