sonin.mn

Монгол Улсын Засгийн газраас 5.0 тэрбум ам.долларын бонд гаргах төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ нь 2013 оны Монгол улсын нийт төсвийн хэмжээнээс ч давсан тоо юм байна. Эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын бонд гаргахыг УИХ зөвшөөрөөд байгаа. Засгийн газрын бонд гэдэг бол энгийнээр хэлбэл Монгол улс уул уурхайн баялаг, ард түмнээ барьцаанд тавьж мөнгө “босгож” байгаа хэрэг.

 

Өөрөөр хэлбэл, хүүтэй мөнгө зээлж өр тавьж байна гэсэн үг. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь 5.0 тэрбум ам. допларын бонд гаргахыг дэмжсэн мэдээллийг хэвлэлүүдээр өгч байна. Харин үүнийг хэн, юунд, хэрхэн зарцуулах вэ, хэсэг бүлэг хүмүүс завшвал хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ талаар зарим эх сурвалжуудаас тодрууллаа.

Монголын ард түмэн барьцаалагдахгүй гэсэн баталгаа хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Эдийн засагчийн хувьд дэмжиж байгаа. Үүнийг гаргахгүй бол монголын уул уурхайн баялгаас жил болгон тэрбум доллар идсээр байгаад 10, 20 жилийн дараа гуйлгачин чигээрээ л байна. Өнөөдөр эрсдэл хүлээж 5.0 тэрбум долларыг аваад жил бүр тэрбум долларын ашигтай ажилладаг ийм үйлдвэрлэл байгуулж чадвал энэ бол алтаар өндөглөдөг нугастай болж байна аа гэсэн үг.


Харин хэн, хэзээ, хэнээр, яаж, ямар аргачлалаар хийх вэ гэдэг бол амин чухал асуудал нь. Товчхондоо энэ их хэмжээний бонд бол бидний хувь заяаг барьцаанд тавьж байгаа хэрэг. Харин үнийг юунд зарцуулж, яаж буцааж мөнгөө олж авах гэж байгаа вэ гэдэг аргачлалуудыг тодорхой болгох ёстой. Энэ зөв санаа. Үүнийг дэмжиж байна эцсийн дүнг гаргахын тулд    мэргэжлийн түвшинд, шинжээчдийн түвшинд судалгаатай, үндэслэлтэйгээр хариулт олж байж эцсийн шийдийг гаргана гэсэн байр суурьтай байгаа.


Миний хувьд бол Дархан-Уул аймагт Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барина гэсэн хөтөлбөрөө боловсруулаад төмөртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжүүдийг цуглуулж Төмрийн ассоциаци байгуулаад Дарханд төмөрлөгийн үйлдвэр барих боломж бололцоог гаргаач ээ, хэдэн төгрөг хэрэг болох вэ гэсэн хөтөлбөрүүдээ гаргаж байна.

 

Үүнийг дараа нь Дархан-Уул аймгийнхаа иргэдээр дэмжүүлнэ. Дараа нь Загсийн газарт өргөн барина. Засгийн газар өөрсдийнхөө хяналт дүн шинжилгээ, дүгнэлтүүдийг гаргаж эзэлсэн шийднэ. Мөн Дарханд нэх олон мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн каластр багцийг бий болгоно гээд явж байна. Энэ бүх аж төр, хувийн хэвшил түншлэл РРР-ийн зарчм хэрэгжүүлэх ёстой.



Хөтөлбөрөө боловсруулаагүй байж бонд гаргах нь эрсдэлтэй


Систем судлаач Д.Банзрагч. Тэрээр банк, санхүүгийн байгууллагад гадаад төлбөр тооцоо, хөрөнгийн удирдлага, зээлийн хэлтсийн захирлаар ажилласан туршлагатай.

-5.0 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтын эх үүсвэрт ашиглах гэж байгаа нь зөв байж болно. Харин ийм мөнгөтэй ажиллаж байсан мэргэжилтнүүд манайд бий юу гэдэг асуудал. Гадаадад бол “Та хэдэн төгрөгний эргэлттэй төсөл дээр ажиллаж байсан туршлагатай вэ” гэж асуудаг. Бонд гэдэг бол зээл. 5.0 сая ам доллар гэдэг бол ойролцоогоор 7.0 триллон төгрөг гэсэн үг.

 

Зээлийн хүү, зээлийг төлөхийг тулд үр ашгийг тооцоогоо бодно. Энэ мөнгө нэг дор бүгд гарахгүй. Тэгвэл тэр мөнгөө яаж эргэлтэнд оруулах юм, хаана хадгалуулах, аль банкинд байршуулах юм гээд асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт тэр мөнгийг удирдлагын менежментээр мэргэшсэн хүмүүс зөв дараалуулж    гаргана. Мэргэжлийн санхүүч, мэргэжлийн эдийн засагч биш хүмүүс үүнийг аваад явахаар тодорхой эрсдэл гарна.

 

За яахав, тэд нар чадлаа гэхэд эргэн төлөгдөх гэж асуудал байна. Үйлдвэр бариад ашигтай байгаад зээлийг төлнө гэхэд зээлээ ямар үйлдвэрт яаж оруулах вэ гэдгийг тодорхойлохын тулд дэлхийн зах зээлийг мэдэх хэрэгтэй болж байна. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж манай одоогийн Засгийн газар бонд гаргаж байна гэдэг нь юу л бол.

 

Наад зах нь долларын худалдан авах чадвар чангарвал яах вэ. Ханшны эрсдэлээ тооцох хэрэгтэй Тэгэхээр ийм их хэмжээний мөнгийг нэг дор олон хөрөнгө оруулалт руу оруулаад зөв зохистой ашиглаж чадахгүй байж авах гэж байгаа нь буруу. Яахав таван жилийн хугацаанд 5.0 тэрбум ам.доллар авна гэж байгаа бол нэг асуудал, өөрөөр хэлбэл, хэрэгцээнийхээ хэрээр авах гээд байна.

 


Нөгөө    талаар, дэлхийн санхүүгийн ямар байгууллагатай харьцах вэ гэдэг асуудал байна. Тэр мөнгийг хятадууд өгөх гээд байгаа юм уу, хөрөнгийн зах зээлээс босгох гээд байгаа юм уу, америкууд өгөх гээд байгаа юм уу гээд асуудал байна. Тэдэнтэй тохирно шүү дээ. Энэ тохиролцоо үнэхээр эдийн засаг, бизнесийн сэдэлтэй тохиролцоо байвал энэ асуудал тийм амархан явахгүй.

 

Засгийн газраас баталгаа гаргуулна. Эргэн төлөгдөхгүй бол яах вэ гээд асуудлаа ярина. Гэрээ хэлэлцээрийн шатанд яваад ирэхээр мөнгө орж ирлээ л бол хүүгээ тооцно. Бонд авагч талд ашиг багатай бол эдийн засгийн гэхээсээ улстөрийн сэдэлтэй мөнгө болж болно. Энэ мөнгийг өгснөөрөө дараа нь үүн дээр барьцаалаад өөр зүйл нэхнэ гэсэн сэдэлтэй байх магадлалтай.

 


Хөтөлбөрөө боловсруулаагүй, жанжин шугамаа гаргаагүй байхад бонд гаргана гэдэг бол эрсдэлтэй. Гэхдээ Засгийн газар ямар ч тохиолдолд судалгаа хийсэн л гэнэ. Гэтэл хөрөнгийн удирдлага хийж үзээгүй “хүүхэд” чинь даргынхаа өгсөн даалгавр дагуу л юм бичээд өгчихнө шүү дээ. Эрсдэл үүсвэл яаж шийдэх вэ гэдэг тооцоог хийгээгүй тохиолдолд энэ бүх ачааг манай ард түм бидний хойч үе үүрнэ.

 


Гадныхны барьцаанд оруулна гэдэг арга байгаа шүү дээ. Оюутолгойго ч их барьцаанд оруулах магадлал байна. Манайд төрийн мониторонг алга. Нөгөө талаас төрийн хянах аппаратын хүн гүйцэтгэлд орж болохгүй. Гүйцэтгэх аппаратын хүн хянах аппаратад орж болохгүй, гэсэн механизм манай төр байхгүй. Ийм тохиолдог их хэмжээний бонд гаргах эрсдэл ихтэй.


Б.Жаргал
Эх сурвалж: “Хөдөлмөр”